Дэлгэцийн урлагийн олон өнгө

Кино

Кино бүтээгчдийн анхаарал Хятадын зүг чиглэж байна

Энэтхэгийн Болливуд жилд үйлдвэрлэж буй киногоороо Холливудыг ардаа орхилоо. Үүнтэй зэрэгцэн Хятад үзэгчдийн тоо АНУ-ын араас хоёрт бичигдэж байна. Ийнхүү 120 гаруй жилийн настай кино ертөнцийн өнгө төрхийг Холливуд дангаараа тодорхойлохоо болиод удаж байна. Энэ удаа Холливудыг түр хойш нь тавиад дэлхийн кино зах зээлд өөрийн гэсэн байр суурийг эзэлж буй зарим орны талаар сонирхуулъя.

БОЛЛИВУД
Амьдралаас тэс хөндлөн, зөвхөн киноноос л харж болох “фантаазны” дүрслэлүүдээр дүүрэн энэтхэг кино тооны хүчээр дэлхийн кино зах зээлийг тэргүүлж байна. Хэдийгээр барууныхан Болливуд киног төдийлэн сонирхдоггүй ч дэлхийн хүн амын 17.5 хувь буюу 1.3 тэрбум энэтхэгчүүд тэдний үнэнч шүтэн бишрэгч. Тиймээс энэтхэг кино борлуулсан тасалбарынхаа тоогоор дэлхийд нэгдүгээрт бичигдэж байгаад гайхах зүйлгүй. Тус улсын кино зах зээлийн 55.4 хувийг дотоодынх нь кино эзэлдэг юм байна. Энэтхэгийн кино урлаг 103 жилийн түүхтэй. Анх Английн колончлолын нөлөөгөөр кино урлаг үүссэн ч дуу хөгжим, өвөрмөц соёлоороо бусдаас онцгойрдог юм. Тус улсын нийслэлийн хуучин нэр Бомбэйгээс улбаалан ийнхүү Болливуд гэж нэрлэх болжээ. Гэхдээ Мумбай хотод төвлөрдөг Болливудад энэтхэг киноны дөнгөж 20 хувийг хийдэг аж.

НОЛЛИВУД
Африк тивийн хамгийн их хүн амтай Нигери улс жилд хамгийн олон кино үйлдвэрлэдэг орнуудын хоёрдугаарт бичигддэг. Тус улс хөгжиж буй орны тоонд ордог. Энэ хэрээр 188 сая хүн ам нь кино урлаг хөгжих хөшүүрэг болдог аж. Нолливудын кино урлагаас “хар” тивийн соёл, зан заншил, үнэт зүйлс “үнэртдэг” учраас тус тивийн бусад оронд ч Нигерийн кино, жүжигчид алдартай байдаг. АНУ жилд дунджаар 819 кино бүтээж байхад тус улс 997 буюу мянга орчмыг үйлдвэрлэдэг байна. Нигери улс 1920-иод онд Английн колони байхад нутгийнханд зориулсан анхны кино гарч байжээ. Англичуудын үлдээсэн энэ өвийг нигеричүүд улам баяжуулж, газрын тос олборлож байсан 1950-1980 онд улам цэцэглүүлсэн байдаг. Энэ үеийг Нолливуудын алтан үе гэж нэрлэдэг аж. Тэд энэ эрчээ алдалгүй явсаар 2000 оны эхээр дэлхийн хамгийн том кино үйлдвэрлэгч орнуудын тоонд багтсан байдаг.

ДАЛЛИВУД
Холливуд болон Бангладешийн нийслэл Дака хотын нэрийг оролцуулан ийнхүү Далливуд хэмээн нэрлэдэг. Бангладешийн уран бүтээлчид энэ зах зээлд хөл тавихдаа л уянгын драмаар танигджээ. Эдгээр киноноос дуу, бүжиггүй л болохоос энэтхэг киноны өнгө аяс мэдрэгддэг. Тус улсын Засгийн газраас зөвхөн кино урлагийг хөгжүүлэх, театруудыг тохижуулахад зориулан жилд нэг сая ам.доллар болон түүнээс илүү мөнгө зарцуулдаг юм байна. 168 сая хүн амтай тус улсад 100 гаруй кино компани байдаг аж.

ЛОЛЛИВУД
Пакистаны Пунжаб мужийн гол хот Лахор 1929-2007 он хүртэл тус улсын кино урлагийн төв байжээ. Тиймээс Лахор хотын нэрийг оролцуулан Лолливуд хэмээдэг аж. Хэдийгээр 2007 оноос хойш Пакистаны урлаг, соёлын төв нь Карачи болсон ч энэ нэр өөрчлөгдөөгүй юм. 1960-1980 онд ид цэцэглэж байсан ч тус улсын кино 2000 оны сүүлээр жилд дөнгөж хоёрхон кино гаргаж, зогсонги байдалд орсон гэж үздэг. Энэ хугацаанд тус улсын үзэгчид Болливудын киног шимтэн үзэх болжээ. Харин сүүлийн хоёр жилд эргэн сэргэж, жилд 20 гаруй кино бүтээж байгаа юм. Энэ нь тус улсын телевизүүд кино урлагт хөл тавьсантай холбоотой аж.

ХЯТАД
Сүүлийн жилүүдэд кино бүтээгчдийн анхаарал Холливудаас аажмаар холдож, Хятадын зүг чиглэж байна. Жилд хийдэг киноныхоо тоогоор гуравдугаарт, тасалбарын борлуулалтын тоогоор хоёрдугаарт жагсана гэдэг маш том үзүүлэлт. Кино шүүмжлэгчид ирэх таван жилд тус улсын кино зах зээл Энэтхэгийн байр суурийг эзэлж, дэлхийн хамгийн том кино үйлдвэрлэгч болно хэмээн таамаглаж буй. Хонконг болон Тайванийн кино урлагийг нийтэд нь Хятадынх гэж үздэг. Хятадын кино урлагийн төв нь өнгөрсөн 100 гаруй жилийн туршид Шанхай хот байсаар ирсэн юм. Өдгөө тус улсын киноны орлогын 55 хувийг дотоодын уран бүтээлүүд эзэлдэг. Дэлхийн хамгийн олон хүн амтай улс учраас ашиг олох боломжтой гэж үзсэн гаднынхан кино компаниудыг нь эзэмшиж эхлээд буй.

ИРАН
Арилжааны зорилготой киноноос татгалздаг Ираны арт хаус төрлийн киногоор дэлхий нийт амьсгалж байна гэхэд буруудахгүй. Шүүмжлэгчид иран киног “тоо биш чанарт анхаарсан” гэж үнэлдэг. Сүүлийн 20 гаруй жил дэлхийн томоохон кино наадмуудыг Ираны тодотголтой бүтээлүүд эзэлж буй нь үүний баталгаа юм. Тус улсын кино театруудад Холливудын адал явдалт кино гарах нь өдрийн од шиг. Дотоодын арилжааны кинонууд зах зээлийг нэлэнхүйд нь эзэлдэг ч телевизээр албан ёсоор гарах нь тун ховор.


МОНГОЛ
Манай улсын хувьд жилд дунджаар 40 кино дэлгэцнээ гарч байна. Кино зах зээлийн 52 хувийг Холливудын адал явдалт кино эзэлж байгаа бол 39 хувь нь дотоодын уран бүтээл байдаг. Харин солонгос кино 4.7 хувийг эзэлдэг юм. Монгол үзэгчдийн дунд хамгийн эрэлттэй нь инээдмийн кино байдаг бөгөөд амжилттай кинонууд дунджаар 100 сая төгрөгийн ашиг олдог гэсэн тооцоо байна. Гэхдээ кино театрууд нийт ашгийн 45-50 хувийг авдаг нь уран бүтээлчдийн ахих боломжид тушаа болдог гэж үздэг билээ.
САНАЛ БОЛГОХ