Санал асуулгыг зургаан чиглэлээр явуулна

Мэдээ

Зөвлөлдөх зөвлөлийн даргаар Д.Ламжав, Н.Жанцанноров нар ажиллана

УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг явуулах тухай шийдвэр гаргасан. Зөвлөлдөх санал асуулгыг энэ сарын 29, 30-ны өдөр хийх юм. Энэхүү зөвлөлдөх санал асуулгыг удирдан зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөл найман хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд даргаар нь Д.Ламжав, Н.Жанцанноров нар ажиллахаар болжээ.

Санал асуулга хоёр үе шаттай. Эхний үе шат өнгөрсөн лхагва гарагт орон даяар эхэлжээ. Ингэхдээ Үндэсний статистикийн хороо 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс санамсаргүй түүврийн аргаар насанд хүрсэн 1570 хүнийг сонгосон байна. Харин хоёрдугаар үе шатанд эдгээр хүнээс 50 хувийг түүврийн аргаар сонгож, энэ сарын 29, 30-нд Төрийн ордонд болох хэлэлцүүлэгт оролцуулахаар болжээ.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зургаан сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг хийх аж. Тодруулбал, Засгийн газрын бүрэлдэхүүнээ тогтоох, гишүүдийг томилох, чөлөөлөх эрхийг Ерөнхий сайдад олгох, Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй хувь нь УИХ-ын гишүүн байж болохоор хязгаарлахын зэрэгцээ Засгийн газрын бүтцийг Үндсэн хуулиар тогтоохоор тусгажээ. Мөн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байх, улируулан сонгохгүйгээр УИХ- ын өргөтгөсөн хуралдаанаас сонгодог болох, хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргах эрхийг нь хасах зэрэг асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөжээ. УИХ-ын өргөтгөсөн бүрэлдэхүүнд аймаг, нийслэл, хотын ИТХ-ын нийт гишүүдийг оролцуулах юм байна. Мөн төрийн эрх барих байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага нь Улсын Бага Хурал гэсэн хоёр танхимтай парламенттай болох асуудлыг нээлттэй хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.


Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Ард нийтийн санал асуулгыг тусгаар тогтносон бүрэн эрхт улс байх асуудлаар 1945 онд явуулж байсан. Ард нийтийн санал асуулгын тухай хууль Үндсэн хуулийн дагуу батлан мөрдөж байгаа ч хэрэгжээгүй байна. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг хоёр сарын өмнө баталсан. Ард нийтийн санал асуулга явуулахаас өмнө Зөвлөлдөх санал асуулгыг явуулах ёстой. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар бол заавал Зөвлөлдөх санал асуулга явуулна гэж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу явуулах” гэж байна гэлээ.

Түүврийн аргаар насанд хүрсэн 1570 хүнийг сонгосон
Харин УИХ-ын гишүүн Г.Занданшатар “Зөвлөлдөх санал асуулгаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа юм биш. Үүнийг маш тодорхой хэлэх ёстой. Зөвлөлдөх санал асуулга бол нийгмийн бүх давхаргуудын төлөөлөлтэй зөвлөлдөж, ард түмний санал бодол, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тал дээр ямар бодолтой байгаа талаар хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж гарган УИХ-д хүргүүлэх чухал шүүлтүүрийн процесс явж байна гэж ойлгож болно. Энэ бол 27 жилийн турш зүгээр нэг шуугиж, улстөрчдийн хүрээнд яригдаж байсан асуудал, ард түмний дунд тархаж, тэдний санал бодлыг авч байна гэсэн үг” гэв.

Зөвлөлдөх зөвлөл тавдугаар сарын 5-ны дотор зөвлөмж гаргаж УИХ-д танилцуулах үүрэг хүлээсэн.
САНАЛ БОЛГОХ