Хувьсгал эхлүүлсэн хар арьстнууд

Спорт

Хар арьст эмэгтэй теннисчдийн ялгуусан амжилт Алтея Гибсоноор эхэлдэг

Афро-америкчуудын түүх тэднийг анх “Хар тив”-ээс Америкт хөл тавьснаар эхэлдэг. Харин өдгөө эдгээр хүмүүс АНУ- ын хүн амын багагүй хувийг бүрдүүлж байна. Үүнд өнгөт арьстнуудын эрх чөлөөний төлөө тэмцэж явсан зоригт эр Мартин Лютер Кингийн нөлөө их байлаа. Тэрбээр 1963 оны наймдугаар сарын 28-нд “Надад мөрөөдөл бий” хэмээх алдарт илтгэлээ тавьж байлаа. Уг илтгэл сая сая хар арьстнуудад дахин амьдрах итгэлийн гэрлийг авчирсан гэлцдэг. Хар арьстанд эрх чөлөөгөө олж авч, бусадтай эрх тэгш амьдрахад тамирчдын гүйцэтгэсэн үүрэг их бий. Үүнтэй холбогдуулан Хойд Америкийн мэргэжлийн спортын түүхэнд мөрөө үлдээсэн хар арьст анхдагч тамирчдын тухай өгүүлье.

ЖЕК ЖОНСОН (МЭРГЭЖЛИЙН БОКС)

Тэрбээр 1878 онд Техас мужид мэндэлжээ. Төрөлхийн том биетэй түүнд зодолдох авьяасыг бурхан харамгүй заяасан юм. Жек мэргэжлийн бокст 114 тулаан хийснээс 80-д нь ялалт байгуулсан бөгөөд 1908 онд хүнд жингийн дэлхийн аваргын төлөө Жо Гансыг ялсан түүхтэй. Ингэж тэрбээр хүнд жинд аваргалсан анхны хар арьст тамирчин болсон юм. Үүнээс хойш долоон жилийн турш аваргын бүсээ хамгаалжээ.

ЧАК КУПЕР, ЭРЛ ЛЛОЙД (САГСАН БӨМБӨГ)

1950 онд NBA-д хар арьст гурван тоглогч орж ирсэн гэдэг. Тэд бол Чак Купер, Эрл Ллойд болон Нэт Клифтон юм. Харин тэднээс онцгой нь Чак Купер байлаа. Тэрбээр драфтын хоёрдугаар бүсийн №12-оор “Бостон Селтикс”-т очиж байлаа. Түүний дараа Эрл Ллойд есдүгээр бүсийн №107-оор тухайн үеийн “Вашингтон Капиталс”-д сонгогдож байв. Харин Нэт Клифтон 27 насандаа анхны тоглолтоо хийж, 1957 онд 34 насандаа Бүх оддын тоглолтод оролцсон. Энэхүү содон амжилтаараа Нэт хамгийн хөгшин од болж байлаа.

УЭЙЛИ О’РИ (ХОККЕЙ)

Мөсөн талбай дээрх хар залуусын эхлэлийг Уэйли тавьсан юм. 1935 онд Канадад төрсөн Уэйли 1957 онд NHL- ийн “Бостон Брюинз” багт хоёр тоглолт хийснээр түүхийн хуудас нээжээ. Гурван жилийн дараа Бостонд буцан ирж, 43 тоглолтоос 14 оноо авч байв. О’Ри NHL-д тоглохоосоо өмнө баруун нүдэндээ гэмтэл авсны улмаас 95 хувийн хараагүй болжээ. Түүний дараа бүр 1974 онд зүүн жигүүрийн тоглогч Майк Мэрсон “Вашингтон Капиталс” багт драфтлагдаж байв.

ЖЕКИ РОБИНСОН, ЛАРРИ ДОБИ (БЕЙСБОЛ)

Анх 1947 оны “Бруклин Дожерс”-ын улирлын нээлтийн тоглолтонд Жеки Робинсон (зураг дээр) гараанд гарсан нь энэ спортод нэрээ дуурсгах харуудын эхлэлийг тавьсан юм. Үүгээр ч зогсохгүй Жеки мэргэжлийн лигт тоглосон анхны афро-американ байлаа. Жекигээс ердөө гуравхан сарын дараа “Кливленд Индианс” Ларри Добиг багтаа элсүүлсэн юм. Ингэж тэрбээр “American League”-ийн анхны өнгөт арьст тоглогчоор тодорчээ.

ЖОН ТЭЙЛОР (ХӨНГӨН АТЛЕТИК)

Анхны олимпийн аварга болсон афро-америк хүн. 1908 оны Лондоны олимпийн 800 метрийн холимог буухиад АНУ- ын баг алтан медаль авахад Жон хувь нэмрээ оруулалцаж байв. Харамсалтай нь тэр жилийнхээ өвөл 26 насандаа таалал төгсчээ. Харин энэхүү түүхэн үйл явдлаас 40 жилийн дараа Лондонд дахин олимп болоход Алис Кочмэн өндрийн харайлтын төрлөөр алтан медаль хүртсэн нь өнгөт арьст эмэгтэйчүүдийн спортын анхны амжилт байлаа.

АЛТЕЯ ГИБСОН, АРТУР ЭШ (ТЕННИС)

Артур теннисний “Их дуулга”- д түрүүлсэн анхны өнгөт арьст тоглогч. Мөн Дэвисийн цомын тэмцээнд Америкийн шигшээ багт орсон анхны хар тоглогч байлаа. Үүгээр түүний амжилт хязгаарлагдахгүй. 1968 онд “US Open”-д түрүүлж, түүхэнд нэрээ мөнхлөв. Үүнээс хоёр жилийн дараа Австралийн нээлттэй тэмцээнд тэргүүлжээ. Харин 1975 онд 32 насандаа Уимблдоны аварга болсон билээ. Мөн тэрбээр эрэгтэйчүүдийн дэлхийн чансааг тэргүүлж байсан юм.

Харин хар арьст эмэгтэй теннисчдийн ялгуусан амжилт Алтея Гибсоноор эхэлдэг. Гибсон улсынхаа нэрийн өмнөөс “Их дуулга”-ын таван түрүү авсан юм. Анх 1956 онд “Ролан Гаррос”-т цом өргөж үзжээ. Дараагийн хоёр жилд “US Open” болон Уимблдонд дараалан тэргүүлсэн түүхтэй.

САНАЛ БОЛГОХ