Сангийн сайд ОУВС-д захидал илгээжээ
Олон Улсын Валютын Сангийн эхний санхүүжилт ирэх зургаадугаар сард орж ирэх талаар Сангийн сайд мэдээллээ. Тус сангийн бүс хариуцсан дэд дарга Коши Матайгаар анхлуулсан ажлын хэсэг Улаанбаатарт хоёрдугаар сарын 1-19-ний өдрүүдэд ажилласны дүнд ажлын хэсгийн түвшинд урьдчилсан байдлаар Монгол Улс гурван жилийн хөтөлбөрт хамрагдахаар тохиролцоод байна. Харин дөрөвдүгээр сарын 28-нд Олон Улсын Валютын Сангийн захирлуудын зөвлөл хуралдаж эцсийн шийдвэрийг гаргах юм. Тиймээс үүнээс өмнө төсвийг баталсан даруйд Сангийн сайд "Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр” хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөлийг биелүүлсэн тухай" захидлыг албан ёсоор илгээжээ. Одоогоор Монгол Улс Олон Улсын Валютын Сангаас шууд 440 сая ам.долларын санхүүжилт авах бол бусад томоохон зээлдэгчид болох Дэлхийн банк, Япон, БНСУ-аас нийт гурван тэрбум ам.долларыг авах юм. Энэ дунд Азийн Хөгжлийн банкнаас 900 сая ам.долларыг урьдчилсан байдлаар авахаар тохиролцоод байгааг Сангийн сайд онцолж байна.
Үүнээс гадна их хэмжээний хөнгөлөлттэй зээл авч ашиглах юм байна. Тухайлбал, БНХАУ болон Энэтхэг улс 2016 онд нэг тэрбум ам.доллар амласан байдаг бол БНТУ 300 сая ам.доллар, БНСУ 500 сая ам.доллар, Польш улс 50 сая ам.доллар, Австри улс 50 сая ам.долларыг амласан тохиролцоо хийж байгаа талаар Сангийн яам мэдээллээ. Эдгээр зээлийн дийлэнх нь эхний хэдэн жил хүүгүй бол Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийн хүрээнд жилийн хүү хоёр хувь хүртэлх байх юм байна. Олон Улсын Валютын Сангийн зүгээс 2017 оноос авч эхлэх санхүүжилтийн тусламжтайгаар улсын гадаад валютын албан нөөц 2019 он гэхэд 3.8 тэрбум ам.доллар хүрэх буюу зургаан сарын импортын хэрэглээг давж өснө гэж үзэж байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй