Хагас жараны золиос буюу цөөнх хувьцаа эзэмшигчид

Хөрөнгийн зах зээл

Ахиу хувьцааг эзэмшигчид цөөнхийг бага гэж үл тоох нь ихсэж байна

Монголд хөгжөөд хагас жараныг элээх гэж буй хөрөнгийн зах зээл одоо ч өлгийтэй хүүхэд хэвээр. Сүүлийн 20 гаруй жил ужиграсан өвчнөө ч эдгээж дөнгөлгүй өнөөг хүрч байна. Ерээд он гарсаар цөөнх, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг олонтаа хөндөгдсөөр ирсэн. Гэвч энэ асуултын тэмдгийг цэгцлэлгүй өдий хүргэсэн нь хувьцааны зах зээлд улаан гэрэл асаасан анхаарлын тэмдэг болчихоод байна.

Монголын хувьцааны зах зээл үнэндээ хэдхэн хуулийн этгээдийн гарт багтдаг. Мэдээж төрийн оролцоо бий. Төр хэмээх том тоглогч одоогоор хөрөнгийн зах зээлийн 35 хувийг атгадаг бол үүнээс илүү буюу 60-аад хувийг 1000 хүн өмчилдөг. Үлдсэн 3-4 хувийг 300 мянган иргэн хуваан эзэмшиж буй. Хувьцааны төвлөрөл хэтийдсэн ийм л эмгэнэлт дүр зураг манайд бий болсон. Нэг хүний гарт нэжгээд хувьцаа төвлөрөхийн хэрээр тухайн эзэмшигчийн нөлөө улам бэхжих нь зах зээлийн хууль. Харин үүнтэй зэрэгцээд цөөнхийн хүч улам суларсаар байна.

Тиймээс ахиу хувьцааг атгагчид цөөнхийг бага гэж басамжлан, үл тоох нь ихсэж байна. Хамгийн халагламаар нь энэ зүй бус хандлагыг төр үлгэрлэн, гааруулж буй нь Монголыг хувьцааны зах зээлд хамгийн халтай улс болгоод буй юм. Ингээд зогсохгүй төрийн албатын дээрэнгүй байдал хэрээс хэтэрч, давилуун зан нь улам гаарлаа. Дийлэнхийг атгагч буюу “том”-чууд ил тодоор бусдын өмчийг булаан авч, хуулийг уландаа гишгэж эхэллээ.

Угтаа Компанийн тухай хууль болон Үнэт цаасны тухай хуульд хувьцаат компанийн цөөнх хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахаар заасан байдаг. Бас шинэчлэл, өөрчлөлтийг ч сүүлийн жилүүдэд хийсэн. Хуулийн дагуу хувьцаа эзэмшигчид компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, санал өгөх, ногдол ашиг хүртэх үндсэн эрхтэй. Гэтэл хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын хувьцааны дийлэнх нь цөөн хэдэн хүнд төвлөрсөн. Хувьцааны төвлөрөл хэт өндөр байгаагаас жижиг хувьцаа эзэмшигчдийн саналын нөлөө буураад байна.

Угтаа олон жилийн турш цөөнхийн эрх ашиг хөндөгдсөн. Тэд ч дуу хоолойг хүргэсээр ирсэн. Гэвч санхүүгийн зах зээлийн судсыг баригч төрийн байгууллагууд цөөнхийн эрх ашгийг хамгаалалгүй, томчуудын толгойг илсэн нь өнөөдөр Монголын бизнесийн салбарт хар толбо үлдээсэн хоёр ч ноцтой хэргийн эхлэлийг тавилаа.

Хувьцааны зах зээл үнэндээ хэдхэн хуулийн этгээдийн гарт багтдаг
Энэ сарын эхээр “Эрдэнэс тавантолгой” компанийн цөөнх хувьцаа эзэмшигчдийн байр суурь олон нийтийн анхаарлыг татав. Энэ компанийн 85 хувийг Засгийн газар, үлдсэнийг нь Монголын ард түмэн, 533 аж ахуйн нэгж эзэмшдэг. Тэгвэл дийлэнхийг нь атгадаг Засгийн газар энэ сарын 28-нд болох хувьцаа эзэмшигчдийн хуралдаанд цөөнх хувьцаа эзэмшигчдийг саналын эрхгүй оролцуулахаа мэдэгджээ. Өөрөөр хэлбэл, тэднийг утсан хүүхэлдэй шиг байхыг шаардсан гэсэн үг.

Тэгвэл цөөнх хувьцаа эзэмшигчдийг үл тоосон энэ хэдэн жилд “Эрдэнэс тавантолгой” компани яаж хад мөргөснийг бид мэднэ. Том толгойлсон төрийн түшээдийн шийдвэрүүд “Эрдэнэс тавантолгой” компанийг элгээр нь хэвтүүлэх дөхсөн. Одоо ч энэ шийдвэрийн балгийг ард түмэн л амсаж яваа.

Өдгөөгөөс зургаа орчим жилийн өмнө Тавантолгойн зүүн Цанхийг барьцаалан, Хятадын “Chalco” компаниас 350 сая ам.доллар зээлж байв. Энэ бол өнөөх л давуу хувьцаа эзэмшигчдийн шийдвэр. Ингэснээр эрдсийн нөөцөөрөө дэлхийд дээгүүрт ордог Тавантолгойн ордын дийлэнхийг эзэмшигч “Эрдэнэс тавантолгой” компани өрөнд хүлэгдсэн, өрөвдөлтэй аж ахуйн нэгж болон хувирсан юм. Тус компанийн бүтэн таван жил дамнасан их өрийг хэдхэн хоногийн өмнө арайхийн төлж дуусгалаа. Гэхдээ цаашид ч “Chalco”-тай холбогдсон асу удлу уд үргэлжилнэ хэмээн албаныхан мэдэгдэж байна.


Энэ мэтчилэн эрх ашгаа хөндүүлж буй нь зөвхөн “Эрдэнэс тавантолгой”- н цөөнх биш. Монголын эдийн засгийн зүтгүүр “Эрдэнэт”-д ч энэ ичгүүргүй явдал бий болсон. Манай улсын Компанийн тухай хуульд зааснаар ТУЗ-ийн гишүүнийг сонгох, бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгох асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэхээр хуульчилсан байдаг. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг эзэмшигч төрийн албатууд хувийн өмчийн 49 хувийг булаан авав. Тэд цөөнх буюу хувийн хэвшилтэй зөвлөлдсөнгүй. Шууд л дээрэм хийж, дээрэнгүй хандлаа. Хамгийн хачирхалтай нь төрийн нэр зүүсэн амьгүй албатууд үүндээ харамсаж байгаа ч янз алга. Тоосон ч шинжгүй, толгой дээгүүр дээрэм хийж явна. Бүр томилгоо, тооцоо хийн, хөрөнгө санхүүд ч хутгалдаад эхэлсэн. УИХ-аас гаргасан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах тухай тогтоол нь Үндсэн хуулийн цэцэд маргаантай байгаа энэ үед эрх баригчид хуулийг уландаа гишгэж, хувийн өмчид халдаад буй. Гэвч шил шилээ дарсан “төрийн” гэх тодотголтой энэ дээрэнгүй үйлдлийг зогсоох хүч үнэндээ Монголд алга.

Угтаа хувьцаа эзэмшигчид гэдэг бол хөрөнгө оруулагчид. Итгэл хүлээлгэн мөнгөө өгсөн хүмүүс. Гэтэл ийм хүмүүстээ, дотоодын хөрөнгө оруулагчдадаа Монголын төр ийм дээрэнгүй, увайгүй хандаж байна. Тэгвэл үүнийг нь харж буй гадаадын хөрөнгө оруулагчид бидэнд итгэх болов уу.
САНАЛ БОЛГОХ