Банкнуудын актив өсөж, 25.17 их наяд төгрөг болов

Мэдээ

Монголбанкнаас гуравдугаар сарын эцсийн байдлаарх банкнуудын нэгдсэн тайлан тэнцлийг гаргасан байна. Банкнуудын нийт актив оны эхнээс 246 тэрбум төгрөгөөр өсөж, 25.17 их наяд төгрөг болжээ. Мөн дотоодын банкнуудын олгосон зээл эхний улирлын турш 300 тэрбум төгрөгөөр буюу 2.4 хувиар өсөөд байна. Олгосон зээлийн 19.7 хувь нь валютын зээл, үлдсэн нь төгрөгийн зээл байгаа аж.

Оны эхний улиралд тэмдэглэлт өдөр, баяруудын нөлөөгөөр хэрэглээний болон худалдааны зээл өссөнийг Төв банк онцолж байгаа юм. Чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь 6.69 хувь болж буурсан байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкнуудын татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээг татан буугдсан банкнуудыг хасаж тооцвол энэ оны гуравдугаар сарын эцсийн байдлаар нийт пассив хөрөнгө болох 21.8 их наяд төгрөгөөс 2.8 их наяд буюу 12.8 хувийг харилцах хөрөнгө бүрдүүлж байгаа аж. Харин 40 хувийг бүрдүүлж байгаа хадгаламжийн дүн 8.75 их наяд төгрөгийг давсан нь өмнө байгаагүй дээд түвшинд хүрсэн байна.

Үүнээс өмнө хадгаламжийн хэмжээ 2016 оны сүүлийн сард 8.5 их наяд төгрөгт хүрсэн нь дээд хэмжээ болж байжээ. Тиймээс хадгаламжийн нийт дүн сарын үзүүлэлтээр 106 тэрбум төгрөг, улирлын дүнгээр 250 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1.2 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Ялангуяа арилжааны банкнууд дахь төгрөгөөр байршуулсан хадгаламж тасралтгүй өсөж, 6.4 их наяд төгрөгт хүрээд байгаа бол валютын хадгаламж сүүлийн есөн сарын доод хэмжээнд буурч, 2.33 их наяд төгрөг болсон байна.

Монгол Улс Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-т хамрагдах болсныг зарласнаар ам.долларын ханш оны эхнээс 80 орчим төгрөгөөр буурч, иргэд ам.долларын хадгаламжаа төгрөгийн хадгаламж руу шилжүүлэх нь ихэсжээ. Тиймээс энэ нь төгрөгийн хадгаламж сүүлийн гурван сард 565.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэх шалтгаан болсон байна.

Үүнээс гадна мягмар гарагт Монголбанкны Ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсэг Олон Улсын Валютын Сангийн хаврын ээлжит уулзалтад оролцохоор АНУ-ыг зориод байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн чуулга уулзалтын үеэр Олон Улсын Валютын Сангийн тэргүүн Кристин Лагард, Дэлхийн банкны Ерөнхийлөгч Жим Ким, Олон Улсын Валютын Сангийн Ази, Номхон далайн газар, Монгол Улсыг хариуцсан захирал Хинам Чой нартай тусгайлан уулзах юм.




САНАЛ БОЛГОХ