2073

Хямралыг давах хувилбар

UB Info

Улс орон маань хямарч, гадны байгууллагаас тусламж хүсэхдээ туллаа. Дотооддоо хямралыг давах янз бүрийн хувилбар ярьж байна. Төрийн түшээд төрөл бүрийн аргаар эдийн засгаа өөд нь татахыг оролдож, заримыг нь нэлээд нухацтай хэлэлцэж эхлээд байгаа аж. Татвар нэмж, тэтгэвэрт гарах насыг уртасгахаас гадна төрд хурааж, хуримтлуулж болох баялгийг судалсан байна.

Саяхан улстөрчдийн нэгэн фракцын уулзалтын үеэр үнэгүй хувьчилсан байр, малыг хурааж мөнгө босгож болох талаар ярилцсан байна. Бусдын хөрөнгийг хурааж авахад гарц байдаг гэдгийг олж харсан эрх баригчид олонхоороо шийдэхэд хэн ч юу ч зогсоож чадахгүй. Ерээд онд орон сууцыг иргэдэд, малыг малчдад нэг ч төгрөг авалгүйгээр шууд хувьчилсан. Өнөөдөр энэ өмчийн эзэмшил төдийлөн хол зөрөөд “явчихаагүй” байгаа тул эргүүлэн төрд авах талаар санал гаргасан аж. Ингэхдээ социализмын үед баригдсан хуучин орон сууцаас хувьдаа авсан иргэдийн бүртгэл явуулж, цэгцлэхэд хүндрэл багатай гэж тооцжээ. Харин малчдын хувьд нүүдлээс гадна хувьчилж авсан малаа зараад хот руу шилжин одсон нь олон байгаа. Ямартай ч анхны бүртгэлээр өгсөн тооны малаа л төрд буцааж авна, өсгөсөн толгойг нь өөрт нь үлдээх хувилбар ярьж байгаа гэсэн. Засгийн газраас шийдвэр гарч, орон даяар явуулсан Өрхийн амьжиргааны судалгаа үүний үндсэн суурь нь болж өгөх юм байна.

Өнгөрсөн долоо хоногт УИХ-аас СӨХ-г төрд авахаар шийдвэрлэсэн. Өргөдлийн байнгын хороонд ирсэн санал гомдлын дийлэнхийг эзэлдэг СӨХ-ны үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчин дутмаг гэж үзжээ. Ингээд гишүүд энэ харилцааг зохицуулах хууль батлахын оронд төрд авах шийдвэрээ гаргасан. СӨХ-оор дамжуулж, хувьчилсан байраа хураах зам засах нь гэж хардах хүмүүс ч байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү чуулганы хуралдаанд үг хэлэхдээ “дарга нарын үнэтэй машиныг хурааж авах” талаар дурдсан. “Нам харгалзахгүй төрд хураана, авна л гэдэг болж дээ” хэмээн иргэд болгоомжилж байгаа ч дээрх яриа төрийн шийдвэр болж гарах магадлал маш өндөр хувьтай байгааг учир мэдэх хүмүүс сануулж байна.

САНАЛ БОЛГОХ