Марин Ле Пен: Исламын хэт даврагсдыг нутгаасаа хөөн гаргана

Мэдээ

Францын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Марин Ле Пен ирэх ням гарагт болох сонгуулийн эхний шатны санал хураалтад сонгогчдыг идэвхтэй оролцохыг уриаллаа. Энэ нь Хэт барууны үзэлт үндэсний фронтын намаас нэр дэвшиж буй түүнд сонгуульд ялалт байгуулахад чухал нөлөөтэй гэдгийг онцолжээ. Марин Ле Пен кампанит ажлынхаа турш цагаачлал болон Европын холбооны эсрэг байр сууриа илэрхийлсээр байгаа юм. Тэрээр "Миний бие Франц улсыг дахин хүчирхэгжүүлэхийн тулд сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа. Тиймээс надад эх оронч үзэлтэй Францчуудын дэмжлэг шаардлагатай. Үүнээс гадна бид аюулгүй байдалд заналхийлэл учруулж байгаа, Исламын хэт даврагсдыг нутгаасаа хөөн гаргаж, тэдний Франц улсын иргэншлийг цуцлах хэрэгтэй" гэжээ. Үүнээс гадна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Эммануэль Макрон Европ тивийг шинэчлэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа юм.

Түүний хувьд сонгуулийн өмнөх хэд, хэдэн урьдчилсан санал хураалтыг нэр дэвшигч Марин Ле Пений хамтаар тэргүүлсэн. Тэрээр Ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд улсынхаа нийгэм, эдийн засагт томоохон шинэчлэл хийнэ гэж мэдэгдсэн юм. Үүнээс гадна сүүлийн үед нэр дэвшигч Жан-Люк Меланшоны рейтинг өсөж байна. Түүний хувьд Европын холбооноос Франц улсыг гаргахыг хүсэхгүй байгаа хэдий ч Европтой хийсэн гэрээ хэлэлцээрүүдийг дахин авч үзэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа юм. Энэ удаагийн Францын Ерөнхийлөгчийн сонгууль сүүлийн жилүүдэд байгаагүй өрсөлдөөн үзүүлж байгаагийн зэрэгцээ зөвхөн тус улсаар хязгаарлагдахгүй гэдэг нь тодорхой болж, бүс нутгийн төдийгүй олон улсад анхаарал татаж байна.



САНАЛ БОЛГОХ