Газрын гүн дэх эр зоригийн аялал

АЯЛЛЫН ХӨТӨЧ

Монголд агуйн аяллыг судалгааны зорилгоор хөгжүүлэх боломжтой

Адал явдалд дуртай, эр зоригоо шалгахыг хүсдэг экстрим аялагчдад хамгийн сайн тохирох жим бол агуйн аялал. Байгалийн өвөрмөц тогтоцтой, төрөл бүрийн эрдэс чулуулгаас бүрдсэн, газар дээр тэр бүр таардаггүй амьтдын төрөл зүйлээр баялаг гээд үзэж харах зүйл их. Зарим агуйд эртний хүмүүсийн ул мөр, өв соёлын дурсгалууд хадгалагддаг бол зарим нь газар доорх үзэсгэлэнт нуураараа жуулчдыг татдаг. Олон салаа бүхий агуйн гүнд зөвхөн өөртөө найдан аялах нь яг л адал явдалт кинонд тоглож буй мэт. Тийм ч учраас агуйн аялал хэдэн зуун жилийн турш жуулчдыг татсаар ирсэн. Дэлхийн хамгийн урт агуй болох АНУ-ын Кентаки муж дахь 652 км урт Арслан зааны агуй гэхэд жилд 500 орчим мянган жуулчны нүд баясгадаг. Уг агуйг 1941 онд цэцэрлэгт хүрээлэнгийн нэг хэсэг болгон тохижуулсан бөгөөд улсынхаа эдийн засагт жилд 40 сая ам.долларын орлого оруулдаг байна.

Арслан зааны агуйг 1770-аад оны үед Америк тивд очсон өрнөдийнхөн шархадсан баавгайн мөрөөр мөшгиж яваад олсон гэдэг. Түүнээс хойш 240 гаруй жил өнгөрсний эцэст 2005 онд гурван километрийн урттай шинэ агуй нээсэн байдаг. Арслан зааны агуйн адилаар жуулчдын хөл тасардаггүй “нүхэн ордон”-ууд олон. Дэлхийн хамгийн гүн агуй нь газрын гадаргаас доош 2.1 км үргэлжилдэг бол усан доорх хамгийн том агуй Чехэд байдаг. Харин манай улсын хувьд 1600 орчим агуй байдаг гэсэн албан бус мэдээлэл байна. Үүнээс 300 орчмыг нь ямар нэгэн байдлаар судалсан байдаг аж. Монголын агуй тооны хувьд олон боловч хэмжээ, эзлэхүүний хувьд жижиг. Одоогоор судалж буй агуйнуудын хамгийн урт нь нэг километр гаруй үргэлжилдэг, Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дахь Цагаан дэлийн агуй.

Харин хамгийн гүн нь 77 метртэй, Хэнтий аймгийн Дадал сумын нутаг дахь Сөөгтийн агуй юм. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Даян дээрхи, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Талын агуй, Дорноговь аймгийн Айраг сумын Цагаан дэлийн агуй гэсэн 200-500 метр урттай цөөхөн том агуй бий. Бусад нь ихэнхдээ 60 метрээс уртгүй байдаг юм байна.


Суурин ахуйтай улс орнуудад ихэнх агуйг орон сууц, ахуйн зориулалтаар ашиглаж, засаж өргөтгөсөн байдаг. Мөн бүтээн байгуулалт, төмөр зам тавих явцад цөөнгүйг нь дэлбэлжээ. Дэлхийн нэг болон хоёрдугаар дайны үед цэргүүд хүнс болон зэвсгийн нөөцөө агуйд хадгалдаг байсан учраас эсрэг тал нь дэлбэлэх тохиолдол олон байжээ. Эдгээрээс болж байгалийн онгон төрхөөрөө үлдсэн агуй тун ховор байдаг аж. Харин монголчууд нүүдлийн мал аж ахуй голлон эрхэлж, агуйг сууц, аж ахуйд тогтмол ашигладаггүй байсан учраас манай агуйнуудын гарал үүсэл, анхны төрх нь хадгалагдан үлдсэн байдаг. Энэ утгаараа геологи, байгаль судлал, палеонтологи, археологийн салбарт маш үнэ цэнэтэйд тооцогддог юм байна.

Монголд 1600 орчим агуй байдгаас 300-г нь судалсан
Монголын агуйгаас эртний хүмүүсийн үлдээсэн сүг зураг, зэвсэг, хэрэглэл олноороо олддог. Мөн судалгаа тун бага хийсэн учраас адал явдал хайгчид, гаднын судлаачдыг татдаг. Гэвч агуйн гаднах орчинд сонирхох зүйл багатай, агуйгаа сурталчилдаггүй учраас жуулчин цөөн ирдэг гэж салбарынхан өгүүлж байна.

Агуйд дөрвөн улирлын алинд ч аялж болно. Зуны улиралд илүү үзэмжтэй харагддаг бол өвлийн улиралд мөсөн хананд нь авирч, эр зоригоо шалгах боломжтой.

ТАЛЫН АГУЙ
(Сүхбаатар аймаг, Дарьганга сум)
Шилийн богд уулнаас хойш 15 километр зайд, тэгш талд оршино. Агуйгаас зүүн урагш хоёр километрийн цаана унтарсан галт уул бий. Агуйн ам далайн түвшнээс дээш 1250 метр өндөрт байдаг, 4.5 метр гүн, 245 метр урттай. Агуйн ам нь чанх баруун тийш харсан бөгөөд дөнгөж хүн багтаж орохоор нарийн амсартай. Талын агуй нь манайд одоогоор мэдэгдээд байгаа галт уулын гаралтай хамгийн урт, том агуй юм. Уг агуй нь зүүн тийш чиглэсэн ганцхан гол хонгилтой. Хонгилын хойд талаас хоёр салаа гарах боловч нэг нь эргэж гол хонгилдоо нийлдэг. Нөгөө ам нь нэг чиглэлд эргэж, 11 метр үргэлжлээд төгсдөг байна.

ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙ
(Ховд аймгийн Манхан сум)
Сумын төвөөс 25 километр зайд, хойд Цэнхэрийн голын баруун хажууд оршдог. Агуйн ам голын хөндийгөөс дээш 100 метр өндөрт, зүүн тийш харж байрладаг. Агуй нь ягаавтар өнгөтэй, гантигжсан шохойн чулуунаас бүрдсэн бөгөөд хонгилын дотор талын хана, таазанд жонш ихтэй. Хойд Цэнхэрийн агуй хоёр салаа хонгилтой. Нэг нь 130, нөгөө нь 90 метр урт үргэлжилнэ. Дунджаар 3-4 метр өргөн, 2-3 метр өндөр ч газар бүр харилцан адилгүй. Амсар хэсэгтээ намхан тул мөлхөж ороод, цааш босоо явах боломжтой.

ГУРВАН ЗЭЭРДИЙН АГУЙ
(Өмнөговь аймгийн Ханбогд сум)
БНХАУ-ын хилээс арав гаруй километрийн наана, Гурван зээрдийн овооны ар бэлд энэ агуй бий. Цайвар саарал өнгийн шохойн чулуугаар бүтсэн уг агуйн амны өргөн 0.9, өндөр нь хоёр метр. Нийт гүн нь 21 метр бөгөөд агуйн амаар ороод 5.8 метр эгц доошоо бууж, эхний хүнхэр бүхий мөргөцөгт хүрдэг. Түүнээсээ доош дахин таван метр эгц доош бууж, их танхимд ордог байна. Тэндээс 40 хэмийн налуугаар уруудаж, зургаан метр яваад агуйн дээврээс тасран унасан том чулуун нурангитай хэсэгт хүрнэ. Агуй нь ёроолдоо уужим, зууван хэлбэртэй болдог.

ЛОВОНЧОМБЫН АГУЙ
(Өмнөговь аймгийн Ханбогд сум)
Ханбогд сумын Агуйт уулын баруун үзүүрийн төгсгөлд бий. Агуйт уул том, жижиг олон агуйтай бөгөөд засаж, янз бүрийн зорилгоор ашиглаж байжээ. Эдгээрээс хамгийн том нь Ловончомбын агуй юм. Агуйн аман дээр томоохон сүм байжээ. Хана, суурийн үлдэгдэл нь одоо ч бий. Агуйн нийт урт 49.9 метр, хонгилын дундаж өргөн 7.6, дундаж өндөр 3.5 метр юм. Уг агуй чулуун нүүрс, пермийн галавын үеийн настай цагаан өнгөтэй гантигжсан шохойн чулуунаас бүрдсэн хэвтээ агуй юм.
САНАЛ БОЛГОХ