Монголбанк ам.долларын нөөцөө бүрдүүлэх хэрэгтэй

Ярилцлага

Валютын нөөцөө нэмэгдүүлж чадвал зээлийн хүү буурах боломжтой

Монголын эдийн засгийн шинжилгээ, судалгааны төвийн гүйцэтгэх захирал Г.Бумчимэгтэй ярилцлаа.

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болж, УИХ-аар төсвийн тодотголыг хэлэлцэж эхлэхтэй зэрэгцээд төгрөгийн ам.доллартай харьцах ханш суларсан. Өнөөгийн нөхцөлд төгрөгийн ханш чангарах бодит нөхцөл бүрдсэн үү?

-Зөвхөн манай улсад ч биш, дэлхийн уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогч орнуудад үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш сүүлийн жилүүдэд суларсан, цаашид ч үргэлжлэн сулрахаар хүлээгдэж байгаа. Гэтэл манай улсын хувьд гадаад өр, төлбөрийн тэнцлээ харсан ч тэр төгрөгийн ханш сулрах ёстой. Гэтэл чангарч байгаа нь богино хугацааны хүлээлттэй голчлон холбоотой. Тэгэхээр ийм нөхцөлд төв банкийг валютын нөөцөө нэмэгдүүлэх ажлаа л маш эрчимтэй хийгээсэй гэж харж байгаа. Үүнээс гадна хүмүүс нэг зүйлд төөрөгдөөд байх шиг байна. Юу гэхээр Засгийн газар нэг газар очоод, мөнгө зээлээч гэхээр өгье гэхээр л дотоодын зах өөрчлөгдөөд байдаг. Мөнгөгүй болчихоод, айлын хаалга тогшоод мөнгө гуйж байгаа шүү дээ. Тэрийг хүмүүс бүтээгдэхүүн хийж экспортлоод мөнгөө олж ирж байгаатай андуураад байна уу гэж бодож байна. Гэхдээ мэдээж төгрөгийн ханш чангарахад нөлөө үзүүлсэн бодит хүчин зүйл ч бий. Тэр нь нүүрсний экспорт. Манай улсын нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 400 гаруй сая ам.доллараар өссөн. Энэ онд зөвхөн нүүрсний экспортын орлого 600-700 орчим сая ам.доллараар нэмэгдэх байх гэсэн хүлээлт бий. Өнгөрсөн оны эхний гурван сард Монгол Улс 99 сая ам.долларын нүүрс экспортолж байсан. Харин энэ он гарснаас хойш 540 орчим сая ам.долларын нүүрс экспортлоод байна.

Гэхдээ нөгөө талаас импорт өсөж байна. Тухайлбал, он гарсаар экспорт өмнөх оны мөн үеэс 36 хувиар өссөн бол импорт 30 хувиар өссөн байгаа юм. Тэгэхээр энэ бол тайвшрах үзүүлэлт биш. Тухайлбал, төсвийн алдагдал энэ жил дотоодын нийт бүтээгдэхүүн / ДНБ/-ий 10 хувьд хүрэхээр байгаа нь гадаад худалдааны алдагдлыг нэмэгдүүлнэ.

-Монголбанк сүүлийн хэдэн долоо хоногт гадаад валютын дуудлага худалдаагаар багагүй хэмжээний ам.доллар худалдан авч байгаа. Энэ нь валютын нөөц нэмэгдүүлэхэд хангалтгүй гэж үү?

-Төгрөгийн ханш чангарч байгаа өнөөгийн нөхцөлийг харахаар энэ хангалттай биш л гэж харж байна. Төв банк өмнө нь дөрвөн тэрбум ам.долларын цэвэр нөөцтэй байсан. Гэтэл өнөөдөр хасах 400 сая ам.доллар болчихсон гэхээр тэр хооронд маш их хэмжээгээр интервенци хийсэн гэсэн үг. Тэгэхээр буцаагаад тэр хэмжээгээр л ам.доллараа авах хэрэгтэй. Дотоодын зах зээл дээрээс ам.долларын нөөцөө бүрдүүлэх нь чухал.

-Ер нь манайх шиг улсад ханш ямар түвшинд байвал илүү зохистой гэж та харж байна вэ?

-Яг тэд байх ёстой гэж хэлэхэд хэцүү. Хандлагаа л харж байх ёстой. Манайх шиг улсын хувьд валютын ханшийг шууд чөлөөтэй орхиж болохгүй. Бас тогтмол ханштай байх боломжгүй. Тэгэхээр аль алиныг нь хараад, эрсдэлээ бууруулж явах нь зүйтэй. Хоёрдугаарт, Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар боллоо. Дагаад валют орж ирэх нь тодорхой болж байна. Үүнийг юунд зарцуулах вэ гэдэг нь маш тодорхой байх хэрэгтэй. Энэ нь валютын ханшид хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг маш сайн судлах шаардлагатай. Жишээлбэл, нэг тэрбум ам.доллар зээлээд, нэг үйлдвэр барих гээд яваад байж болохгүй.


Нэг барилга барихад 100 төгрөгийн 44 нь импорт руу гардаг. Хэдийгээр нэг тэрбум ам.доллар орж ирэх хэдий ч үүний 560 сая нь л дотооддоо үлдэх магадлалтай. Тэгэхээр үүнийг маш сайн тооцоолох ёстой. ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаад ам.доллар орж ирсэн ч гэсэн түүгээрээ төсөл санхүүжүүлж байна гээд бүгдийг нь гадагш гаргачихаж болохгүй. Яг л өнгөрсөн 3-4 жилийн алдаа шүү дээ. Энэ алдааг давтаж болохгүй. Энэ тал дээр Монголбанк, Сангийн яам, Засгийн газар маш нухацтай ажиллах байх. Ялангуяа Монголбанк маш хариуцлагатайгаар валютын нөөцөө нэмэгдүүлж авах нь чухал.

» Манай улсын нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 400 гаруй сая ам.доллараар өссөн.
» Төгрөгийн ханш чангарч байгаа өнөөгийн нөхцөлийг харахаар энэ хангалттай биш л гэж харж байгаа.
» Боломж л олдвол ам.доллар худалдаж ав. Мэдээж зах дээр маш олон эерэг мэдээлэл гарч байгаа үед төгрөгийн ханш чангарах л байх.
-Валютын нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна гэхээр яг юу хийх ёстой вэ?

-Боломж л олдвол ам.доллар худалдаж ав. Мэдээж зах дээр маш олон эерэг мэдээлэл гарч байгаа үед төгрөгийн ханш чангарах л байх. Гэхдээ үүний хажуугаар төв банк валютын нөөцөө сайн нэмэгдүүлэх хэрэгтэй.

-Эдийн засгийн суурь нөхцөл бүрдээгүй байгаа үед төгрөгийн ханш огцом чангарах нь эргээд ханш огцом сулрах нөхцөл болох тал бий. Үүний нэг жишээ 2009 оны хямрал. Ханш 1700 хүрч байгаад 1100 хүртлээ чангарсан. Гэвч эргээд л өсчихсөн. Энэ алдааг давтаж болохгүй гэсэн үг үү?

-Хамгийн сүүлийн жишээ нь 2016 оны сонгууль байна. Сонгуулиас өмнө ханш чангарч байсан. Эргээд сонгуулийн дараа төгрөгийн ханш маш эрчимтэй суларсан. Хүмүүс сайн мэдээнд хууртаад, үүнтэй холбоотойгоор ам.долларын ханш суларсан. Гэтэл бодит байдал дээр тийм биш юм гэдгийг мэдэх өдөр ханш харвана. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бас л их олон сайн мэдээ явах байх. Тэр бүхэн ханш дээр эерэг дохио өгнө. Гэтэл эргээд үсрэх магадлал тэр хэрээр хадгалагдаж л байдаг. Зөвхөн манай улсад ч биш. Бусад улсад ч бас сонгуультай холбоотойгоор ханшийн хүлээлт бодит нөхцөлөөс эсрэг чиглэлд байх нь бий. Өнөөгийн нөхцөлд төгрөгийн ханш огцом чангараад байна. Энэ хүлээлт өөрчлөгдөхөөс өмнө төв банк аль болох ахиу ам.доллар худалдаж авах хэрэгтэй. ОУВС, Сангийн яам, Монголбанкны хамтарсан мэдэгдлээр ирэх гурван жил валютын нөөцийг 2.5 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэхээр тооцоолсон байсан. Ингэж нэмэгдүүлж чадвал Монгол Улсын эрсдэл буурна. Улмаар үүнийг дагаад зээлийн хүү буурах боломжтой болох юм.

-Төгрөгийн ханш ерөнхийдөө сул байх нь зөв гэж та хэлж байх шиг байна. Хүмүүс харин яг эсрэгээрээ төгрөгийн ханш аль болох чанга байгаасай, ам.долларын ханш буураасай л гэж хүсдэг шүү дээ?

-Ханш сарын дотор 20 хувиар сулрах, жилийн дотор таван хувиар сулрах хоёр ялгаатай. Үүнийг бас ялгаж салгах ойлгох хэрэгтэй. Мэдээж ханш сулрах нь экспортод эерэг нөлөөтэй. Тухайлбал, ханш суларснаар ноолуурын үнэ төгрөгөөр өндөр болж байна. Зөвхөн ноолуурын үнэ 50 хувь өсөхөд төгрөгийн ханш суларсан нь 20 хувийг бүрдүүлсэн. Мөн импортыг орлох үйлдвэрлэлүүдэд эерэг нөлөөтэй. Нөгөө талаас манай улсад хөрөнгө оруулалт хийх, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж оруулж ирэх шаардлага бий. Тэгэхээр ханш суларч байгаа нь гаднаас татаж байгаа аливаа хөрөнгө оруулалтын өртгийг нэмэгдүүлэх сөрөг талтай. Ер нь бол ханш эдийн засгийн суурь нөхцөл, гадаад эрсдэлтэй нийцтэй байх ёстой.
САНАЛ БОЛГОХ