Нөхөрлөлийн дуу хоолой

Сурвалжилга

Нөхөрлөлүүдийн эрх зүй, санхүү, менежментийн чадавхыг сайжруулахад төрийн дэмжлэг хэрэгтэй

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад даян дэлхийн ард түмнийг манлайлж, туршлага нь сургамж болох монгол нөхөрлөлүүд шийдвэр гаргагчдад дуу хоолойгоо хүргэлээ. Бас Сүхбаатарын талбайд үзэсгэлэн зохион байгуулж, байгаль хамгаалах ухаанаа түмэн олонд дэлгэв. Байгалийн баялаг бол бурхнаас харамгүй заяасан хишиг гэх харалган бодлыг няцааж, байгаль дэлхийгээ цөлмөдөг түүхийн хар бараан үеэс Монгол Улс харьцангуй ангид явахад хувь нэмрээ оруулж буй нөхөрлөлүүдийн дуу хоолойг манай сонин сурвалжлан хүргэж байна.

Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 41300 хүн ой, булаг шанд, бэлчээр, ургамал, амьтны аймгийг хамгаалах, нөхөн сэргээх байгалийн унаган төрхийг хадгалах үүрэг хүлээн, нөхөрлөлийн үйл ажиллагаанд нэгдээд байна. Нөхөрлөл бол ийн байгалиа хамгаалахын зэрэгцээ баялагийг нь давуу эрхтэй ашиглах эрх эдлэх учиртай байгууллага юм. Гэвч хууль эрх зүйн таатай бус орчин, нөхөрлөлүүдийн өөрсдийнх нь менежмент болоод санхүүгийн чадавх сул байгаагаас байгалийн баялагаа зохистой ашиглан орлого олж, хөгжих боломж хомс байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ивээл дор БОАЖЯ-ны санаачилгаар зохион байгуулсан Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн II чуулганы арга хэмжээ ч уг асуудалд онцгойлон анхаарав.

“Хамтын менежмент”-ийн нөхөрлөлийн тулгамдсан асуудал судалгаагаар санал асуулгад оролцогчдын 45 хувь санхүүгийн дэмжлэг, 22 хувь нь сургалт хөтөлбөр үгүйлэгдэж буйгаа илэрхийлсэн байна. БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваагийн дэлгэсэн тоо баримтаар 2013-2016 оны дунджаар байгалийн нөөц ашигласны төлбөрт 63 тэрбум төгрөг төвлөрсөн байна. Харин үүнээс байгалийг нөхөн сэргээх арга хэмжээнд хуулийн дагуу гуравны нэг орчмыг нь зарцуулах ёстой. Гэтэл бодит байдал дээр хуулийн хэрэгжилт 30 хувь ч хүрэхгүй байгаа аж.

Мөн манай сонины тэргүүн орлогч эрхлэгч, Балдорж шагналт байгаль орчны сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэнгийн продюссер, редактороор нь ажилласан “Нөхөрлөлийн дуу хоолой” хэмээх баримтат кинонд ч “Нөхөрлөлүүд ойг хамгаалж, халамжилсныхаа хэрээр урам авдаг, амьдрал ахуйгаа дээшлүүлдэг тогтолцоо үгүйлэгдэж байна. ...Хэдийгээр нөхөрлөлүүдэд нөөц баялгийг давуу эрхтэйгээр ашиглах эрх олгож байгаа ч амьдрал дээр энэ нь бичиг төдий. Тэд унасан, өмхөрсөн мод, мөчир ашиглахаас хэтрэхгүй байна. Тэрчлэн нөхөрлөлийн эзэмшлийн талбайд аж ахуйн нэгжүүд зөвшөөрөл, зөвшилцөлгүйгээр ашиглалт хийдэг асуудлыг хэрхэн зохицуулах нь тодорхойгүй. Хамгийн чухал нь, үүнээс болж нөхөрлөл, аж ахуйн нэгж хооронд үл ойлголцол, зөрчил үүссэнээс эцэстээ ойн санд хохирол учрах, бидний хүссэн үр дүн нуран унах аюул байгааг анхаарах хэрэгтэй" хэмээв.

Улсын хэмжээнд байгаль хамгаалах 1692 нөхөрлөл бүртгэлтэй байгаагийн 1218 нь ойн санг арчилж хамгаалах, ашиглах үүрэг хүлээдэг. Гэвч ойн баялагийг ашиглах боломж бололцоо харилцан адилгүй байна. Архангай аймгийн Булган сумын “Могоохон” нөхөрлөлийн ахлагч Н.Даваахүүгийн хэлж буйгаар сум нь нүүрсгүй учраас түлшний гол эх үүсвэр нь ой мод. Тиймээс хэн хүнгүй л ой модруугаа дайрч буй аж. Тэрбээр “Энэ чигээрээ бол манайд ой мод бараг үлдэхгүй шинжтэй. Тиймээс юун орлого олох боломж байх вэ. Харин бид ойгоо орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар хөөцөлдөж байна. Тусгай хамгаалалтад орчихвол өөрсдөө гэрээгээр ойгоо арчилж хамгаалах боломж нээгдэнэ гэж бодож байна” гэв. Харин Баянхонгор аймгийн Нөхөрлөлүүдийн нэгдсэн холбооны тэргүүн Г.Батнасан нөхөрлөлүүдийн эзэмшлийн газар нутагт гаднын хүмүүс халдах явдал түгээмэл байдгийг илэрхийллээ. “Сонгинотой ууланд хэн дуртай нь очиж сонгино түүж байна. Уг нь нөхөрлөлүүдийн мэдлийн газрын солиболцлыг тодорхой тогтоогоод өгчихвөл өөрсдөө хамгаалах, хуулийн дагуу зохих хэмжээний сонгино түүгээд борлуулж, амьдрал ахуйдаа нэмэрлэх боломжтой. Гэтэл гаднын хүмүүс ирээд түүсэн сонгиныхоо үрийг буцаагаад ухсан нүхэндээ хийчих сэтгэлгүй шүү дээ. Харин нутгийн иргэд бол сонгиноо хэдийд, яаж авахаа мэддэг. Эргээд үрийг нь ч гэсэн нүхэнд нь хийгээд булчихдаг юм” хэмээн Г.Батнасан ярилаа.

Олон улсын төлөөлөл байгаль хамгаалах төсвийн зардлыг нэмэгдүүлэхийг зөвлөв
Үүнээс гадна байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн статус өнөөг хүртэл тодорхой бус байгаагийн улмаас уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшдэг компаниудтай үл ойлголцох явдал гарч байгааг хэлсэн юм. Дорнод аймгийн “Нутгийн иргэдийн байгаль хамгаалах холбоо”-ны төлөөлөгч Г.Бат- Эрдэнэ “Манайд ихэнх нь бэлчээр хамгаалах чиглэлийн нөхөрлөлүүд бий. Гэхдээ уул уурхайн тусгай зөвшөөрөлтэй газар нутгийг хамгаалах асуудал хаягдаад байна. Түймрийн аюул ихтэй тул нөхөрлөл, тусгай зөвшөөрөл эзэмшигч, нутгийн захиргааны уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй” хэмээв. Тал хээр нутгийн нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд саад болж буй уг үзэгдэлтэй ойн нөхөрлөлүүд ч нүүр тулсан. Тухайлбал, нөхөрлөлийн эзэмшлийн газрын тодорхой хэсэг нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч буй тохиолдолд ойд цэвэрлэгээ хийх эрх нөхөрлөлүүдэд байхгүй. Тиймээс уг асуудалд гарц шийдэл яаралтай олох нь салбарын бодлого тодорхойлогчдын нэн тэргүүнд хийх ажил болж буй юм. Үнэндээ цэвэрлэгээ хийгээгүй ойд хүнд хэрэг болох нь бий хэл байгальдаа халтай мод олон бий. Энэ нь эргээд тухайн ой хортон шавж, түймэрт нэрвэгдэх хамгийн өндөр эрсдэлтэй.

Энэ нөхцөлд тусгай хамгаалалттай, дархан цаазтай ойн хамгаалалтад нөхөрлөлийг цалинжуулан урамшуулах байдлаар татан оролцуулах, Засгийн газар ойн санг эзэмшдэг нөхөрлөлүүдтэй үр дүнгийн гэрээ байгуулан ойн га тутмаар урамшуулах гээд олон хувилбар байж болох аж. Нөхөрлөлүүдэд малчид, тариаланчдаас өөрцгүйгээр эдийн засгийн тодорхой хэмжээний урамшуулал олгох нь эргээд Монгол төрийн уурга жинхэнэ утгаараа уртасч, хамгаалалттай бүсийн нүд, чих бодитоор ажиллана гэдгийг ч мэргэжилтнүүд санал болгож буй.

Хэдийгээр нөхөрлөлүүдэд бодит дэмжлэг илт дутагдаж буй боловч тэдний 17 жилийн түүхийг чамлахааргүй. Төв аймгийн Жаргалант сумын Засаг дарга Т.Цолмонгэрэл “Улаанбаатар хоттой ойр, нарс голлосон ойтой тул хулгайн мод бэлтгэл, түймрийн аюул өндөр. Гэхдээ 2004 оноос эдгээр аюулын эрсдэл эрс багассан” хэмээв. Мөн тус сумын нарсны хоёр настай 18 мянган суулгац суулгасан нь 60-70 хувийн ургалттай, буга, бор гөрөөс нь эргэн ирсэн байна. Онцлох учиртай өөр нэг амжилт бол Ховд аймгийн “Салхит халзан” агнуурын бүс дэх аргалийн тоо 2013 оноос хойш гурав дахин нэмэгджээ. Мөн Онон голын сав газар дахь хууль бус загас агнуурын зөрчил мэдэгдэхүйц буурсан аж. Энэ мэт нөхөрлөлүүдийн үйл ажиллагаа санаснаас илүү үр дүн үзүүлж буй. Түймэр, хулгайн ан, мод бэлтгэл гээд хууль бус үйлдэл түүхэнд байгаагүй хувиар багаслаа. Хууль бус мод бэлтгэл гэхэд сүүлийн таван жилд бараг 70 хувиар буурсан мэдээ бий. Мөн 2016 онд улсын хэмжээнд гарсан түймрийн тоог 2015 онтой харьцуулахад 2.5 дахин, экологи, иргэд, аж ахуйн нэгжийн өмчид учирсан хохирол, зардал 5.8 дахин буурчээ.
САНАЛ БОЛГОХ