Улс төр, эдийн засгийн туршлагатай хүнийг Ерөнхийлөгчид дэвшүүлэх хэрэгтэй

Ярилцлага

Монгол орон улс төр, эдийн засгийн мухардалд ороод байна

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй ярилцлаа.

-Ардчилал гарснаас хойш 27 жил өнгөрчээ. Та ардчилсан хувьсгалын дараа Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувьд одоо эргээд харж байхад засаглалын тогтолцооны хувьд ямар алдаа, оноо байна вэ?

-1990 оны ардчилсан хувьсгалаас хойш 27 жил өнгөрлөө. Ямар ч улс орон түүхийнхээ хугацааг эргээд харахад энэ бол хангалттай хугацаа. 1990 онд хөгжил дэвшилд манлайлах чадваргүй болсон социалист нийгмээс чөлөөт иргэний нийгмээр замная гэсэн сонголт бид хийсэн. Энэ үед улс төрийн шинэ хүчнүүд төрж, эх орныхоо ирээдүйг дэлхий нийтийн замналаар явуулах чадвартай улс төрийн зүтгэлтнүүд ч төрж гарсан. Өнгөрсөн 27 жилийн зам мөрийг ажиглахад хоёр үе шат харагдаж байна. Эхнийх нь, 1990 онд социалист системээс чөлөөт нийгмийн тогтолцоо руу шилжих үндэс суурь, алхмуудыг хийсэн. Ингэснээр өмч хувьчилж, чөлөөт зах зээлийн харилцааг үүсгэсэн гээд олон ололт бий. Үндсэндээ манай улс 2005-2006 оны үе гэхэд ардчилсан хувьсгалынхаа анхны зорилтуудыг шийдэж чадсан. Хүмүүс нь эрх чөлөөтэй, ямар нэг шашин шүтэх, эс шүтэх эрх нь нээлттэй, хувийн өмчтэй болж, аль ч дэлгүүрт барааны хомсдолгүй, эдийн засаг нь хувийн хэвшилд шилжиж, гадаад худалдаа тэнцвэржиж, төсөв алдагдалгүй болсон. Энэ бол ардчилсан хувьсгал анхныхаа тавьсан зорилтод хүрсэн явдал юм. Дараа нь, цаашдын зам мөрийг олох, шинэ зорилтууд тавьсан ч 2006 онд тухайн үеийн МАХН одоогийн МАН бид засаг төрийг авна гээд Засгийн газрыг булааж авсан. Тэд тухайн үеийн Монголын толгой баячуудаас бүрдсэн Засгийн газар байгуулж байсан юм. Үүнээс хойш улс орон маань олигархи засаглалтай капиталист хөгжлийн зам руу орсон.
Монголчууд сонголтондоо хариуцлагатай хандахыг цаг үе шаардаж байна
-2005 оноос хойш олигархи засаглал 10 гаруй жил явж байна гэсэн үг үү. Үүнийг засах ямар боломж байгаа вэ. Гуравхан сая хүнийг ядуу амьдруулахгүй байх боломж уг нь баймаар л юм?

-Одоогийн байдлыг харахад улс орон маань хэдийгээр 1990 оны хувьсгалын үзэл санаа чиг баримжаан дээр олсон ололт олон ч ерөнхий дүр зураг нь түвэгтэй болсон. Монгол орон улс төр, эдийн засгийн мухардалд ороод байна. Эдийн засаг нь нүсэр бүтэцтэй, гаднын нэг орноос бүрэн хараат, эдийн засгийн тусгаар тогтнолоо алдсан, өр зээлэнд баригдсан байдалтай байна. Нэг ёсондоо өрийн дарамтыг дааж чадахааргүй байдалтай байгаа. Улс төрийн хувьд Үндсэн хуульд заасан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийн замаар замнаж буй улс төрийн хүчин одоо алга. Хэдийгээр улс төрийн сонгууль явагддаг ч төр засаг наймааны хэрэгсэл болж, төрийн суудлыг улс төрийн хүчнүүд нь худалдаж оршин тогтнодог нийгмийг ардчилсан гэж хэлэхэд хэцүү болжээ. Үүнийхээ горыг бид одоо амсаж байна. Сүүлийн жилүүдэд болсон сонгуулийг харахад бүгд хуурамч амлалт дээр явж ирлээ. Бид жилийн өмнө УИХ-ын сонгууль явууллаа. Төрийн эрх мэдэл авсан МАН-ынхан Монголын эдийн засгийг чадваржуулна, мэргэжлийн Засгийн газар байгуулна гэснээсээ буцсан. Ард түмэндээ дарамтгүйгээр өр зээлийн асуудал шийднэ гэсэн юу болов. Эдийн засгийн жилийн долоон хувийн өсөлтийг бий болгож, татвар нэмэхгүй гэсэн эсрэгээрээ явж байна. Энэ нь улс төрийн намууд тамирдаж байгаагийн шинж.

-Нэг ёсондоо улс төрийн намууд тамирдсан үед бид дараагийн Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн ач холбогдлын тухайд та юу хэлэх вэ?

-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүмүүсийн хувьд асар өндөр шаардлага бий болоод байна. Үүнийг бид соргогоор харах хэрэгтэй. Ардчилсан хувьсгал зөв байсан. Гагцхүү Үндсэн хуульд хийсэн томъёоллоо буруу хийснээс болж өнөөгийн төрийн хямрал бий болоод байна. Монголчууд сонголтондоо хариуцлагатай хандахыг цаг үе шаардаж байна. Монголын эдийн засаг арчаагүй дорой эдийн засаг биш. Маш авсаархан мөртлөө жилийн 30-аад хувийн хуримтлалтай, 6-7 хувийн өсөлттэй эдийн засаг. Энэ эдийн засгийг баллаж байгаа төрийн бодлогыг өөрчлөх ёстой. Шинээр сонгогдох Ерөнхийлөгчийн нэн түрүүнд хийх ажил нь төрөө төвхнүүлэх, дараа нь эдийн засаг, нийгмийнхээ амьдралыг шийдэх хэрэгтэй байна. Төр засгаа наймааны хэрэгсэл болгосон улс төрийн тогтолцоог бид өөрчлөх ёстой. Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж ярьж байгаа ч эрх баригчид Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмж, төрийн эрх мэдэл бүх ард түмний гарт байна гэх зарчмаасаа аажмаар ухрах хандлага барьж байна. Эрх баригчид олон төрлийн татвар нэмлээ. Эдийн засаг хүнд байхад татвар нэмж байгаа бол төр төсвийнхөө зардлыг хэмнэх ёстой байсан. Гэтэл төсвийн зардлаа 400 гаруй тэрбум төгрөгөөр нэмчихлээ.

-МАН-аас нэр дэвших хүн тодорхой юм байна гэж таны ярианаас ойлголоо. Тэгэхээр Ардчилсан нам Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ яаж тодруулах ёстой юм бол?

-Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхэд Ардчилсан нам боловсон хүчний нөөц ихтэй. Горилж байгаа хүмүүсийн дотор өмнө нь Ерөнхий сайд байсан нэртэй эдийн засагч, улстөрч Р.Амаржаргалын нэр дуулдаж байна. Намайг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Шадар сайдаар ажиллаж байсан Д.Дорлигжав, Х.Баттулга, Э.Бат-Үүл нар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна лээ. Гэхдээ энэ хүмүүсийн хажуугаар гадныхны гар хөл болж явдаг, улс үндэстнийхээ эрх ашгийн эсрэг ажилладаг ах, дүү нарын маань ч нэр сонсогдож байна. Хэнийг нэр дэвшүүлэхийг нам нь шийднэ. Ерөнхийд нь том зургаар нь харвал шинээр сонгогдох Ерөнхийлөгч Монгол Улсын түүхийн өмнө маш том хариуцлага хүлээсэн хүн болно. Одоогийн Монголын улс төр, эдийн засгийн тавцан дээр зөвхөн улс төрийн хоёр нам өрсөлдөж байгаа юм биш. Гаднын компани, гар хөлүүд, их гүрний сонирхол байхыг ч үгүйсгэхгүй. Ийм нөхцөлд Ерөнхийлөгчийн сонгуульд маш сайн бэлтгэсэн хүнээ гаргаж ирэх, дэмжих хэрэгтэй. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд маш хариуцлагатай хандах хэрэгтэй. Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөсэй гэж олон түмэн хүсэж, хүлээж байгаа хүмүүс мэр сэр байна. Миний хувьд Ерөнхий сайд, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Р.Амаржаргал дэвших ёстой гэж харж байгаа. Улс төр, эдийн засгийн хувьд маш туршлагатай, тулхтай хүн. 1990 оноос хойш хамтарч ажиллаж ирсэн учраас би түүнийг сайн мэднэ. Ер нь нуруутай улстөрч учраас би түүнийг дэмжиж байгаа. Ард иргэдийн дунд явуулсан санал асуулгаар ч түүний рейтинг өндөр байсан. Ер нь нэр цэвэр, тулхтай, туршлагатай хүнээр төрөө удирдуулж, эдийн засаг, улс төрийн тогтолцоогоо зөв голдиролд нь оруулж авах нь энэ цаг үед хамгийн чухал болчихоод байна.

МАН-ынхан мэргэжлийн Засгийн газар байгуулах амлалтаасаа буцсан

-Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөхдөө ард түмэн мэргэн сонголт хийж, олигархи засаглалыг хазаарлах гүүр болж ажиллах улс төр, эдийн засгийн туршлагатай хүнийг сонгох хэрэгтэй гэсэн санаа та хэлээд байна аа даа?

-Олигархи засаглал бол нийгмийн зохион байгуулалтын асуудал. Ерөнхийлөгч болох хүн төрийн эрх, ард түмний гарт байна, би ард түмнийхээ үйлчлэгч нь юм шүү гэдгийг ойлгосон хүн байх ёстой. Түүнээс төрийн толгойд гарангуутаа дураар аашилна гэх ойлголттой хүн байж болохгүй. Монголд авлига, хээл хахууль замбараагаа алдлаа. Ийм нөхцөлд шулуун шударга, Монгол Улсынхаа төлөө гэсэн сэтгэл, зүтгэлтэй хүн Ерөнхийлөгч болох ёстой. Ер нь Монголын үе үеийн Засгийн газрыг аваад үзэхэд өөр өөрсдийнхөө асуудлыг шийдэж ирсэн байдаг. Гэхдээ сүүлийн үед төр засаг маань жинхэнэ улс нийгмийнхээ төлөө гэхээсээ илүү эрх баригчдын өөрсдийнх нь эрх ашигт нийцсэн шийдвэр гаргаад байна. Үүнийг өөрчлөх хүн хэрэгтэй байна.
САНАЛ БОЛГОХ