Тансаглалаа зогсоож, ажилчдын цалинг нэмэхийг шаардав

Нийтлэлчийн булан

Ажилчдын цалинг 10 хувь нэмэхийг шаардсан маргаан тухайн үед ТУЗ-ийг гацааж байжээ

“Эрдэнэт” хяналтгүй болж байна. Төрөөр бамбай хийсэн амьгүй албатууд түмний өмчийг хайр найргүй цацаж, хяналтгүй цөлмөж эхэллээ. Зоосны төлөө “Эрдэнэт”-ийг зольж буй тэдэнд үйлдвэрийн ирээдүй, ажилчдын эрх ашиг падлийгүй мэт. Тиймээс ажилчдын эрхийг уландаа гишгэж, хувийн хэвшлийн шаардлагад хаалттай хаалгаар хариу барив.

“Монголын зэс” корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин “Эрдэнэт”- ийн ирээдүй, ажилчдын эрх ашгийг хамгаалсан гурван зүйл бүхий шаардлага хүргүүлэхээр даваа гарагт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт (ТӨБЗГ) ханджээ. Тэрбээр шинэ удирдлагын хэрээс хэтэрсэн тансаглал, дарга дагасан халаа, сэлгээг зогсоож, ажилчдын цалинг багаар бодоход 10 хувь нэмэхийг шаардсан байна.

Гэтэл ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор өрөөгөө дотроосоо түгжих нь холгүй, өөрийгөө нуужээ. Ингээд зогсохгүй “босго бүү давуул” гэж хамгаалагчдаа захиад, хувийн хэвшлийн төлөөллийг хавьтуулаагүй байна. Бас хамт очсон хэвлэлийнхнийг ч халгаагаагүй аж. Шахаачдаас “төрсөн” увайгүй албатууд энгийн иргэн, жирийн ажилчид руу ийнхүү нуруугаа харуулж байна. Тодорхой өгүүлбэл, энэ бол “Эрдэнэт”-ийг үүрч яваа энгийн ажилчдад хандаж буй төрийн албатуудын төрх. Үл ойшоосон энэ мэт үйлдэл үүгээр дуусахгүй нь харамсалтай. Үүнээс өмнө ч үйлдвэрийн ажилчид руу нулимж байсан удаа бий.

Өнгөрсөн хоёрдугаар сард болсон “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн хурлаар 49 хувийг эзэмшигч “Монголын зэс” корпораци үйлдвэрийн удирдлагуудын цалинг хэвээр үлдээж, ажилчдынхыг 20 хүртэл хувиар өсгөх санал гаргажээ. 6000 шүргэсэн ажилчдын цалинг ихдээ 20, доод тал нь 10 хувиар өсгөх боломжтой гэсэн тооцоо, судалгааг ч хийсэн байна. Гэвч яг цалин нэмэхийн даваан дээр төрийн албатууд хувийн өмчийг хууль бусаар дээрэмдэн авч, хяналтаа тогтоосон үйл явдал өрнөсөн.

Ийн балмад үйлдэл хийгээд зогсохгүй хууль зөрчин, булаасан үйлдвэрийг хувааж идэхээр яаравчлав. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн өмчөөр бүртгэх шийдвэр гарснаас хойш ганц ч хонож амжаагүй шахам байхад хууль бус ТУЗ хуралдсан. Яаран хийсэн эл хурлаар хувийн хэвшлийн дэвшүүлсэн ажилчдын цалинг нэмэх саналыг тас нууж, хав дарахаар шийджээ. Харин оронд нь өөрсдийнхөө халаасыг түнтийлгэхээр шийдсэн байна. Улмаар жирийн ажилчдаас 10, бараг 20 дахин өндөр цалинг өөрсдийн томилсон утсан хүүхэлдэйнүүддээ олгохоор тогтсон байгаа юм. Гэхдээ энэ хэмжээний цалинг тэд өчүүхэн мөнгө хэмээн чамлаж буйг энд сануулъя.

Төрийн албатууд “Хэмнэж байна, төрийн тансаглалыг танаж байна” хэмээн хэнэг ч үгүй наанаа хэлж буй ч цаасан дээр далдуур гаргасан шийдвэр нь тэс өөрийг өгүүлнэ. Цагаан дээр хараар бичсэн гарын үсэг нь хүртэл хэлснээс нь тэнгэр, газар шиг зөрнө. “Би хэмнэж байгаа” хэмээн цээжээ дэлдэн, даналзаж яваа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор “Эрдэнэт”-ийн шинэ ерөнхий захирлыг 300 сая төгрөгөөр автомашин авахыг зөвшөөрч, Засгийн газраас өгсөн чиглэлийг зөрчихийг нь өөгшүүлсэн байдаг. Амьгүй, увайгүй албан хаагчдын ам, ажил, үг, үйлдэл хэрхэн зөрдгийг үүнээс харчихаж болно.


Энэ нь ч ил болж, иргэдийн бухимдлыг хүргээд байна. Гэвч ичихээ умартсан энэ үйлдлүүддээ санаа зовж байгаа ч юм алга. Харин ч бүр “Хөөрхий минь хамаг тансаглалаа хасуулж байгаа хүн” хэмээн хошуу дэвсэн, бие биеэ өөгшүүлж явна.

Эдийн засгийн энэ хүнд үед үнэтэй машин тэргээр гоёх нь бүү хэл төрийг бүсээ тултал чангалахыг Засгийн газрын тэргүүн үүрэгдсэн. Гэвч засгийн бодлогоос зөрж, Ерөнхий сайдын үгийг үл тоож буй цадиггүй дарга нарын цайрсан үйлдлийг харсаар суух уу.

Тэд идэж, уугаад зогсохгүй “Эрдэнэт”-ийг самрахаар зэхжээ. Дарга дагасан халаа сэлгээ “Эрдэнэт” хэмээх их хөлгийг доргиож, эзэнгүй арлыг зүглэхэд хүргээд байна. Тус үйлдвэрийн удирдлагууд цех, газрын 200 гаруй даргыг сольж, мэргэжлийн ажиллах хүчийг хоморголон халахаар түрэмгийлж байна. Ингэхдээ эдгээр албан тушаал, орон тоог квот болгон хуваан авч, өөрсдийн гар хөл болсон хэн нэгнийг томилохоор зориг шулуудчихсан явна.

“Монголын зэс” таван зорилт бүхий цогц төлөвлөгөө гаргаж байв
Ийнхүү цех, газрын хурган дарга нарын томилгоог онцолсонд нь учир бий. “Эрдэнэт” рүү дайрч буй хууль зөрчигчдийн бүлэг мөрөөдлийн багаа бүрдүүлж байгаа нь энэ. Ингэснээр “Эрдэнэт” рүү шахаа хийх, түмний өмчийг толгой мэдэн удирдах боломж нь саадгүй болно. Хатуухан хэлэхэд, олон нийтийн өмчөөр мөнгө угаах мафи энд бүрэлдэж, шахааны бизнес цэцэглэнэ гэсэн үг.

Учир нь тэд олон нийтийн хяналтын өмнүүр бараан хөшиг татчихсан. Хувийн хэвшлийн хяналтаас гарсан сүүлийн үед “Эрдэнэт”-ийн шилэн дансны хөтлөлт алга болов. Шилэн дансны тухай хууль хэрэгжүүлж эхэлсэн 2015 оноос өнгөрсөн оны сүүлийн улирал хүртэл төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэр санхүүгийн урсгалаа тайлагнаж байсангүй. Харин 2016 оны есдүгээр сараас эхлэн үйлдвэрийн шилэн данс амилсан юм. Цаг хугацааны дарааллаар авч үзвэл ОХУ-ын эзэмшлийн 49 хувийг Монголд авчирсан “Монголын зэс” корпораци үйлдвэрийн удирдлагын багт багтсан үе. Ингэж бараг хоёр жилийн хугацаанд салхи ороогүй “Эрдэнэт”-ийн шилэн дансàíä гэрэл тусгасан. “www.shilendans. gov.mn” цахим хуудсанд байрлах “Эрдэнэт”-ийн шилэн дансанд өнгөрсөн оны есдүгээр сараас Хөрөнгийн болон урсгал зардалд тусгасан арга хэмжээний тендерийн мэдээллээ нийтэлж эхэлсэн байдаг. Тодруулбал, ган бөөрөнцөг, бүхэллэг нүүрс гээд “Эрдэнэт”-ийн үйлдвэрлэлд шаардлагатай бараа, бүтээгдэхүүнийг жагсаасан. Тэр ч бүү хэл, бичгийн цаасыг хүртэл нэг бүрчлэн багтаасан нь “Эрдэнэт”-ийн хувьд цоо шинэ үзэгдэл байсан. Мэдээж мөнгөн дүн, санхүү тооцоо нь ч ил болсон. 2016 оны есдүгээр сард л гэхэд тус үйлдвэр бараг ес орчим тэрбум төгрөгийн худалдан авалтын саналаа ил болгосон байна. Улмаар тендерт шалгарсан компаниудын нэр, гэрээний үнийн дүнг тайлагнахаа ч мартаагүй. Ингээд “Эрдэнэт”- ийн санхүү эрүүлжиж эхэлсэн. Санхүүгийн тайлан тооцоо нь тунгалаг болж, шилний цаанаас ч нэвт харагддаг болов. Харамсалтай нь, хувийн хэвшлийн урагшлуулсан “Эрдэнэт”-ийг эрүүл болгох эмчилгээ шахаачдын гайгаар зогсов. Төрийн албатууд үйлдвэрийн удирдлагыг гартаа авсан даруйдаа “Эрдэнэт”-ийг эргээд хаалттай “вант улс” болгочихлоо.


Нийтлэлийн эхэнд өгүүлсэн баримтууд бол “Эрдэнэт”-ийг хэдхэн этгээд хууль бусаар мэдэлдээ авсан энэ богино хугацаанд гарсан өөрчлөлтүүд. Халаа, сэлгээг эрчимжүүлж, удирдлагын бүтцийг данхайлгасан. Таналтыг тансаглалаар сольж, түмний мөнгийг шамшигдуулсан. Ингээд зогсохгүй нээлттэй болж байсан мөнгөний урсгал, санхүүгийн тайланг нь хааж, ажилчдын эрх ашгийг уландаа гишгэж, өөрсдийн хонжоог тэргүүнд тавьсан. Тэд энэ богино хугацаанд ийм увайгүй үйлдлийг л амжуулж, хоноцын сэтгэлээр хандсанаас өөр урагшилсан зүйл ширхэг ч алга.

» Шинэ удирдлагын хэрээс хэтэрсэн тансаглал, дарга дагасан халаа, сэлгээг зогсоож, ажилчдын цалинг багаар бодоход 10 хувь нэмэхийг шаардсан байна.
» Хувийн хэвшлийн хяналтаас гарсан сүүлийн үед “Эрдэнэт”- ийн шилэн дансны хөтлөлт алга болов.
» Төрийн албатууд “Хэмнэж байна, төрийн тансаглалыг танаж байна” хэмээн хэнэг ч үгүй наанаа хэлж буй ч цаасан далдуур гаргасан шийдвэр нь тэс өөрийг өгүүлнэ.
Тэгвэл “Монголын зэс” корпораци уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагад багтсан хэдхэн сарын хугацаанд юу амжуулсныг эргэн сануулъя. Тэд данхайж байсан удирдлагын бүтцийг цомхон болгосон. Цаашлаад шилэн дансыг шинээр хөтөлж, “Эрдэнэт”-ийг ил тод болгосон. Шахааны бизнест цэг тавьж, шамшигдуулах явдлыг таслан зогсоосон. Энэ бол “Монголын зэс” корпорацийн “Эрдэнэт” үйлдвэрийг Монголд эх оронч сэтгэлээр авчрахдаа анхлан амалж байсан таван зорилтын нэгээхэн хэсэг.


Тэд үйлдвэрийг Монголын хөгжлийн түүчээ болгож, санхүүгийн нээлттэй, шилэн бүтцийг бүрдүүлж, нийгмийн хариуцлагатай, ажилчдадаа ээлтэй, ирээдүйг харсан “Эрдэнэт”-ийг бий болгох таван зорилт бүхий цогц төлөвлөгөөг гаргасан байсан юм. Тухайн үед үүнийг нь үлгэрийн далай болно хэмээн шоолж байсан нэгэн ч бий. Гэвч эргээд харахад энэ богино хугацаанд хийсэн хувийн хэвшлийн шинэчлэлт, өөрчлөлт ямар үр дүнтэй, зоригтой, алсыг харсан алхам байсан нь тодорхой харагдана.

Ийнхүү хагас жил хүрэхгүй хугацаанд хийсэн хувийн хэвшлийн далайцтай шинэчлэлийг хагас сар ч хүрэхгүй хугацаанд төрийн албатууд сөнөөж, сүйрүүлэхийг бид харж байна. Сөнөөх амархан, бүтээх хэцүү гэдэг энэ.

Ийм балмад үйлдлүүд нь энэ Засгийн газрыг ичгүүртэй, увайгүй болгон харагдуулж байна. Угтаа Ж.Эрдэнэбатын толгойлж буй засаг эдийн засгийн хямралтай зоригтой тэмцэж, Монголын төрд хэмнэлт, гамналтын бодлогыг хамгийн хүчтэй хэрэгжүүлж буй. Гэвч хэдхэн арчаагүй албат энэ засгийг харлуулж, монгол төрийн нэрийг булингартуулсаар.


САНАЛ БОЛГОХ