Түр зуурын яльгүй өсөлт

Мэдээ

Магнагт гараад буй махны ханш удахгүй буурах нь

Хавар талдаа орсон энэ өдрүүдэд хүнсний үнэ яльгүй өсчээ. Угаас хайлган атлаа тарчиг хавар цагт хүнсний ханш цойлдог нь бараг зах зээлийн жам гэлтэй. Гэвч өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад 2017 онд үл ялиг өндөр байгааг иргэд хэлж байна. Нийслэл орчимд хамгийн хямд үнэ тогтоодог “Хүчит шонхор” хүнсний захад үхрийн махны үнэ 6000-7000 төгрөгт хэлбэлзэж байгаа аж. Харин хониных үүнээс 1000 төгрөгөөр хямд байх жишээтэй. Үүнээс гадна намар бэлтгэсэн нөөцийн махыг 4500 төгрөгөөр борлуулж эхэлжээ. Нөөцийн мах олдоцтой байгааг худалдан авагчид хэлж байлаа.

Чингэлтэй дүүрэгт байрлах “Хүчит шонхор” захын худалдаачид ийнхүү хүнсний хамгийн бага үнийг тогтоож байхад “Бөмбөгөр”, “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захад ханш өндөр байна. Эдгээр захад үхрийн махны ханш дунджаар 8500-9000 төгрөгт хүрчээ. Хэдийгээр одоо хаврын хомс цаг тохиож байгаа ч махны нийлүүлэлт харьцангуй сайн, сонголт арвин байгааг иргэд хэлж байлаа.

Өмнөх жилүүдийн жишгийг дагавал хоёрдугаар сараас өсөж эхэлсэн махны ханш ирэх сард үргэлжлэн чангараад, удалгүй урууддаг зүй тогтол бий. Үүнээс үзэхэд магнагт гараад буй махны ханш удахгүй буурах нь.

Махтай зэрэгцээд гурилын үнэ ч өвлийнхөөс өсчээ. “Алтан тариа” савласан дээд гурил 1100-1500 төгрөгийн ханш байна. Харин I зэргийнх 900-1300, II зэрэг нь 749-900 төгрөгт хүрчээ. Гэхдээ олзуурхмаар нь өмнөх жилийнхтэй харьцуулахад гурилын үнэ төрөл тус бүрт 30-40 төгрөгөөр хямдарсан байх юм. Үүнийг ч гурилын худалдаачид хэлж байлаа.

Байцаанаас бусад хүнсний ногооны үнэ өмнөх оныхоос хямд байгаа
Үүнээс гадна байцаанаас бусад хүнсний ногооны үнэ өмнөх оныхоос хямд байгаа. Байцааны ханш жилийн өмнөхөөс 100 төгрөгөөр өндөр буюу килограмм нь 1900 төгрөгт хэлбэлзэж байна. Харин бусад төрлийн төмс, хүнсний ногооны үнэ урууджээ. Ялангуяа, төмсний үнэ өмнөх хавраас бараг 400 төгрөгөөр хямд байгааг хэлэх хэрэгтэй. Бас луувангийн үнэ бараг 700-900 төгрөгөөр бага байна. Өнгөрсөн жилийн өдийд килограмм лууван 2000 төгрөгийг шүргэж байсныг Нийслэлийн статистикийн газрын цахим хуудсанд дурджээ. Гэтэл одоо 800-1100 төгрөгтэй тэнцэж байна.

Харин будаа, элсэн чихрийн үнэ өсчээ. Импортоор авдаг эдгээр хүнсний үнийн өсөлт нь валютын ханшийн савлагаанаас үүдэлтэй гэж наймаачид хэлж байгаа. Элсэн чихэр л гэхэд бараг 700 төгрөгөөр өсчихөж. Тэгвэл өндөгний үнэ харьцангуй тогтвортой байна. Өөрөөр хэлбэл, импортын хүнсний үнэ өссөн нь ажиглагдаж байгаа бол дотоодоос нийлүүлдэг бараа, бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байна.

САНАЛ БОЛГОХ