ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН ӨМНӨХӨӨС НЭМЭГДЖЭЭ

Албаны хүний үг

Улсын хэмжээнд 21198 иргэн шилжин явах хүсэлт гаргасан байна

Сонгогчдын шилжилт хөдөлгөөн зогссонтой холбогдуулан Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэгтэй ярилцлаа. Улсын хэмжээнд 21198 иргэн шилжин явах хүсэлт гаргасан байна. Үүнээс өнөөдрийн байдлаар 17999 иргэн шилжин очсон газраа бүртгэлээ хийлгээд байгааг тэрбээр онцлов.

- Хуульд заасны дагуу сонгогчдын шилжилт хөдөлгөөнийг өнгөрсөн долоо хоногт хаасан. Хэчнээн иргэн шилжилт хөдөлгөөн хийгээд байна вэ?

- Сонгуулийн тухай хуульд сонгогч санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шилжин явах хүсэлтээ гаргасан байх ёстой. Энэ дагуу зургадугаар сарын 14-ний өдрийн 24.00 цагаар сонгогчдын шилжин явах хүсэлтийг хүлээн авч дууссан. Улсын хэмжээнд нийт 21198 иргэн шилжин явах хүсэлт гаргасан. Хуулиараа сонгогч санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө шилжин ирсэн бүртгэлээ хийлгэх үүрэгтэй. Энэ нь зургадугаар сарын 18-ны 24.00 цагаар дуусгавар болсон. Өнөөдрийн байдлаар иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд шилжин очсон гэж бүртгэл хийлгэж, лавлагаа авсан 17999 иргэний бүртгэл хийгээд байна. 3199 иргэн шилжин очсон газраа бүртгүүлсэн боловч бүс нутгийн газарзүйн байрлалаас хамаарч мэдээлэл нь ирээгүй байна. Мөн тухайн шилжин очсон газраа бүртгэл хийлгээгүй хүн байхыг үгүйсгэхгүй.

- Шилжин очсон газраа бүртгэл хийлгээгүй бол сонгуульд санал өгөх боломжгүйд хүрч байгаа хэрэг үү?

- Тийм ээ. Хуульд сонгогч санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө шилжин ирсэн бүртгэлээ хийлгэх үүрэгтэй.

- Зарим аймагт сонгогчид олноороо шилжилт хөдөлгөөн хийсэн гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

- Дөрвөн аймагт шилжилт хөдөлгөөн олноор хийгдсэн. Тухайлбал, Увс, Баянхонгор, Архангай болон Хөвсгөл аймагт шилжилт хөдөлгөөн өнгөрсөн сонгуулиудтай харьцуулахад өндөр хийгдсэн. Бусад 17 аймаг болон нийслэлийн есөн дүүрэгт 2012, 2013 оны УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн шилжилт хөдөлгөөнтэй ижил хэмжээнд хийгдсэн.

- Энэ удаагийн сонгогчдын шилжилт хөдөлгөөн өнгөрсөн сонгуулиудтай харьцуулахад нэмэгдсэн үү?

- 2012, 2013 оны УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн шилжилт хөдөлгөөнтэй харьцуулахад өндөр байгаа. Нэг аймаг руу 200-300 сонгогч шилжих тохиолдол байдаг. Гэвч энэ удаад дээр дурдсан дөрвөн аймаг руу шилжилт хөдөлгөөн өндөр байна.

- Сонгогчийн бүртгэлээ онлайнаар шалгахад “түр хасав” гэсэн бичиг гарч ирсэн байсан. Эдгээр сонгогч бүртгэлийн зөрчлөө хэрхэн арилгуулах вэ?

- Сонгуулийн тухай хуулиар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газраас санал авахаас 55-аас доошгүй хоногийн өмнө 60 ба түүнээс дээш хоногоор гадаадад зорчсон иргэдийн мэдээллийг ирүүлдэг. Энэхүү мэдээллээ Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газраас зургадугаар сарын 2-нд шинэчлэн ирүүлсэн. Үүний дагуу гадаадад зорчсон 80 гаруй мянган иргэнд “түр хасав” гэсэн тэмдэглэгээ хийсэн. Үүнээс хойш 700 орчим иргэн Монголд ирсэн учир “түр хасав” тэмдэглэгээг нь цуцалсан. “Түр хасав” тэмдэглэгээ хийлгэсэн иргэд санал авах өдөр болон түүнээс өмнө харьяа хэсгийн хорооныхоо сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх боломжтой.

- Иргэний цахим үнэмлэхээ гээсэн болон хаяж үрэгдүүлсэн иргэд лавлагаагаар саналаа өгөх боломжтой юу?

Улсын хэмжээнд 21198 иргэн шилжин явах хүсэлт гаргасан байна
- Сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хэлбэрээр санал авах байранд хүргүүлсэн. Тиймээс тухайн иргэн хуруугаа уншуулаад сонгогчдын нэрийн жагсаалтад байвал санал өгөх боломжтой. Хэрэв иргэний цахим үнэмлэхээ хаяж үрэгдүүлээд санал авах өдрөөс өмнө дахин авах боломжгүйд хүрвэл цахим машинаас авсан лавлагаагаар саналаа өгч болно. Харин шилжилт хөдөлгөөн хийсэн иргэн заавал иргэний цахим үнэмлэхтэй байж саналаа өгнө. Учир нь сонгогчдын нэрийн жагсаалтын программ хаасны дараа шилжилт хөдөлгөөн хийсэн. 

- Зарим нэг пүүс компани болон ураг төрлөөрөө шилжилт хөдөлгөөн хийсэн гэх мэдээлэл цахим ертөнцөд цацагдсан. Энэ хэр бодит мэдээлэл вэ?

- Манай байгууллагад ийм мэдээлэл ирээгүй. Харин шилжих хүсэлтээ өөрийн биеэр гаргасан иргэн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан бүртгүүлэх боломжтой. Гэхдээ эрүүл мэнд болон ажил мэргэжлийн шалтгааны улмаас өөрийн биеэр бүртгүүлэх боломжгүй хэмээн үзсэн тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан бүртгүүлнэ.

Дашрамд дурдахад, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нүүдлийн сонгуульд оролцохгүй байхыг уриаллаа. Тэрбээр “Монгол Улсын иргэд Төрийн эрх барих дээд байгууллагад төлөөллөө сонгох хариуцлагатай цаг үе хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Төрийн сонгуулиа хуулийн хурээнд шударга явуулах нь Ардчилсан намын эрхэм зорилго гэдгийг юуны өмнө онцлон тэмдэглэе. Зарим улс төрийн хүчин царцааны нүүдэл буюу тойргоос тойрогт хүмүүсийг олноор нь шилжүүлэх хууль бус аргыг ихээр хэрэглэх боллоо. Тухайлбал, Хөвсгөл аймагт 3120, Архангайд 603, Баянхонгорт 1900, Увс аймагт 2807 сонгогч саналд нөлөөлөх зорилгоор зохион байгуулалттайгаар шилжүүлэг хийлгэсэн байна” гэв.






САНАЛ БОЛГОХ