Монголоос “дүрвэх” мөрөөдөл

Нийтлэл
Таван жилийн дотор 89.8 мянган өрх ипотекийн зээл авчээ

ТЭД ЮУ ХҮСЭЖ МӨРӨӨДДӨГ ВЭ

Монголчууд юу мөрөөдөж байна вэ. Энэ асуултын хариултыг олохоор нас насны төлөөлөлтэй уулзлаа. “Таны хамгийн том мөрөөдөл юу вэ” гэсэн асуултыг 50 гаруй насны эмэгтэйд тавив. Тэрбээр “Хэдэн хүүхдүүдээ дутаж гачигдах зүйлгүй мөр бүтэн явуулахыг хүснэ. Хүүхдүүд эхнээсээ тусдаа гарч байгаа. Орох оронтой, хөл дүүжлэх унаатай бол амьдралд дутаад байх юу байхав. Үүний тулд толгойг нь сайн цэнэглэж, багаас нь боловсролд анхаарах хэрэгтэй” гэлээ. Харин 26 настай залуугийн тухайд “Сургуулиа төгсөөд хэдийнэ дөрвөн жил өнгөрчээ. Мэргэжлээрээ нэгэн компанид ажиллаж байна. Цалин багатай учир олигтой мөнгө хурааж чадахгүй юм.

Удахгүй эхнэр маань нярайлж, бид гурван хүүхдийн аав, ээж болно. Хадмын хаяа түшиж байгаа учраас мөнгөө цуглуулаад эхний ээлжинд өөрийн гэсэн орон гэртэй болмоор байна, хар гэртээ хаан, бор гэртээ богд гэдэг шиг. Гурван хүүхэд одоо үед олондоо орох учир машин тэрэгтэй болчих юм бол манай гэр бүл бошийгоод л явчихна” хэмээн ярих зуур түүний нүдэнд гэрэл тодорч байлаа. Харин гудамжинд таарсан үл таних эмэгтэй бол 30 гаруй настай. Ид хийж бүтээх насандаа яваа нэгэн. Харамсалтай нь тэрбээр хоёр хүүхдийн ээж хэдий ч насны ханиасаа салаад чамгүй олон жилийг өнгөрөөжээ. “Эхлээд байртай болмоор байна. Тэр нь зээл төлдөггүй байвал сайхан л юм. Гэхдээ ч одоо тийм мөрөөдсөн юм гэж хаана байхав. Мэдээж бусдын адил машин авахыг хүсэж байна. Ер нь хэн хүнээс дутахыг хүсэх билээ. Сайн хань ижилтэй болмоор л байна шүү дээ” гэв. Энэ бол дийлэнх монголчуудын хүсэл мөрөөдөл, амьдралынх нь нийтлэг дүр төрх гэхэд болно. Эцэг эхээсээ өвлөж авсан эд баялаггүй л бол насан туршдаа байр, машин авахын төлөө хөдөлмөрлөж амьдрахаас өөр аргагүй.

ДӨРВӨН ИХ НАЯДЫН ЗЭЭЛ

Орон сууцны найман хувийн зээлийг 2012 оноос олгож эхлээд таван жил өнгөрчээ. Үүнээс өмнө сард ердөө 200 орчим хүн л ямар нэг байдлаар орон сууц худалдан авдаг байсан бол зээл олгож эхэлснээр энэ тоо огцом өссөнийг Монголбанкнаас сар бүр танилцуулдаг ипотекийн зээлийн тайланд дурдсан байна. Тайлангаас харахад 2010 онд улсын хэмжээнд ердөө 16,700 зээлдэгч байсан бол 2017 оны хоёрдугаар сарын байдлаар 89.8 мянга болжээ. Энэ нь дөрвөн их наяд төгрөгийн зээл юм байна. Нэг талаар төдий олон мянган өрх хүсэл мөрөөдлөө биелүүлж чадсан нь гэрэл гэгээ мэт боловч нөгөөтэйгүүр зөвхөн зээлээ төлөхийн төлөө өглөөнөөс орой хүртэл борви бохис хийхгүй ажиллах шаардлага тулгарч байна. Ямар сайндаа л “Төрсөн хүүгээ биш, банкны зээлийн хүүгээ бодсоор насыг барж байна. Зээлээр авсан байрандаа унтах гэж л ордог боллоо” гэх мэтийн шог яриа цахим ертөнцөд тархаж байх вэ. Үнэнийг дэнсэлсэн олон мянган хүн сэтгэгдлээ хуваалцаж буй нь энэ.

ГАНЦХАН Л ЗАМ БИЙ...

Ерөөс монголчуудын монгол мөрөөдөл орон сууц, автомашин хоёр дээр л тогтож байна гэхэд хилсдэхгүй л болов уу. Уг нь бид агуу түүхтэй, дайн дажингүй арвин баялаг улс оронд ердөө гуравхан саяулаа амьдарч буй хувьтай хүмүүс. Хэнээс ч дутахгүй тансаг сайхан амьдрах боломж, бололцоо бүрэн дүүрэн бий. Гэтэл төр, засгийн зарим буруу бодлогын хар балгаар хоногийн хоолоо яах вэ гэсэн асуултад унаж, байрны лизингээ төлж чадахгүйд хүрч, арайхийж авсан байрнаасаа хэзээ мөдгүй хөөгдөх эрсдэлтэй сар бүр тулгарч, хэцүүхэн л амьдарч байна. Монгол хүн амны билгээс ашдын билэг гэдэг ч үнэндээ амьдрал ийм л байна. Тийм ч болохоор монгол залуус эх орноосоо дүрвэж, харийн нутагт хэдэн халтар төгрөгийн төлөө хайртай аав ээж, халамжит хань ижил, үр хүүхэд, гэр бүл, амь нас, эрүүл мэндээ золин байж мөрөөдлийнхөө төлөө явсаар. Өнгөрсөн онд 4000 гаруй залуу харийн нутагт хар ажил хийхээр явсан бол, энэ жил 8000 хүнийг бүртгэнэ гэсэн бараан тоо харагдлаа.

» 2010 онд улсын хэмжээнд ердөө 16,700 зээлдэгч байжээ.
» Хэнээс ч дутахгүй тансаг сайхан амьдрах боломж байна.
» Ид ажиллаж, хийж бүтээх насандаа яваа залуус гаднын улс руу “дүрвэж” байна

Дэлхийн нөгөө талд сири хүүхдүүд хэдэн зуугаараа бөмбөгдүүлж, амь үрэгдэж байна. Харин Монголд энх тайван, амар амгалан ноёрхсоор атал ид ажиллаж, хийж бүтээх насандаа яваа залуус гаднын улс руу “дүрвэж” байгаа нь эмгэнэлтэй. Тэдэнд үнэндээ үүнээс өөр гарц үлдээгүй шүү дээ. Улс орны эдийн засаг элгээрээ мөлхөж, компаниуд шил шилээ даган дампуурсаар байхад өөр яах билээ. Долоон төрлийн татвар нэмэх “нүдээ олсон” шийдвэр нь тэднийг улам цааш түлхэж байна. Монголчуудын хамгийн өргөн хэрэглэдэг “Prius” машины татварыг нэмэх шийдвэр нь амьдралаа дээшлүүлье гэсэн олон залуусын хүслийг мохоож орхилоо. Удахгүй түлшний үнэ ч тэнгэрт тулахаар болчихлоо. Үүнийг нь дагаад нэг өглөө сэрэхэд 1200 төгрөг гэж байсан талх 1500 төгрөг болно биз. Ингэж бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт “сэмхэн” нэмэгдэх ч гар дээр буух цалингийн хэмжээ нь бахь байдгаараа л. Шударга бус биш гэж үү. Бараг л хүүхдийнхээ нэрийг мартах шахан өглөөнөөс орой хүртэл бүтэн нэг сар ажиллаж авсан цалин нь байрны зээл, автобус унааны мөнгө, хоол хүнсэнд хүрэхтэй үгүйтэй л байна. Монголчууд урд хормойгоо хойд хормойгоороо нөхөж өдөр хоногийг өнгөрөөсөөр. Ингэж амьдрахыг хүсэхгүй, энэ байдлаас залхсан залуусын цорын ганц сонголт нь гаднын оронд нохой мэт ажиллах. Өдөрт 100-


БОДЛОГОГҮЙ УЛСЫН БАЛАГ

Бид хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулж, капитализмын замаар замнаж буй мэт боловч үнэндээ дээрх хоёр замналаасаа байнга хазайж байна. Одоо “мөрдөж” буй Монгол Улсын хөгжлийн бодлого бол сонгуулийн дөрвөн жилд зориулсан амлалтын жагсаалт төдий. Улс орон байтугай хувь хүн, гэр бүл, компаниуд ч урт хугацааны төлөвлөгөө гаргаж, хөгжлөө тодорхойлдог нь үсрэнгүй орнуудын амжилтын хэв маяг. Бид бүх шатандаа төлөвлөгөөгүй, хариуцлагагүй нийгэмд бужигналдаж байна. Засгийн газар нь ямар ч шийдвэрээ дуртай цагтаа өөрчлөх магадлалтай, төгрөгийн ханш хэрхэн хэлбэлзэхийг нэг жилийн өмнө байтугай сарын өмнө ч мэдэх боломжгүй. Улс орон маань хаашаа явж байна вэ. Ерөөс бидэнд үндэсний хэмжээний мөрөөдөл байна уу. Энэ мэт олон асуултын хариултыг иргэд нэхэж байна, төр засгаас.
САНАЛ БОЛГОХ