Шарапова үзэгчдээ дахин баясгана

Спорт

Удаан хугацаанд теннис тоглоогүй хэрнээ өндөр амжилт гаргасан түүх цөөнгүй

Алдарт теннисчин Мария Шарапова 15 сарын завсарлагааны эцэст их спортдоо эргэн ирлээ. Өнөөдөр Германы Штутгарт хотод эхэлж буй олон улсын уламжлалт тэмцээнд тэрбээр хүч сорих юм.

Мельдониум хэмээх эм, хориотой бодисын жагсаалтад шинээр орсны улмаас олон тамирчин допингийн хэрэгт ороогдож, эрхээ хасуулсны нэг нь Шарапова. Олон улсын допингийн эсрэг агентлаг анх түүнд хоёр жилийн шийтгэл оноосон ч хожим арай зөөлрүүлж, 18 сар болгосон. Энэ хугацаа нь дөрөвдүгээр сарын 26-нд дууссанаар орос бүсгүй теннисээ дахин тоглох боломж бүрджээ.

Шараповагийн шийтгэл дууссан хэдий ч бараг хоёр жил теннис тоглоогүй тул дэлхийн чансаанд огт оноогүй болсон. Тиймээс өндөр зэрэглэлийн тэмцээнд оролцох эрхгүй гэсэн үг. Харин Штутгартын тэмцээний зохион байгуулагчид өгөөмөр хандаж, түүнд цагаан хуудсаар оролцох боломж олгожээ. Тэр ч байтугай тэмцээнийхээ хуваарьт багахан өөрчлөлт оруулж, 25- нд хийх ёстой байсан эхний тоглолтыг нь нэг хоногоор хойшлуулсан юм. Хэрэв хуваарь хуучнаараа байсан бол орос бүсгүй тэмцээний гадна үлдэх байжээ. Немцүүд Шараповад ийн зөөлөн хандсаныхаа ашгийг ч хүртэж байна. Учир нь олны анхааралд төдийлэн ороод байдаггүй Штутгартын тэмцээн Шараповагийн ачаар ярих чухал сэдэв болж хувирав. Мөн тасалбарын борлуулалт сайн байгаа сурагтай.

Ямартай ч үзэсгэлэнт орос бүсгүй теннистээ эргэн ирлээ. Харин урьдын түвшиндээ тоглож чадах, эсэх нь анхаарал татаж байна. Штутгартын тэмцээнд тоглох түүний эхний өрсөлдөгч нь Италийн Роберта Винчи. 34 настай энэ бүсгүй өдгөө дэлхийн чансааны 36-д эрэмбэлэгдэж буй. 2015 онд Америкийн нээлттэй тэмцээний финалд шалгарсан нь түүний оргил амжилт юм. Тэрбээр ганцхан жилийн өмнө чансааны 7-д бичигдэж байсан ч үүнээс хойш эрчтэй уруудсаар өнөөгийн байрандаа тогтжээ. Винчи эхний даваанд тоглох өрсөлдөгчийнхөө талаар таагүй зүйлс хэлсэн нь олны анхаарлыг татаад авсан. Тэрбээр зохион байгуулагчид Шараповад талтай хандаж, цагаан хуудсаар оруулахаар болсон нь зүйд нийцэхгүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм. “Тэр алдаагаа залруулж, том тэмцээнд дахин тоглож чадна гэж бодож байна. Гэхдээ цагаан хуудсаар биш” хэмээн итали бүсгүй ярьжээ.

Түүнчлэн Польшийн А.Радванска түүнтэй адил зүйл ярьсан. Тэрбээр “Уг нь цагаан хуудсыг гэмтлийн улмаас тэмцээн өнжиж, чансаагаа алдсан теннисчдэд боломж олгохын тулд өгдөг гэж би боддог. Харин допинг хэрэглэсэн хүнд үйлчлэх ёсгүй л баймаар” гэсэн байна.

Штутгартын тэмцээн ч яахав, ингэсгээд болоод өнгөрнө. Харин үүний дараа зохиогдох Ролан Гаррост Шарапова орж чадах уу, хэрэв орвол хэрхэн тоглох бол гэсэн асуулт хамгийн сонирхолтой нь.

Зохион байгуулагчид Шараповад зориулж тэмцээний хуваарьтаа багахан өөрчлөлт оруулжээ
Шарапова шийтгэлтэй байх хугацаандаа улс орнуудаар аялж, хувийн ажлаа амжуулсан шигээ тааваараа байсан. Гэхдээ энэ хугацаанд бэлтгэлээ огт таслаагүй гэнэ. Тиймээс форм алдагдаагүй байж магадгүй. Харин францчууд түүнд цагаан хуудас олгох эсэх нь одоог хүртэл тодорхойгүй хэвээр. Зохион байгуулагчид тавдугаар сарын сүүлээр эцсийн шийдвэрээ гаргах аж. Тэмцээн тавдугаар сарын 28-нд эхлэх юм. Хэрэв Шарапова Парисын тэмцээнд оролцох эрхтэй болбол дээгүүр өрсөлдөж магадгүй гэсэн таамгийг мэргэжилтнүүд гаргаад байна. Энэ нь хэд хэдэн шалтгаантай.

Тэрбээр дөрвөн Их дуулгад бүгдэд нь түрүүлсэн цөөн теннисчний нэг. Гэхдээ Парисын шороон талбайд илүү сайн тоглодог нь урьд өмнөх амжилтаас харагдана. Тухайлбал, 2012, 2014 онд түрүүлж, 2013 онд финалд үлджээ. Үүнээс гадна хоёр ч удаа их шөвөгт шалгарч байсныг мартаж болохгүй. Нөгөөтэйгүүр түүний гол өрсөлдөгчид янз бүрийн шалтгааны улмаас тэмцээнийг өнжихөөр болсон нь том боломж олгож байна. Энэ тэмцээнд гурвантаа аваргалж байсан домогт Серена Уильямс гэхэд хөл хүнд болсон учир теннисээс нэг хэсэг хөндийрөхөөр болсон. 2004 оноос хойш түүнтэй 18 таарч, бүгдэд нь ялагдсан Шараповагийн хувьд энэ нь сайн мэдээ. Орос бүсгүй чухам түүнд даруулсаар байгаад ид үеэ өнгөрөөсөн гэж болно. Харин энэ удаа эзгүйд нь дээгүүр цойлох боломжтой. Беларусийн В.Азаренка мөн л дээрх шалтгааны улмаас хэсэг хугацаанд чөлөө авах бол Чехийн П.Квитова гэмтлийн улмаас Францын нээлттэй тэмцээнийг өнжинө. Мөн дэлхийн чансааны 4-т бичигддэг Словакийн Д.Цибулкова гэмтлээ эдгээж амжаагүй тул оролцож чадахааргүй болжээ. Товчхондоо бол бүх зүйл Шараповагийн талд байна. Одоо зохион байгуулагчид цагаан хуудас өгөхийг хүлээх л үлдэж байна.

Дашрамд сонирхуулахад, удаан хугацаанд теннис тоглоогүй хэрнээ эргэж ирээд өндөр амжилт гаргасан түүх цөөнгүй бий. Хамгийн алдартай жишээ нь Бельгийн Ким Клийстерс. 2007 онд тэрбээр гэр бүлдээ их цаг зарцуулах хэрэгтэй байна гэсэн шалтгааны улмаас зодог тайлж байв. Улмаар дараа жил нь хүүхдээ төрүүлсэн юм. Гэтэл 2009 онд бельги бүсгүй теннистээ эргэн ирсэн. Наймдугаар сарын 11-нд Цинциннатигийн тэмцээнд анхны тоглолтоо хийсэн Ким есдүгээр сарын 13 гэхэд К.Возняцкиг хожин Америкийн нээлттэй тэмцээний цомыг өргөөд зогсож байв. Шарапова энэ түүхийг үргэлжлүүлж чадах эсэхийг харахад багахан хугацаа үлджээ.
САНАЛ БОЛГОХ