Их Британи Европын Холбоог орхивол өрхийн орлого 5000 фунт стерлингээр буурна
Дэлхийн хандлага
Их Британийг Европын Холбоонд үлдэхийг тус Холбооны дийлэнх эрх баригчид уриалж байна. Тухайлбал даваа гарагт Люксембургт болсон Европын Холбооны Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар Швед, Словакийн сайд нар Их Британийг тус Холбоонд үлдэхийг хүсчээ. Харин Латвийн Гадаад хэргийн сайд “Хэрэв Их Британи Европын Холбоог орхивол таатай нөхцөлтэй гадаад худалдааны хэлэлцээрийг цуцална” гэж мэдэгдсэн байна. Харин Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Туск "BREXIT-ийн санал хураалт Европын Холбоог задлах эрсдэл үүсгэлээ" гэж мэдэгджээ. Хэрэв Их Британи Европын Холбооноос гарч илүү ашигтай гэрээ байгуулж чадвал бусад орон ч бас Их Британийн жишгийг дагах аюултай гэж улс төр судлаачид анхааруулж байгаа юм.
Английн Төв банкны тооцооллоор Их Британи Европын Холбоог орхивол Европын Холбоотой шинэчилсэн хэлэлцээр байгуулах хүртэл өрхийн жилийн орлого 3000-5000 фунт стерлингээр буурах эрсдэлтэй байгаа аж. Түүнчлэн тэрбумтан, хөрөнгө оруулагч Жорж Сорос фунт стерлингийн ханш 15-20 хувиар унаж, санхүүгийн зах зээлийн хямрал үүсэж болзошгүй гэж дүгнэж байна. Азийн зах зээлд үзүүлэх нөлөөллийг харвал Их Британи Европын Холбоог орхисноор Азийн дотоодын нийт бүтээгдэхүүн 0.2 хүртлэх хувиар буурна гэж үзэж байгаа аж. "Capital Economics"-ийн судалгаанд тусгаснаар Их Британийн гадаадаас худалдаж авах импортын бүтээгдэхүүний хэмжээ 25 хувиар буурч болзошгүй юм.
Харин сөрөг хүчин болон Дэвид Камерон тэргүүтэй Их Британийг Европын Холбоонд үлдэх саналд уриалагч тал аль аль нь өөрийн талыг дэмжихийг уриалж байгаа юм. Энэхүү санал хураалт иргэдийн амьдралд бодитоор хэрхэн нөлөөлөх вэ гэсэн асуулт олны анхаарлыг ихэд татаж байна. Хамгийн энгийн жишээ гэвэл Европын Холбооны гишүүнчлэлийн нөлөө шууд мэдрэгддэг Их Британийн хөдөө аж ахуйн салбарын ажилчид Европын Холбооны гишүүн бүрт үйлчилдэг фермерүүдийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд мал аж ахуй, тариалан эрхлэгч бүр жилд 40 мянган фунт стерлингийн дэмжлэг авдаг аж. Хэдий тийм боловч Их Британийн амьтны эрүүл мэнд, үржүүлэлтэд тавьдаг шаардлага Европын бусад улсаас өндөр байдаг байна. Тиймээс дотоодын фермерүүд илүү өндөр зардлаар, өндөр үнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд өрсөлдөх чадвар сул тул Европын бусад улсын хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдэд зах зээлээ алдаж байгаа ажээ. Харин Их Британи Европын Холбооны гишүүн тул чөлөөт худалдааны хэлэлцээрийг мөрдөх ёстой. Ингэснээр гадаадын бүтээгдэхүүнд нэмэлт татвар тогтоох буюу дотоодын аж ахуй эрхлэгчдээ хамгаалах боломжгүй байгаа юм.
20 жилийн өмнө Их Британийн фермерүүд 35 мянгаар тоологдож байсан бол зах зээлээ алдсаны улмаас одоогийн байдлаар 10 мянга болоод байна. Европын Холбоог орхих кампанит ажлыг удирдагчид фермерүүдийг дэмжих, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, батлан хамгаалахын төсвийг зохистой түвшинд барих амлалт өгч байгаа юм. Харин тус улсын Засгийн газар эдгээр салбаруудын санхүүжилтийг танах бодлого баримталж аж. Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон "Их Британи Европын Холбоонд үлдэх кампанит ажлыг удирдагчид бодит бус амлалт өгч байна" гэж үзэж байгаа бол тус улсын Хууль зүйн сайд Майкл Гоф "Эрсдэлийг үл харгалзан Их Британи шийдвэрээ өөрсдөө гаргах ёстой" хэмээн хүчтэй ухуулж байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй