Аваргуудын лиг
Авто зах зээл
Солонгосчууд уг машиныхаа гол өрсөлдөгчөөр Японы загваруудыг нэрлэдэг
Урьд нь зурагтаар нэг марзан сурталчилгаа явдаг байж билээ. Бөөн шавар болсон гуталтай, сахал самбайдаа баригдсан нэг нөхөр дунд гарын жийп рүү үсэрч ороод л айхтар бартаат замыг давж гарна. Энэ үед кадрын цаанаас наалинхай хоолойтой эмэгтэй “Ямар ч бартаанд үл сөхрөх автомашин” гэж шивнэнэ. Одоо бодохоор инээд хүрээд байх юм.
Сурталчилгааны гол утга санаа нь ойлгомжтой. Би л буруу ойлгоогүй бол хөлд эвтэйхэн гутал авах гэж байвал гоёлын гутлаас илүү пүүз нь зөв сонголт болно гэсэн үг биз дээ. Нөгөө талаар шавар туулах үед пүүз урт түрийтэй гутлыг орлож чадна гэдэг юу л бол. Гэтэл амьдралын бүх нөхцөлд тохирсон универсаль гуталтай болчихмоор байдаг...
Дунд гарын жийп яг л энэ гэсэн үг. Засмал замаар энгийн автомашиныг арай гүйцэхгүй мөртлөө хөдөө хээр, бартаа саад ихтэй газар дажгүй сайн явчихна. Дээр нь газар сайгүй явагч төмөр хүлгээс дутахааргүй том овортой.
Hyundai Tucson их ч олон тэмцээнээс гранпри хүртэж байсан. Солонгосчууд уг автомашиныхаа гол өрсөлдөгчөөр юун түрүүнд Японы нэрт загваруудыг нэрлэдэг. Тиймээс өнөөдөр энэхүү амбицтай нөхрийг алдар нэрээ мандуулж яваа ангийн анд Toyota RAV-4, Honda CR-V, Nissan X-Trail гэх япончуудтай харьцуулж үзье. Туршилтыг илүү сонирхолтой болгох үүднээс зориуд эдгээр брэндийн хамгийн хүчирхэг, хамгийн баялаг тоног, иж бүрдэлтэй хувилбараас сонголоо.
Honda CR-V манай дөрвөл дотор хамгийн жижиг дугуйтай, бас хамгийн өндөр хамартай нь байв. Бараг газраас өндөр суудлын тэрэг гэмээр. Дотор нь бүрх малгайтай суусан ч болмоор. Саруулхан салоныг гарт аятайхан мэдрэмж төрүүлэх хуванцраар, харин суудлыг савхиар бүрсэн байна. Өргөн консолийг хөнгөн цагаан оруулгаар чимж өгчээ. Араа шилжүүлэгчийг гар тоормосны хамт урд самбарт суурилуулсан нь өвөрмөц шийдэл болсон ч гэлээ хэрэглэхэд тохиромжгүй юм. Зүүн хөл амраах гишгүүр нь тулгуур муутай. Бас нэг дутагдал нь салоны толинд арын орчин хязгаарлагдмал харагдана. Ар хэсгээ харах гэхээр толгойны бандгар түшлэг үзэгдэх орчныг таглаад байна. Жолооч, урд зорчигчийн суудал дунд тунельгүй, бараг тэгшхэн шал байгаа нь өөрийн эрхгүй фургоныг санагдуулна.
Жолоодох явцад ч Honda их таалагдлаа. Дуу чимээ тусгаарлах систем нь маш сайн, руль нь мэдрэмжтэй, машин маань үйлдлүүдээ шуурхай, яг таг гүйцэтгэнэ. Тэнхлэг нь ч бат бөх. Харин тогтворжуулах систем байхгүй. Гэхдээ зүгээрээ, шарвалаа гэж бодоход жолооны хүрд нь байдлыг аваад гарчихна.
Энэ хэдээс Nissan X-Trail хамгийн ширүүн төрхтэй нь байв. Patrol-ийн хамаатан болохоор ч аргагүй дээ. Хаалга нь гурван давхар жийргэвчтэй учраас зорчигчдын өмд, хүрэмний хормой үргэлж цэвэр явна. Салон нь нүдэнд дулаахан өнгөтэй зөөлөн хуванцар, титан оруулга, савхин бүрээс бүхий орчин үеийн, тансаг хийцтэй. Жолооны хүрдэн доорх пирамид хэлбэртэй араа шилжүүлэгч нь гарт их эвтэйхэн. Харин агааржуулагчийг удирдах гэж нэлээн ноцолдлоо. Зүүн доод хэсэгт суурилуулсан их гэрэл шүршигч, толины удирдлага гэх зэрэг олон товчлуурыг асаах гээд тэмтэрч байтал ESP салгаж ч мэдэхээр.
Урд суудлууд автомат тохируулгатай. 180 см өндөртэй хүн хаана ч суусан толгойноос нь дээш 70- 80 мм зай үлдэнэ. Арын суудалд гурвуулаа тохилог суугаад явчихна. Даанч хойд цонхнууд ердөө тал онгойдог.
Хөдөлгүүр асаангуут стартерийн чанга чимээ чихэнд чийртэй сонсогдоно. Харин өргөн хавтгай капот нь хэмжээлшгүй их хүч мэдрүүлж, итгэл төрүүлнэ. Гэм нь хурдлаад ирэхээр хөдөлгүүр нь нэлээн дуу чимээтэй. ABS ч мөн ялгаагүй дуу ихтэй. Тэнхлэг нь хатуу ч гэсэн хэр баргийн цохилт даахаар бат бөх, донсолгоо шингээдэг, ажиллагаа сайтай.
Tucson бол гаднаасаа аятайхан, орчин үед нийцсэн төрхтэй автомашин. Нүдэн баримжаагаар харахад бусдаасаа хамгийн авсаархан багаажтай, жижиг сүүлтэй ч том хамартай.
Салон нь нямбай хийцтэй мөртлөө цаанаа л бүүдгэр, өнгө муутай. Хуванцар нь хатуу, гөлгөр. Солонгосчууд олон ч автомашиндаа энэ чанаргүй хуванцраа хэрэглэсээр ирсэн. Нэмээд руль нь хэт энгийн хийцтэй.
Hyundai Tucson их олон тэмцээнээс гранпри хүртэж байсан
Суудлууд нь хавтгай хэрнээ олон төрлийн тохируулгатай. Бүсэлхийн түшлэг нь дажгүй. Арын зорчигч суудлаа налуулахаар дэр нь бага зэрэг хойшилдог нь санаанд оромгүй гэнэтийн бэлэг байлаа. Багаажны шал нь хотгор гүдгэргүй хавтгай учир ачаа ачихад эвтэйхэн. Кузовын шалан дор запаас дугуй хийх хэсэгтэй. Жижиг сажиг зүйлээ хаалга онгойлголгүй цонхоороо оруулж болно.
Энэ дундаас Hyundai Tucson бол V хэлбэрийн зургаан цилиндртэй хөдөлгүүрээрээ онгирч чадах цор ганц кроссовер юм. Нөгөө гуравтай харьцуулахад машины нийт жингийн 60 хувь нь урд дугуйнд ногддог учир сайн тогтворшилтой гэсэн үг. Руль нь зөөлхөн. Сайн амортизаторын ачаар жижиг сажиг бартааг мэдрүүлэхгүй давхина. Хөдөлгүүр нь чадалтай, автомат хурдны хайрцаг нь зөөлөн ажиллагаатай.
Toyota RAV-4 өнөөдрийн дөрвөл дотор хамгийн бага овортой нь байв. Бөмбөгөр хэлбэртэй, тоглоомон мэт энэхүү автомашиныг эмэгтэй хүнд зориулсан болов уу гэлтэй. Өө халаг гэж, магтаад эхэлсэн чинь цагаан хэл ам хүрчихэв үү яав? Хаалганы эргэн тойрныг маш том завсар гаргаж угсарсанд сонирхол хөдлөөд шугамаар хэмжиж үзлээ. Ээдээ, гадаадын тэр дундаа Toyota маркийн автомашинд 5-7 мм завсар гаргана гэдэг байж боломгүй дутагдал шүү!
За гаднаасаа ийм байдаг юм байж, салон руу шагайж харъя. Хатуу боловч дажгүй хээтэй хуванцар, савхи, зарим хэсгээрээ хөнгөн цагаан оруулгатай. Онц гойд дотоод засалтай биш ч боломжийн юм. Даргын суудалд суусан зорчигч том овортой урд самбарт өвдгөөрөө тулна. Руль нь жижиг, гэхдээ гарт эвтэйхэн. Жолоочийн хонхор суудал нь гурван төрлийн механик тохируулгатай.
190 см өндөртэй хүн аль ч суудал дээр тохилог суучихна. Харин том биетэй хүмүүс ихдээ л дөрвүүлээ явахаас аргагүйд хүрнэ. Хоёрдугаар эгнээний буйдан голоороо заадастай, дээр нь хоёрхон ширхэг толгойн түшлэгтэй болохоор хажуугаар нь чөргөр эр суухад ч шахцалдана. Ер нь нэлээн хавчиг тэрэг.
Харин биед эвтэйхэн жолоочийн суудал нь спорт машинд суусан мэт мэдрэмж төрүүлж байна шүү. Нэмээд спорт машиных шиг хатуу тэнхлэгтэй болохоор хар замын жижиг хагархайг ч андахгүй. Эхлээд мэдээж машинаа мэдэрч явахад энэ байдал их зүгээр л дээ. Гэхдээ сүүлдээ машин маань рулийн “тушаалыг” их л дурамжхан биелүүлдэг нь тиймхэн. Автомат хурдны хайрцаг нь шуурхай ажиллагаатай боловч заримдаа угзарч шилжинэ. Хөдөлгөөний үед салонд дуу чимээ нэвтрэх нь бага. Гэхдээ хөдөлгүүрийн эргэлт 4000 гараад ирэхээр нэлээн дуу орно. Сайн тоормос нь сайхан сэтгэгдэл төрүүлж байтал тэртэй дээрээс гишгэгддэг дөрөө нь тэр бүр мэдрэмжийг баллаж хаяна. Туршилт дуусаад түлш зарцуулалтыг хэмжиж үзэхэд 100 км-т 10.6 литр бензин идсэн байв. Давгүй юм гээч!
ШИЛДЭГ БАГТААМЖ
Энэ номинацид Honda CR-V маргаангүй ялагч мөн. Хамгийн өргөн бөгөөд өндөр салонтой. Том багаажтай. Арын буйдангийн түшлэг буулгахгүйгээр 525 литр ачаа багтана. Хоёрдугаар байрыг харьцангуй богино сүүлтэй ч урт, өргөн баазтай Hyundai Tucson эзлэв. Уг нь бараг Honda шиг саруулхан зайтай хэрнээ багаажны эзлэхүүн нь ердөө 325 лит. Nissan X-Trail-ийн салон дундаж өргөнтэй. Зузаан дээврийн улмаас тааз намхан. Гэхдээ багаажны багтаамж нь 410 литр. Тоглоом шиг жижигхэн, хавчиг боловч тааз өндөр Toyota RAV-4-т нөөц дугуй шургуулах хэсэг алга. Үүний ачаар салоны хойд хэсгийн шал нь жигтэйхэн намхан, багааж нь өндөр. Арын суудлын түшлэгийг буулгаж, хүсвэл тэр чигт нь салгаж болно. БАРТААТ ЗАМЫН ХААН Тэргүүн байрыг Nissan X-Trail зүй ёсоор эзлэв. Өнцөглөг загвартай уг машин 11.7 секундэд 100 км/цаг хүртэл хурдалж, дээд хурд нь 176 км/цаг байсан тул туршилтад оролцогсдоос хамгийн хурдан нь байж таарав. Хоёрдугаар байрт хурдаа 12.5 секундэд авдаг, 160.6 км/цагийн дээд хурдтай хоёр литрийн хөдөлгүүр бүхий Honda CR-V оров. Харин гуравдугаар байрыг хурдаа 13.0 секундэд авдаг, 161.5 км/цагийн дээд хурдтай Toyota RAV-4 эзэллээ. Хүчирхэг Hyundai Tucson маш сайн динамиктай (12.0 секунд ба 169 км/цаг) боловч 100 км/цагийн хурднаас огцом тоормослохдоо бүхэл бүтэн 2.3-3 метр зам туулж, баян ходоод болов.
АШИГТАЙ ХУДАЛДАН АВАЛТ
Hyundai Tucson бусдыгаа бодвол хамгийн хямд нь байж чадлаа. Дажгүй тоногтой, чадалтай V6 хөдөлгүүр, автомат хурдны хайрцагтай хувилбар нь 25990 ам.долларын үнэтэй. Ард нь орсон Nissan X-Trail 29.900 “ногоон”-ы үнэтэй байв. RAV-4 тоногоосоо хамаараад 35900 хүрсэн бол Honda CRV- ийн үндсэн үнэ л гэхэд 33900 ам.доллар байж, бусдаасаа хамгийн үнэтэй нь боллоо.
ГАЗАР САЙГҮЙ ЯВАГЧ
Tucson-д мэргэжлийн автомашин шиг хүчээр муфт холбож, салгах боломж бий. Нэмээд чадалтай хөдөлгүүр, саадыг туулах өнцөг зэрэг давуу талынхаа ачаар уг номинацид тэргүүн байр эзэллээ. Тэгвэл хоёрдугаар байр эзэлсэн Nissan X-Trail нь auto-гаас гадна муфтыг бүрэн салгаж, зөвхөн урд хоёр дугуйг хөтлөх 2WD болон муфтыг хэсэгчлэн салгаж, хүч авалтын 40 хувийг хойд дугуйнд дамжуулах lock горимтой. 60 хувийн налуу газар өгсөх даалгавар дээр жин-хүч авалтын харьцангуй байдал, тааруухан муфт, газраас тэнхлэг хүртэлх намхан зайнаас болж Honda CR-V тэнцсэнгүй. Toyota RAV-4-өөр гулгаа ихтэй, бага зэргийн бартаат зам болон элсээр явахад хамгийн тохиромжтой. Харамсалтай нь нэг суучихвал хөдөлгүүр нь дугуйгаа эргүүлж дийлдэггүй. Мөн машинд таван хүн суулгаад, дээр нь 2-3 чемодан ачвал замтайгаа наалдаж, засмал замаас өөр газар явах аргагүйд хүрнэ.
Зарулём
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй