Агуу хүмүүс мөнхөд амьдардаг

Спорт

Юм бүхний анхдагч байна гэдэг сайхан. Яг ийм хувь тавилан Коннектикут мужийн Стэмфорд хотод төрсөн Жеки Робинсонд тохиожээ. Түүнийг MLB-гийн түүхэнд мөрөө үлдээсэн анхны хар арьст тоглогч гэдгээр нь хүн бүхэн мэднэ. Тэрбээр 1919 оны нэгдүгээр сарын 31-нд таван хүүхэдтэй айлын бага хүү болон мэндэлжээ. Бяцхан хүүг нэг настайд эцэг нь гэр бүлээ орхин явсан юм. Энэ цагаас хойш хүүгийн ээж Малье Робинсон таван хүүхдээ ганцаар өсгөжээ. Хөвгүүний бага нас тийм ч хялбар өнгөрсөнгүй. Ядуу тарчиг амьдралтай, хөршүүд нь дандаа дээрмийн бүлгийн гишүүд байсан гэдэг. Робинсон ч тэдний адил танхай залуу болон өсч байлаа. Аз болоход найз Карл Андерсон нь түүнийг энэ бүхнээс хөндийрүүлж дөнгөсөн юм.

Робинсоны гэр бүлд тэр ганцаараа спортын авьяастан байсангүй. Төрсөн ах Мак Робинсон нь 1938 оны зуны олимпод 200 метрийн гүйлтэнд мөнгөн медаль хүртэж байсан гэдэг. Жеки өөрөө ч спортод элдэвтэй нэгэн. Ахлах сургуульд байхаасаа л спортын дөрвөн төрлөөр зэрэг хичээллэж эхэлсэн гэдэг. Энэхүү авьяас нь түүнд UCLA-д суралцах боломж олгожээ. Залуу авьяастан маань сургуулийнхаа бейсбол, сагсан бөмбөг, америк хөлбөмбөг, хөнгөн атлетикийн багт орсон анхны тамирчин болов. Уртын харайлтаар NCAA-гийн аваргаар тодорч, америк хөлбөмбөгөөр багийнхаа гол тоглогч нь болж, Бүх Америкийн багт нэрлэгдсэн юм. Харин их сургуульд байхдаа бейсболоор төдийлэн амжилт гаргасангүй. Ер нь түүний хувьд хамгийн тааруу амжилт үзүүлсэн спорт нь бейсбол байв. Харамсалтай нь тэр сургуулиа төгсөж чадсангүй.

Дэлхийн II дайн эхэлсэн учир 1941 онд цэрэгт татагджээ. Цэргийн албыг хоёр жил хаагаад эх орондоо буцаж ирлээ. Дайны үеэр хар, цагаан арьстнуудын харьцаа харьцангуй нааштай болсон ч хүмүүс мэргэжлийн спортод өнгөт арьстнууд тоглох эрхгүй гэж үзсэн хэвээр л байв. Тиймээс хар арьстнууд тусдаа лигийн тэмцээн зохион явуулдаг байлаа. Дайнаас эргэн ирсэн Жеки харуудын лигт тоглох болов. Харин тэр үед “Бруклин Дожерс” багийн менежер Брэнч Рики багтаа хар арьст тоглогч авчрахаар шийджээ. Түүний сонголт нь Робинсон байлаа. Ийн Робинсон мэргэжлийн бейсболд тоглосон анхны өнгөт арьст тоглогч болжээ. Энэ сонголтоороо Брэнч түүний амьдралыг орвонгоор нь өөрчилсөн юм. Цочмог түргэн ууртай, биеэ барих чадвар суугаагүй залуу эрд Рики их зүйл зааж, ойлгуулсан гэдэг. Мэдээж Робинсон болон Рикид дарамт шахалт их ирж байсан нь тодорхой. Харин энэ бүхнийг талбай дээр гараад хийдэг зүйлээрээ намжааж чаддаг байв.

Эхний жил буюу 1946 онд тэр хөгжлийн лигт тогложээ. Тус лигт өөрийгөө хангалттай харуулсан түүнийг үндсэн багт дуудсанаа 1947 оны улирал эхлэхээс зургаахан хоногийн өмнө зарласан гэдэг. Улирлын эхний тоглолтод "Дожерс"-ын “Эббетс” цэнгэлдэхэд 26 мянган үзэгч цугларсны 14 мянга нь хар арьстан байжээ. Тэрхүү улиралд нийтлэлийн гол баатар маань тун сайн тоглож багаа 94 хожил, 60 хожигдолтойгоор лигийг тэргүүлэхэд тусалсан юм. Улмаар аваргын төлөө “Янкиз”-д хожигдсон билээ.

Тэрхүү улиралд лигийн зүгээс оны шилдэг шинэ тоглогчийг анх удаа зарлаж, эзнээр нь Жеки тодорчээ. Хожим 1987 оноос уг шагналыг Жеки Робинсоны нэрэмжит болгохоор шийдвэрлэсэн юм. Үүнээс хойш хоёр жилийн дараа Жеки оргил амжилтаа үзүүлэв. “Дожерс” 97 хожилтойгоор лигийг дахин тэргүүлж, бүсийнхээ аваргаар тодорсон төдийгүй гол тоглогч Робинсон нь улирлын үнэ цэнэтэй тоглогчоор тодров. Харамсалтай нь цомын төлөөх тоглолтонд өнөөх “Янкиз”-д дахин ялагдсан түүхтэй. Гэхдээ 1955 онд хоёр баг аваргын төлөө дахин шалгарч үлдэхэд “Дожерс” хариугаа авч, Робинсон анх удаа аваргын цом өргөсөн билээ. Харин 1956 он бол түүний сүүлийн улирал байжээ. Энэ үед 37 нас хүрсэн Жеки өмнөх шигээ онцгой амжилт үзүүлж чадахгүй байв. Тиймээс баг нь улирал дуусгаад мөнхийн өрсөлдөгч гэгдэх “Нью-Йорк Янкиз” руу явуулахаар тохирчээ. Энэ шийдвэрийг сонссон Робинсон зодог тайлах шийдвэр гаргасан юм.

Түүнийг мэргэжлийн спортоо орхисноос таван жилийн дараа “Алдрын танхим”-д нэрийг нь мөнхжүүлжээ. Жеки бейсболын ногоон зүлэг дээр дахин гарахаа больсноос хойш ч гэсэн анхдагч гэсэн нэрээ алдсангүй. Алдарт ABC суваг 1965 онд тоглолт тайлбарлуулах хүсэлт түүнд тавьжээ. Үүгээрээ тэр өнгөт арьстнуудын түүхэнд эхний тохиолдлын эзэн болсон юм. Жилийн дараа “Дожерс”- ийн менежер болсон ч энэ ажил нь урт настай байгаагүй гэдэг. Мөн 1957-1964 оны хооронд лигийн дэд ерөнхийлөгчийн ажилд нэр дэвшиж, сонгогдсон нь түүхэнд байгаагүй үзэгдэл. Бейсболын холбооны ажлаас гараад өөр салбарт хүч үзэхээр шийдэж, хэсэг нөхдийн хамт банк байгуулжээ. Мөн л тэр банкны Удирдах зөвлөлд орсон анхны хар арьст хүн болжээ.

Энэ домогт тамирчин 1972 онд гэртээ унтаж байгаад зүрх нь хаагдаж, хорвоог орхисон юм. Түүнийг бурхан болсноос хойш ч хүмүүс дурссаар байв. 1999 онд “Time” сэтгүүл түүнийг ХХ зууны 100 чухал хүний тоонд оруулжээ. Мөн “Sporting News” сонин бейсболын шилдэг 100 тамирчны 44-т нэрлэсэн гэдэг. Харин 1997 онд лигийн зүгээс түүний 42 дугаарыг бүх багт мөнхөлжээ. Энэ нь Америкийн мэргэжлийн лигүүдийн хувьд бас л анхны тохиолдол байлаа. Мөн тэр жил Нью-Йоркт түүний нэртэй хурдны зам тавьсан юм. 2005 онд Ерөнхийлөгч Жорж Буш түүнийг конгрессийн алтан медалиар нэхэн шагнаснаа зарлаж, гэр бүлд нь гардуулж байжээ. 2009 онд Нью-Йоркт түүний музейг байгуулсан гэнэ. Хамгийн сүүлд түүний бодит амьдралаас сэдэвлэсэн “42” кино үзэгчдийн хүртээл болсон билээ. Агуу хүмүүс мөнхөд амьдардгийн бодит жишээ энэ буюу.

САНАЛ БОЛГОХ