Валют арилжааны цахим талбартай болсноос хойш 35.3 сая ам.долларын арилжаа хийгдээд байна

Мэдээ

Дотоодод нэвтрээд байгаа банк хоорондын валют арилжааны цахим талбартай болсноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 59 удаагийн арилжаа хийгдсэн байна. Үүгээр 35.3 сая ам.доллар болон 4.8 сая юанийн арилжаа хийгдсэн үзүүлэлттэй байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад арилжааны хэмжээ 2.7 дахин, арилжааны давтамж тав дахин нэмэгджээ. Энэхүү цахим арилжааны талбарт арилжааны банкнууд шууд оролцох боломжтой боловч аж ахуйн нэгж, Банк бус санхүүгийн байгууллагууд болон иргэд 10.00 -16.30 цагийн хооронд харилцагч банкаар дамжуулан валют худалдах, худалдан авах саналаа оруулах боломжтой. Ийнхүү одоогоор цахим арилжааны талбарт зөвхөн банкнууд л оролцох боломжтой бол үүнийг арилжааны нэгдсэн платформ болгон өргөжүүлж нэвтрүүлснээр эдийн засгийн бүхий л оролцогчид оролцох боломжтой гэж Төв банк үзэж байна. Тухайлбал, гадаад валютын дотоод захад оролцоо өндөртэй байдаг Банк бус санхүүгийн байгууллагууд, экспорт импортын аж ахуйн нэгжүүдийн өндөр оролцоо хангагдана гэж үзэж байна.

Одоогоор нэвтрээд байгаа банк хоорондын валют арилжааны цахим талбар нь жижиг хэмжээний биржийн систем учраас түүний найдвартай, үр ашигтай ажиллагаа нь оролцогчдоос мэргэжлийн өндөр ёс зүйг шаардах талаар Монголбанк онцолж байна. Тиймээс Монголын банкнуудын холбоотой хамтран боловсруулсан "Арилжааны мэргэжилтний ёс зүйн дүрэм"-ийг талууд мөрдөж ажиллахаар болжээ. Шаардлагуудыг хангасан учраас Монголбанкнаас Худалдаа, Хөгжлийн банк болон ХААН банкийг 2017 оны II улирлын үндсэн дилерээр томилсон байна.

Дээрх хоёр банк “Гадаад валютын дуудлага худалдаа”-нд илүү саналын эрхтэйгээр оролцох, арилжаа идэвхтэй явуулах үүрэг хүлээж байгаа юм. Цаашид "үндсэн дилер"-ийг гэрээнд заасан шалгуурын дагуу сонгож, Монголбанк улирал бүрийн эхний сарын долооны өдөрт багтаан зарлаж байх юм байна. Банк хоорондын валют арилжааны талбар нь зах дахь төлбөр тооцоо, мэдээллийн эрсдэлийг бууруулж, спот ханш бүрэлдэх явцад ханшийн зөрүү буурсныг Төв банк мөн онцолж байгаа юм. Цаашид эрс нэмэгдээд байгаа арилжааны идэвх өснө гэж үзэж байна.




САНАЛ БОЛГОХ