Б.Марал: Адил сэтгэдэг хүмүүстэй хамтран ажиллана гэдэг адал явдал
Амьдралын лотерейд хүн бүр азтай байдаггүй
“Залуус” булангийн энэ удаагийн зочин Баяраагийн Марал. Тэрбээр хиймэл дагуулын өгөгдлийг мега төслүүдийн төлөвлөлтөд хэрхэн ашиглах боломжийн талаар сонирхолтой илтгэлийг хэдхэн хоногийн өмнө гадаад дахь монголчуудын “Монгол орны хөгжилд” XIII чуулганд оролцохдоо тавьсан билээ. Лондонд дунд сургуулиа төгсөж, Бристол их сургуульд бакалавр, мастераа хамгаалсан Б.Марал одоо “Airbus Defence and Space”-д ажилладаг.
-“Airbus”-д ямар ажил эрхэлдэг вэ?
-“Airbus Defence and Space”-д геологийн тандан судалгааны аналист хийдэг. Зайны тандан судалгаа гэдэг нь хиймэл дагуулын өгөгдлөөр буюу тухайн бүтцэд хүрэлцэхгүйгээр газрын гадаргуугийн чанар ба геологийн бүтцийг хэмжиж, тайлбарлахыг хэлдэг. Өдөр тутамд бол уул уурхайн хайгуул, инженерийн төлөвлөлт ба байгаль орчны суурь судалгаа гээд олон чиглэлд хиймэл дагуулын өгөгдлөөр дүн шинжилгээ боловсруулдаг.
- Анх энэ ажилд яаж орсон түүхээ хуваалцахгүй юү?
-Ажил орсон түүх минь их энгийн. Компанийн цахим хуудаснаас энэ ажлын байрны мэдээллийг аваад их олзуурхсан. Тиймээс ажилд орохыг хүс- сэн өргөдлөө намтрын хамт илгээсэн юм. Нэг их удалгүй хүний нөөцөөс нь холбогдож, янз бүрийн техникийн асуултанд уртаа гэгч хариу шаардсан. Хамгийн сүүлд одоо хамтран ажиллаж буй багийн ахлагч болон хэсгийн даргатайгаа уул- захаар ярилцлагад уригдсан даа. Мэдээж их сургуульд бүхнийг заадаггүй. Харин яаж бие дааж өөрөө суралцахыг л бид сурдаг. Тиймээс ч компанийнхаа өөрөө ч сайн мэддэггүй зарим нэг ажиллагаанд анхааран “Google Scholar”-аас янз бүрийн шинж- лэх ухааны сэтгүүлд хэвлэгдсэн сүүлийн үеийн судалгаатай танилцах замаар ажилд орох шат бүрт уйгагүй бэлдсэн.
-Нисэхийн салбарт ажиллах нь мөрөөдөл байсан уу?
-Үгүй ээ. (инээв).
-Үгүй бол, яагаад энэ салбарт орох болсон юм бэ?
-Би уг нь геологич хүн. Мэргэжлээрээ суралцаж байхдаа анх зайны тандан судалгааг геологийн ажиллагаанд хэрхэн хэрэглэдэг тухай сурсан. Ийм судалгаа манайх шиг өргөн уудам газар нутагтай орны хайгуул ба инженерийн ажилд маш тустай, эрсдэлийг бууруулж, зардлыг ихээр хэмнэх давуу талтай юм байна гэж мэдсэн. Тиймээс илүү гүн судлая гэсэн хүслээр суралцаж эхэлсэн дээ.
-Геологич болоход юу нөлөөлсөн бэ. Ирээдүйд хэр зэрэг хэрэгцээтэй мэргэжил вэ?
-Миний ээж, эмээ хоёрын амьдрал надад хурц бөгөөд гүн гүнзгий сэтгэгдэл үлдээсэн. Дуртай зүйлээрээ хоолоо олдог нь тэдний минь нийтлэг чанар. Дуртай зүйлээ хийж амьдрахаас өөр сэтгэл санааны хувьд хангалуун байх боломж хүнд байхгүй. Мөнгөнөөс ч илүүтэй амжилтын хэмжүүр нь энэ гэж би хэлнэ. Ээж, эмээ хоёр бол миний биширч явдаг эрдэмтэд. Эмээ минь палеонтологич, харин ээж минь эм судлаач. Геологийн ач холбогдол, хэрэгцээ ирээдүйд улам нэмэг- дэнэ гэдэгт би огт эргэлздэггүй. Хүн төрөлхтнийг одоогийн газрын тосны донтолтоос гарах тулаанд сэргээгдэх эрчим хүч л аварна. Тэгээд ирээдүйд нар ба салхин турбин, эсвэл цахилгаан машинд тог дамжуулахад зэс утаснаас эхлээд их хэмжээний олон төрлийн металл хэрэгтэй. Харин геологийн шинжлэх ухааныг сайн ойлгож, дэвшүүлж байж л энэ бүх металлын эрэлтийг хангана шүү дээ.
-Шинжлэх ухаанд ингэтлээ татагдаж, хүсэл мөрөөдлөө дагаад явж байгаа тань үнэхээр бахархал төрүүлж байна?
-Баярлалаа. Хүсэл мөрөөдөлгүй, тэр тусмаа залуу хүн бараг байхгүй байх. Харин өнөөгийн нийгмийн шахалтаас болж хүсэл мөрөөдлөө өөрсдөө үгүйсгэсэн, эсвэл хүсэл мөрөөдөлдөө тэмүүлэх боломж нь хэзээ ч бүрдээгүйгээс ингэж харагддаг ч байж болох юм. Жишээ нь, багадаа их шохоорхож байсан зүйлийг нь эргэн тойрныхон нь хэнд ч хэрэггүй мэргэжилд хүргэнэ гээд хориглоод, шал дургуй чиглэлд нь шахсан байх тохиолдол их. Эсвэл хүсэл мөрөөдөл хэчнээн их байвч гэр бүлээ тэжээх гээд багаасаа ажил хийж, сурч боловсрох боломж нь хэзээ ч бүрдээгүй хүмүүс ч олон бий. Амьдралын лотерейд хүн бүр азтай байдаггүй.
Коммунизм зөндөө дутагдалтай ч гайхалтай тал олон. Эрмэлзэлтэй бас чадалтай л бол манай ээж, эмээгийн үеийн хүмүүс нийгмийн ялгаа, гэр бүлийн боломжоос үл хамааран Засгийн газрын ивээлээр сайхан боловсрол эзэмшсэн. Тийм ч учраас бидний энэ цаг үеийн бахархал болсон олон хүн тэрхүү системээс төрж чадсан.
-Та Баянзүрх хайрхныг ойжуулахад сансрын зураг гаргаж өгсөн байсан?
-Эрдэнэчулуун ахын Баянзүрх хайрхныг ойжуулах ажлын санаа надад маш их таалагдсан. Иргэн бүр ганц мод тарихад л бүгдээ- рээ байгаль орчин, амьсгалдаг агаар, уудаг усаа нэгдэн хамгаалахад хэмжээлшгүй их хувь нэмрээ оруулж байна гэсэн үг. Ойжуулах ажлын явц хэрхэн түгэн дэлгэрч буйг нь хиймэл дагуулын өгөгдлөөр сар болгон хянаж өгч дэмжихийг би хүссэн юм.
Миний хувьд энэ ажил бол ер нь томоохон хөдөлгөөн, ургуулан бодоход нийгмийн хувьсгалын эхлэл ч юм шиг мэдрэмж төрсөн. Эх орондоо болж байгаа үйл явцыг ганц албан тушаалтнуудад найдахгүйгээр, бор зүрхээрээ нэгдэн ажиллах нь бидний үүрэг хариуцлага юм. Тэгээд ч адил сэтгэдэг хүмүүстэй танилцан, хамтран ажиллах шиг адал явдал үгүй. Иймэрхүү нэгдэн нийлэхийн үлгэр дууриаллыг хилийн чанадад ажиллаж амьдарч буй ах, эгч нараасаа авч байгаа л даа. Жишээ нь, миний аж төрж байгаа Их Британи дахь Монголчуудын холбоо нь Цахим өртөө болон Европын бусад орны монголчуудын холбоодтой хүчээ нэгтгэн 13 дахь жилдээ уламжлалт чуулганаа түрүү сард зохиосон. Энэ ажил бидний оюуны нэгэн чухал нэгдэл.
-Монголын Улаан загалмайд зориулж бүх нийтийн гүйлт зохион байгуулж, 5000 еврогийн хандив босгож өгч байсан. Ийм арга хэмжээ хэзээнээс зохиож эхэлсэн бэ?
-Иймэрхүү арга хэмжээний зохион байгуулах комисст ажиллаж байсан үе мэр сэр бий. Хамгийн анх гэвэл Англид дунд сургуульд байхдаа Монгол дахь хүүхдийн нэгэн эмнэлгийг номын сангийн булантай болоход нь тусалж байсан. Дүрэмт хувцасгүй өдрийг багш нарынхаа зөвшөөрөлтэй зохион байгуулсан юм. Нэг ёсондоо энэ өдрөөр сурагчид жирийн хувцас өмсөж, дүрэмт хувцасныхаа оронд хуучин номноосоо авчирч хандивлаж байсан.
Өнгөрсөн долоо хоногт бас Монголын Улаан загалмайд хандив босгох ээлжит гүйлтээ зохион байгуулсан. Монголчуудад туслах гэсэн манай хамт олны сэтгэл хувираагүй байсанд би их баярласан шүү.
-Чөлөөт цагаа яаж өнгөрүүлдэг вэ?
-Чөлөөт цагаараа тосон будгаар зурж, зургийн үзэсгэлэнгээр тэнэж, эсвэл оршихуйн философийн төлөөлөгчид болох Альберт Камю, Герман Гессе эсвэл Симон де Бовуар гэх мэт зохиолчийн бүтээлийг уншдаг.
-Тосон будгийн хэр олон зурагтай вэ. Гэр бүлд нь зураач хүн байгаа юу?
-Сайн мэдэхгүй байна. Тоолж байсангүй. Гэхдээ нэлээд олон зураг бий. Миний аав мундаг зурдаг, урлагийн их нарийн мэдрэмжтэй хүн л дээ.
-Ямар хүн болохыг хүсдэг вэ?
-Их том асуулт байна. Дотоод чанарын хувьд бол тайван, өөрөө өөрийгөө сайн ойлгодог хүн болохыг хүсдэг. Магадгүй энэ хүсэл бодлоосоо болж би энэ оршихуйн философийн төрөлд баланд дурласан баавгай шиг татагддаг байх аа.
Дуртай зүйлээ хийж амьдрах нь мөнгөнөөс ч илүү амжилтын хэм жүүр гэж би боддог5
Ойжуулах ажлын явц хэрхэн түгэн дэлгэрч буйг нь хиймэл дагуулын өгөгдлөөр сар болгон хянаж өгч, дэмжихийг хүссэн юм.
“Airbus Defence and Space”-ийн бидэнд туслах гэсэн сэтгэл хувираагүй байсанд баярласан
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй