22 компани 20.19 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгоно

Мэдээ

Компанийн тухай хуулийн дагуу хувьцаат компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийгээд байна. Тухайлбал, хуулийн хугацаа дуусахаас өмнөх сард буюу дөрөвдүгээр сард нийт 122 хувьцаат компани хурлаа хийжээ. Энэ онд 134 хувьцаат компани буюу бүртгэлтэй компаниудын 61 хувь нь хурлаа хийхээр зарлаад байсан юм. Энэ нь өмнөх оныхоос хоёр хувиар буурсан үзүүлэлт боловч энэ хугацаанд мөн бүртгэлтэй компанийн тоо буурсан учраас жил бүр хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулдаг компанийн тоо тогтвортой байна.

Хувьцаа эзэмшигчийн санал өгөх эрхээ хэрэгжүүлэх гол хэлбэр нь хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох байдаг. Хэдий тийм боловч хувьцаа эзэмшигчдийн бүртгэл, мэдээлэл хангалтгүй байдаг учир хурлын зар, тов хэлэлцэх зэрэг чухал мэдээллүүдийг цаг тухайд нь авч чадаагүйгээс хуралд оролцож, санал өгөх үндсэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байх нь цөөнгүй байдгийг компанийн засаглалын үндэсний төвөөс хэлж байна. Харин ТУЗ нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн байдаг.

Энэ хүрээнд тавдугаар сарын нэгний байдлаар 22 компани нийт 20.19 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлээд байна. Энэ нь өмнөх оноос 4.42 тэрбум төгрөг буюу 28 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг marketinfo.mn-ийн зах зээлийн шинжээчид онцолж байна. Нэгж хувьцаандаа хамгийн өндөр ногдол ашгийг “Зоос гоёл” компани 6000 төгрөг, “Жуулчин Дюти фрий” компани 5000 төгрөг, “Гутал” компани 3175 төгрөг олгох гэж байна. Үнийн дүнгийн хувьд “МИК Холдинг” компани нийт 9.7 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгох бол “Гутал” хувьцаат компани 5.14 тэрбум төгрөг, “Говь” компани 1.56 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгохоор болжээ.




САНАЛ БОЛГОХ