Хятад гүзээлзгэнийг монгол гэж зарж байна

ЗГМ: Тодруулга

Иргэд хүнсний бүтээгдэхүүн импортлох эрхгүй

Сүүлийн үед гудамж талбайд дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүний нэрийг барьж, гарал үүсэл нь тодорхойгүй, хаяг шошгогүй, урд хөршөөс оруулж ирсэн гүзээлзгэнийг хямд үнээр худалдах зөрчил гарч байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нэгдсэн аян өрнүүлж, гар дээрээс худалдаа эрхлэгчдийг шалгажээ. Иргэдийг чанарын шаардлага хангахгүй жимс жимсгэнэ худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлэх үүднээс нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын байцаагч Ц.Булганаас зарим зүйлийг тодрууллаа.

-Хотын гудамж талбай, томоохон захуудын гадна талбайд савласан гүзээлзгэнийг гар дээрээс худалдах боллоо?

-Дулаарч байгаатай холбоотойгоор хотын гудамж талбайд ил задгай худалдаа үйлчилгээ эрхлэх явдал ихсэж байна. Ер нь сүүлийн жилүүдэд автомашины тэвшний ард болон хайрцаг саван дээр, явган хүний зам дагуу худалдаа хийх зөрчил нэмэгдэх хандлагатай байгаа. Тиймээс нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн холбогдох байгууллага болон цагдаагийн байгууллага хамтран өнгөрсөн долоо хоногт гар дээрээс худалдаа наймаа эрхлэгчийг шалгасан. Шалгалтаар наймаачид БНХАУ-аас оруулж ирсэн гүзээлзгэнийг “Барс” худалдааны төвөөс бөөндөж, жижиглэнгээр савлан, дотоодын аж ахуйн нэгжийн нэрийг барьж худалдах зөрчил илэрсэн. Тиймээс иргэд худалдан авалт хийхдээ хаяг шошгоны мэдээллийг нэн түрүүнд харж, шаардлагатай гэж үзвэл гарал үүслийн гэрчилгээг нь харах хэрэгтэй.

-Гар дээрээс худалдаж буй урд хөршийн гүзээлзгэнэ чанарын шаардлага хангаж байгаа юу. Импортод ямар хяналт тавьдаг вэ?


-Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн их эрсдэлтэй ангилалд хамаардаг. Монгол Улсын хилээр их эрсдэлтэй бүтээгдэхүүн оруулахдаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас импортын мэдэгдэл авах ёстой. Мөн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай болон Хүнсний тухай хуулиар хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж импортолно гэж заасан байдаг. Тэгэхээр иргэд хүнсний бүтээгдэхүүн импортлох эрхгүй юм. Харин иргэн, аж ахуйн нэгж хүнсний бүтээгдэхүүний импортын мэдэгдлийг МХЕГ-ын Хилийн мэргэжлийн хяналтын газраас авахдаа тухайн бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ, ургамлын эрүүл ахуй болон чанарын гэрчилгээний бүхий л бичиг баримтыг бүрдүүлэх ёстой. Ингэснээр импортын мэдэгдэл авах эрх үүсдэг гэсэн үг.

-БНХАУ-аас оруулж ирэн, “Барс” зах дээр бөөндөж байгаа гүзээлзгэнэ дээрх шаардлагыг хангаж байгаа юу?

-Замын-Үүд дэх Хилийн мэргэжлийн хяналтын газраас импортын бүтээгдэхүүний баримт бичгийн хяналт шалтгалтыг хийдэг. Мөн тухайн бүтээгдэхүүнд лабораторийн шинжилгээ хийснээр хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрдөг юм. Хилээр оруулсны дараа зориулалтын тээврийн хэрэгслээр худалдааны төвүүд рүү тээвэрлэж, мөн стандартын шаардлага хангасан зооринд хадгалах шаардлага тавьдаг. Тиймээс “Барс” дээр бөөнөөр нь худалдаж байгаа гүзээлзгэнэ чанарын шаардлага хангадаг. Харин автомашины тэвшний ард, эсвэл ил задгай худалдаж байгаа иргэдийн хувьд хаяг шошгогүй, жижиглэнгээр савлан зөвшөөрөлгүй газар худалдаа наймаа эрхэлж байгаа нь зөрчилд тооцогдож байна.

-Зөрчил гаргасан иргэдэд ямар хариуцлага ногдуулдаг вэ?

-Нийтийн эзэмшлийн гудамж талбайд зохих зөвшөөрөлгүй худалдаа эрхэлсэн, гарал үүсэл нь тодорхойгүй бүтээгдэхүүн худалдсан зэрэг зөрчлийг харгалзан худалдаж буй бараа бүтээгдэхүүнийг хураах, шаардлагатай тохиолдолд устгалд оруулах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгох заалттай.
САНАЛ БОЛГОХ