Амьгүй дэлгэцийн цаана

Амьдралын хэв маяг

Хүйтэн хөндий харилцаа эцэг, эхчүүдээс үүдэлтэй

Хүүхдүүд гадаа тоглохоос 10 дахин их цагийг дэлгэцийн өмнө өнгөрөөдөг гэсэн судалгаа гарчээ. Энэ тоог бидний өдөр тутмын амьдрал эргэлзээгүй нотолно. Гар утас, зурагт, компьютер зэрэг сэтгэл ханамж авчирдаг технологийн дэвшилд хамгийн түрүүнд хүүхдийн эрүүл мэнд золиослогддог. Тэгвэл үүнд хэн буруутай вэ. Технологийг улам бүр хялбар, зугаатай болгож буй компаниуд уу. Үүний хариултыг эцэг, эхчүүд өөрсдөөсөө хайхыг АНУ-ын Бостоны хүүхдийн эмнэлгийн судлаачид анхаарууллаа.

Тэд 50 гэр бүлийг түргэн хоолны газар урин, ажиглажээ. Эцэг, эхчүүдийн 40 гаруй нь хоол идэх зуураа гар утсаа байн байн “шалгаж” байв. Тэдний олонх нь хүүхэдтэйгээ захирангуй өнгөөр ярьж байсан бол нэг нь бүр ширээн доогуур хүүхдээ нудраад авав. Бас нэгэн аав охиныхоо гар руу цохижээ. Эндээс гар утастайгаа “уяатай” явдаг томчуудтай гэр бүлийн уур амьсгал ямар байдгийг харж болно.

Орой гэртээ ирээд хувцсаа сольсныхоо дараа гар утсаа, эсвэл зурагтын удирдлагаа шүүрч буйдан дээр тухалдаг бол та ч бас муу зуршилд автжээ. Эцэг, эхчүүд интернэтээр “тэнэх” нь буруу гэдгийг мэддэг ч “хааяа” гэдэг үгээр халхавч хийдэг. Хүүхэд нь утсаар тоглож байвал тэр “гэмт хэрэг”-ийг нь таслан зогсоодог хэрнээ өөрөө үлгэрлэдэггүйгээс байдал улам дорддог байна. Томчуудын үйлдлийг толины тусгал мэт хүлээж авдаг хүүхдүүдэд энэ нь ойлгомжгүй байдал үүсгэдэг. Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэлзүйч Д.Лхамсүрэн “Гэр бүлийн хайр халамж дутсан, компьютер тоглоомоос өөр сэтгэл ханамж авах зүйлгүй болсон хүүхдүүд дэлгэцэнд донтох нь их. Тэдний анхаарлыг өөр зүйлд хандуулж, хайраар дутаахгүй байвал олон цагаар гар утас, зурагт шагайж суудаггүй. Хэрэв таны хүүхэд донтсон бол түүнийг чичлэхээс илүү өөрсдөөсөө бурууг хайх хэрэгтэй” гэв. Мөн “Технологи бол хэрэглээ болохоос гэр бүлийн маргааны гол сэдэв байх учиргүй. Өөрөө дэлгэцэнд донтчихоод хүүхдээ загнаад байвал таны үг хоосон цуурай шиг л сонсогдоно” гэж сэтгэлзүйч Сүи Палмер бичжээ.

Зарим эцэг, эх хүүхдэдээ хатуу ширүүн хандахыг эрс эсэргүүцдэг болсон. Тэдний хувийн орон зайг хүндэлж, хүслийг нь харгалзан үзэх ёстой гэдэг. Ингэснээр эцэг, эхчүүд гэр бүлээ хянах эрхээ аажмаар алдаж байдаг аж. Өдөрт дөрвөөс илүү цаг зурагт үздэг эцэг, эхтэй хөвгүүдийн дэлгэцэнд донтох магадлал бусдынхаас 10 дахин их байдаг аж. Амьдралынхаа туршид харж дадсан хэвшил учраас амархан автдаг юм байна.


» Эцэг, эхчүүд интернэтээр “тэнэх” нь буруу гэдгийг мэддэг ч “хааяа” гэдэг үгээр халхавч хийдэг.
» Өөрөө дэлгэцэнд донтчихоод хүүхдээ загнаад байвал таны үг хоосон цуурай шиг л сонсогдоно.
» Хүүхэдтэйгээ ярилцахыг хүсэх үед тэд танаас илүү дэлгэцэнд анхаардаг болсон байх вий.
» Өдөрт дөрвөөс илүү цаг зурагт үздэг эцэг, эхтэй хөвгүүдийн дэлгэцэнд донтох магадлал бусдынхаас 10 дахин их.

Угтаа бол гурав хүртэлх настай хүүхдэд гар утас, зурагт үзүүлэхийг эрс хориглодог. Харин 4-7 настайд нэг цагаас хэтрүүлж болохгүйг мэргэжилтнүүд анхааруулдаг. Гэтэл өсвөр насныхан өдөрт 4-6 цагийг дэлгэцийн ард өнгөрөөдөг гэсэн судалгаа гарчээ. Монголд гэхэд Сэтгэцийн эрүүл мэндийн төвд 2014 онд 47, 2015 онд 41 хүүхэд дэлгэцэнд донтсон гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлжээ. Харин өнгөрсөн онд энэ тоо 62 болж өссөн байна. Хүүхэд бусадтай ярьж, харилцах явцдаа нүүр царай, биеийн хөдөлгөөнөөр өөрийгөө илэрхийлэхийг сурч байдаг. Гэтэл өдрийн ихэнх хугацааг хамт өнгөрөөх ёстой томчууд амьгүй дэлгэцийн ард нуугдчихвал тэдний хэл яриа, сэтгэхүйн хөгжил удааширдаг байна. Долоон нас хүрэхдээ хүүхдүүд дэлгэцээр харсан зүйлээ бодит амьдралтай хольж, хутгаж эхэлдэг аж. Хэрэв та өөртөө, эсвэл хүүхдэдээ дэлгэцийн өмнө удаан хугацаагаар суухыг зөвшөөрдөг бол гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг “хулгайлж” байна гэсэн үг.

Хүүхдийнхээ олон асуулт, амьдралын түмэн бэрхшээлээс зугтан гар утасны амьгүй дэлгэцийн цаана нуугдах хэрэггүй. Эс бөгөөс таныг хүүхэдтэйгээ ярилцахыг хүсэх үед тэд танаас илүү дэлгэцэнд анхаардаг болсон байх вий.

САНАЛ БОЛГОХ