2018 он хүртэл шинээр газар өмчлүүлэхгүй

ЗГМ: Тодруулга

Захирамж 2018 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл хүчинтэй

Иргэдэд 0.07 га газрыг хэрхэн өмчлүүлэх мэдээлэл олохоор нийслэлийн Газрын албанаас Сүхбаатарын талбайд зохион байгуулсан нээлттэй хаалганы өдөрлөгийг зорилоо. 2017 оныг иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил болгон зарласантай холбогдуулан нийслэлийн харьяа газар, агентлагууд өдөр алгасахгүй ажлаа сурталчилж байгаа билээ. Лхагва гарагт болсон Газрын албаны өдөрлөгийн үеэр иргэдэд нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажсан газар өмчлөлийн шийдвэр, гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авахыг хүссэн өргөдөл, урьд өмнө газар өмчилж аваагүй нь үнэн гэсэн тодорхойлолт, гэр хорооллын газрын төлөв байдлын талаарх мэдээллийг хүргэсэн юм.

Түүнчлэн нийслэлийн есөн дүүргийн газрын албанаас газрын төлбөрийн мэдээлэл өгч, газар дээр нь кадастрын зураг гаргах зэрэг 18 төрлийн үйлчилгээ үзүүлж байв. Иргэдийн хамгийн их сонирхож буй асуулт нь өмнөх нийслэлийн удирдлагуудын үед цахимаар өмчлүүлсэн газарт дэд бүтцийг хэзээ шийдэж өгөх тухай байв. Ялангуяа, зарим алслагдсан дүүргийн иргэд цахимаар авсан газраа одоо ч баталгаажуулж чадаагүй нь тэдний хувьд том асуудал болжээ. Тиймээс энэхүү өдөрлөгийн үеэр Багануур, Багахангай, Налайх дүүргийн газрын алба тухайн дүүрэгт цахим газар өмчлөлөөр газар авсан иргэдэд албан ёсны шийдвэр, гэрчилгээг нь гардууллаа.


Энэ үеэр нийслэлийн Газрын албаны орлогч дарга Д.Нямдаваагаас зарим зүйлийг тодрууллаа.


Иргэдэд 0.07 га газрыг өмчлүүлэх ажил хэрэгжиж байгаа юу. Ямар мэдээлэл өгч байна вэ?

-Гэр хорооллын хашааны болон зуслангийн газар эзэмшиж байгаа иргэд эзэмших эрхийн гэрчилгээгээ өмчлөх болгох хүсэлтээ гаргаж байна. Манайхаас тухайн иргэний газрыг кадастрын зураг дээр шалгаж, хамгаалалтын бүсэд орсон, эсэхийг нь нягтлаад албан ёсны хариу өгч байгаа. Мөн иргэд шинээр газар өмчилж авахдаа ямар материал бүрдүүлэх талаар асууж байна. Улаанбаатар хотын газрын нөөц хомс болсонтой холбоотойгоор Засаг даргын захирамж гарч, нийслэлийн суурьшлын бүсийн хил хязгаарыг тогтоосон. Энэ захирамжийн хүрээнд суурьшлын бүсээс гадагш шинээр газар олгохыг одоогоор зогсоосон байгаа. Өөрөөр хэлбэл, нэг ч иргэнд шинээр газар олгохгүй гэсэн үг юм.

-Захирамж хугацаатай юу. Хэзээнээс иргэд газар өмчилж авах эрхтэй болох вэ?

-Шилжилт хөдөлгөөнийг зогсоосон захирамж 2018 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл хүчинтэй. Энэ өдрийг хүртэл иргэдэд газар олгохгүй гэж ойлгож болно. Энэ хугацаанаас цааш ямар шийдвэр гаргах нь тухайн үед шийдэгдэх байх.

-Засаг даргын энэ захирамж Монгол Улсын иргэн нэг удаадаа 0.07 га газрыг үнэ төлбөргүй өмчилж болно гэсэн хуулийн заалтыг зөрчиж байгаа хэрэг биш үү?

-Тохиромжтой байдлын үнэлгээ хийсний үндсэн дээр иргэд, аж ахуйн нэгжид газар эзэмших зөвшөөрөл олгодог. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод үлдсэн сул газар нь уулын орой, өндөр хүчдэлийн доорхи талбай, гуу жалгын орчимд байна. Одоо иргэдэд эзэмшүүлэх, өмчлү үлэх боломжтой нийслэлийн мэдлийн газар алслагдсан гурван дүүрэгт бий. Иймд тэнд газар олгохын тулд юуны түрүүнд судалгаа хийж, суурьшлын бүс үүсгэх шаардлагатай. Үүний дараа газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахдаа иргэдэд цахимаар, эсвэл өргөдөлөөр олгох талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.

-Зарим иргэн нэг удаа улсаас үнэ төлбөргүй газар авахаас гадна дахиад зуслангийн газар авах эрхтэй гэсэн ойлголттой байна?

-Монгол Улсын иргэн зөвхөн нэг удаа 0.07 га газрыг үнэгүй өмчлөх эрхтэй. Тэгэхээр нэг газрыг өмчилж авсан бол зуслангийн газар нь эзэмших эрхийн гэрчилгээгээр явна гэсэн үг. Тодруулбал, зуслангийн газар нь эзэмших эрхийн гэрчилгээтэй бол өмчилж болно. Аль эсвэл зуслангийн газраа эзэмшихээр нь байлгаж, өөр нэг газрыг өмчилж болно. Одоогийн байдлаар 187,170 мянган иргэн 9905.04 га газрыг өмчилсөн байна. Үүнээс цахим хэлбэрээр 69836 иргэн 3491.8 га газрыг авсан байна.

-Цахимаар газраа өмчлөөд авчихсан иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ. Дэд бүтэцгүй болохоор газраа ашиглаж чадахгүй байна?

-Цахимаар газар өмчлүүлэхээр төлөвлөсөн эхний ээлжийн 58 байршлаас 50 орчимд газар олгосон. Сүүлд баталсан 68 байршил дээр эхэнд баталсан долоон байршлыг нэмээд 75 байршилд цахимаар газар өмчлүүлэхээр төлөвлөсөн байсныг зогсоохоор болсон. Учир нь иргэд газар авчихаад тэндээ хашаа барихгүй, суурьшлын бүс үүсгэхгүй байна. Мэдээж иргэд хотоос дэд бүтэц тавьж өгөх шаардлага тавьж буй. Гэхдээ суурьшлын бүс үүссэн газарт дэд бүтэц тавьдаг учраас энэ нь хоёр талтай асуудал болчихоод байгаа юм. Харин хэдийнэ газраа авсан иргэдийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж байхгүй. Хашаагаа барь, суурьшлын бүс үүсгэ гэсэн шаардлагыг иргэдэд тавьж, тэр цагт хотоос дэд бүтцийг нь шийдэж өгнө гэсэн хариу өгч байгаа.

-Тэгвэл иргэдэд өөр бусад ямар зориулалтаар газар олгож байна вэ?

-Хуулиараа иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 0.07 хүртэлх га газрыг үнэгүй өмчлүүлэх ёстой. Үүнийг зогсоосон гэж хэлсэн. Тэгэхээр үүнээс бусад газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хууль дүрмийнхээ дагуу дуудлага худалдаагаар, эсвэл сонгон шалгаруулалтаар худалдаж авах эрхтэй. Жижиг дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, мод үржүүлэг гэх мэт чиглэлээр нээлттэй дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар газар авах ёстой.

-Газартай холбоотой бас нэг асуудал байна. Энэ нь орон сууцны доод талын газрыг хүмүүс худалдаад авчихсан гэх яриа гарч байна?

-Хуучны орон сууцнуудын газрын эрхийг СӨХ-нд ашиглуулахаар олгосон байдаг. Харин сүүлийн үед барьж байгаа орон сууцны газар иргэн, аж ахуйн нэгжийн нэр дээр байснаар газрын зөвшөөрөл олгодог болсон учир ийм яриа гарсан болов уу. Мөн зарим орон сууцнууд нэгдүгээр давхартаа үйлчилгээний газартай байдаг. Газрын төлбөрийн тухай хуульд зааснаар дан ганц нийтийн орон сууцыг өмчлүүлдэг бол үйлчилгээний газартай тохиолдолд тухайн иргэн, компаниас газрын төлбөр хураамж авах ёстой байдаг. Тиймээс шинээр барьсан зарим орон сууцны газар иргэн, аж ахуйн нэгжийн нэр дээр байх тохиолдол гардаг.
САНАЛ БОЛГОХ