С.Эрдэнэ: Сөрөг хүчнээс Ерөнхийлөгч сонгох нь монголчуудад ашигтай

Ярилцлага

Сонгуульд ялах уу, ялагдах уу гэдгийг сонгогчид шийднэ

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Танай намаас Ерөнхийлөгчид өрсөлдөгчдийн санал хураалт их сонирхолтой үр дүн гаргалаа. Р.Амаржаргал рейтинг өндөртэй явж байгаад эцсийн мөчид Х.Баттулга тодорлоо. Өрсөлдөөн шударга болж чадсан уу?

-Ерөнхийлөгч бол эв нэгдлийг сахиулагч, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах гээд чиг үүргийн хувьд нэг их өргөн хүрээг хамардаггүй. Гэхдээ тодорхой чиг үүрэг хүлээж ажилладаг албан тушаал. Өнөөдөр парламентын хүчний харьцаа үнэмлэхүй олонх болсон, ямар ч хяналт тавих боломжгүй байгаа ийм үед сөрөг хүчнээс Ерөнхийлөгч сонгох нь илүү ашигтай гэж бид харж байна. Яагаад гэвэл тодорхой хугацаанд төрийн институци хоорондын харилцаа, боломжоо ашиглаад УИХ-ын явуулж байгаа хууль бус үйл ажиллагаанд хязгаарлалт, хориг тавих, олон нийтэд мэдээлэх гээд янз бүрийн үйл ажиллагаа явуулах бололцоо Ерөнхийлөгчид бий.

Тэгэхээр Ардчилсан намын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд өндөр ач холбогдол өгч байгаа. Х.Баттулгын хувьд сонгох, сонгогдох эрхээ эдлэх үүрэгтэй. Тэр хүн хэн ч байж болно. Ардчилсан намын гишүүн, төрд хариуцлагатай алба хашиж явсан, гишүүдийн олонхын дэмжлэгийг авч нэр дэвших болзлоо хангасан. Намын үндсэн дүрмийн дагуу энэ хүний нэрийг VIII Их хуралд оруулж батлуулах үүргийг би гүйцэтгэнэ. Надад ямар нэг өөр бодол санаа байхгүй. Түүнд яаж хандах нь хувь хүний л асуудал. Улс төрийн зорилгоор тухайн хүний хийсэн бүтээсэн зүйлийг харлуулах явдал зөндөө л гардаг шүү дээ. Би бол улстөрч, хувь хүнийх нь хувьд жирийн л сайхан монгол эр хүн гэж хардаг. Сайн бизнесмэн, спортын зүтгэлтэн болтлоо хүч авьяасаа сорьж ажиллаж яваа лидерүүдийн нэг. Тэгэхээр дэвшүүлэхгүй байх бодит шалтгаан байхгүй.

-Танай намын VIII Их хурал удахгүй болно. Энэ хурлаар ямар асуудал хэлэлцэх вэ?

-Х.Баттулгыг Ерөнхийлөгчид нэр дэвшихийг албан ёсоор батламжилна. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж, боловсруулна.

-Танай намын дуу хоолой ер нь сонсогдохоо байлаа. Хүчтэй сөрөг хүчин байж чадахгүй байгаа юм биш үү. Ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялагдал хүлээвэл яах вэ?

-Бид есүүлээ болохоор 65 хүний эсрэг дуугарахад амаргүй байна. Чадамж боломж гэж бий шүү дээ. Гэхдээ бид өнгөрсөн хугацаанд хангалттай ажилласан. Эрх баригч намын явуулж байгаа үйл ажиллагаа, ард иргэдийг хохироосон асуудлыг цаг алдалгүй байнга ил тод болгож, гаргаж ирдэг. Татварын нэмэгдэл, төсвийн тодотгол дээр Ардчилсан нам эсрэг байр суурьтай байсан. Үүнийгээ ч хангалттай илэрхийлсэн. Нийгэмд хүрэхгүй байсан төсөвтэй холбоотой далд асуудлыг бид илрүүлж, хэлэлцүүлэгт оруулсан. Өнөөдөр ил болгохгүй байгаа асуудал бүрийг гаргаж тавьснаараа Ардчилсан намын бүлэг үүргээ хангалттай биелүүлж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялах уу, ялагдах уу гэдэг дээр оролцогч намууд гол үүрэг гүйцэтгэх нь ойлгомжтой. Эцсийн дүнд сонголтыг сонгогчид л хийнэ шүү дээ. Тэгэхээр сонгогчдын боловсрол, итгэл үнэмшил, оролцооноос л бүх зүйл шалтгаална. Хяналттай, тэнцвэртэй, иргэдийн эрх ашгийг хамгаалдаг төрийн механизм байх. Институци хоорондын боломжийг ашиглах нөхцөлийг бүрдүүлэхэд ард түмэн зөв сонголт хийвэл Ардчилсан намд мэдээж ашигтай. Зөвхөн манай намд төдийгүй сонгогчдод ашигтай үр дүн гарах байх. Мөнгөний үйлчлэл, эрх мэдлийн талаас ч юм уу за яах вэ гэсэн байдлаар хандвал нөхцөл байдал өөр болох байх.

-Та санал тоолдог хар машинд хэр итгэдэг вэ?

-Би хоёр, гурван сонгуульд санал тоолох машиныг харлаа. Гэхдээ энэ хар машинд ямар нэг үйлдэл хийдэг тохиргоо байхгүй шүү дээ. Ер нь бол хувилагч машинтай л адил гэж ойлгодог. Магадгүй технологи хөгжсөн цаг үед нэмэлт программ, чип суулгаад өөр зориулалтаар ашиглах хэмжээнд тоноглосон байхыг үгүйсгэхгүй. Арай ч ингэж Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл хийж, бүдүүн зүрх гаргах хүн байхгүй болов уу гэж найдаж байна. Эрүүгийн хуулийн тусгай зүйл ангийн заалт бий шүү дээ. Төрийн эсрэг онц хүнд гэмт хэрэг гээд. Зохион байгуулалттайгаар төрийн эрхийг хууль бусаар авах нь төрийн эсрэг онц хүнд гэмт хэрэгт тооцогддог. Би өөрөө энэ хуулийн заалтыг 2009 онд анх санаачилж, батлуулж байсан. Тэгэхээр тийм зоригтойгоор төрийн эсрэг гэмт хэрэг хийх хүн байхгүй л дээ.

-Танай нам эдийн засгийг доройтуулсан буруутан гэгдэж байгаа. Эдийн засаг хүндэрсэн учраас ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүй гэж эрх баригчид ярьж байна?

-Би анхаасаа ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахыг эсэргүүцэж байсан. Энэ хөтөлбөрт хамрагдах гэж байгаа улс орнуудыг судлаад үзэхээр нааштай өөрчлөлт гарсан улс орон ховор байдаг. Грек, Украйн ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаад, хөгжөөд босоод ирчихсэн зүйл харагддаггүй. Олон орон энэ хөтөлбөрт хамрагдсан. Тухайн үеийнхээ асуудлыг аргацаах төдий зүйлд хүрдэг юм билээ. Давагдашгүй хүчин зүйл бий болсон, үндэсний хэмжээний гамшиг тохиолдсон, дайн байлдаан, өвчин тахалд нэрвэгдсэн гээд тухайн улс өөрийн хүчин зүйлээр давж дийлэхээргүй болсон үед арга буюу эцэст нь авдаг арга хэмжээ. Гэтэл манай улс өнөөдөр тийм байдалд орчихоогүй байна. Өнгөрсөн оны долдугаар сарын 1-нийг хүртэл эдийн засаг хэвийн л байсан шүү дээ. Мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байрыг бууруулахгүй байх, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих гээд олон сайн хөтөлбөрийг хэрэгжүүлж, эхнээсээ үр дүнгээ өгөөд эхэлчихсэн байсан. Гэтэл эрх баригч нам гарч ирэнгүүтээ бүх сайн хөтөлбөрийг зогсоосон. Хэвийн явж байсан нийгэм, эдийн засгийн процессуудыг гацаалаа. Тэд бол ерөөсөө өрсөлдөгч гол намаа харлуулах, үгүйсгэх, гүтгэх кампанит ажил руу хэт улайрч шунаж орсон. Олонхдоо хэт эрдэж байна. “Бясаагаа алах гээд байшингаа шатаав” гэдэг шиг Ардчилсан намыг харлуулах гэж улайрсандаа улс орны эдийн засгийг чирч унагаалаа. Үнэндээ бол хэвийн байсан эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн хүмүүс бол эрх баригчид. Бүх зүйлийг “Чингис бонд” руу чихэх гэж оролдсон. 2017 онд гэхэд Монгол Улсын гадаадад төлөх өр, авлага дотор Ардчилсан нам эрх барьж байсан Засгийн газрын үед тавьсан өр байхгүй. Бүгдийг Ардчилсан нам руу чихэж байгаа нь ёс зүйгүй үйлдэл.


Өнгөрсөн 2012-2016 онд Ардчилсан нам дангаараа засаг бариагүй шүү дээ. Манай нам олонх биш олуулаа л байсан. Заавал аль нэг намтай эвсэж, Эвслийн Засгийн газар байгуулах хуулийн нөхцөлтэй байсан. Бид Шударга ёс эвсэл буюу МАХН- ын бүлэгтэй хамтарч Засгийн газар байгуулсан. Сүүлд нь 2014-2015 онд өнөөдрийн эрх баригч МАН Эвслийн Засгийн газарт орж ажилласан шүү дээ. Тиймээс улс орны өмнө хүлээх үүрэг хариуцлагыг адилхан үүрэх ёстой. Гэтэл зөвхөн Ардчилсан нам руу тохох гэж оролдож, хэт улайрч байгаа нь ичгэвтэр явдал юм. Нөгөөтэйгүүр, сонгуулиар амалсан чихэр шиг гоё амлалтуудаасаа ухарлаа. Үүнийхээ бурууг Ардчилсан нам руу чихэх гэж оролдсон. “Бид эдийн засгийг ийм болсон гэж мэдээгүй. Эрх авсан чинь ийм болчихсон байсан” гэж ярьж байгаа. Ганц жишээ хэлэхэд, 2012- 2014 онд Монгол Улсын Сангийн сайдаар УИХ-ын гишүүн, МАН- ын гишүүн Ч.Улаан ажилласан. Төсвийн байнгын хорооны дарга мөн л тус намын гишүүн Ц.Даваасүрэн, Монголбанкны тэргүүн дэд захирлаар МАН-ын гишүүн Б.Жавхлан ажиллаж байсан. УИХ-ын Төсвийн Ажлын хэсгийг миний мэдэхийн сүүлийн гурван жил дандаа Б.Чойжилсүрэн ахалж байгаа. Нэг үгээр хэлбэл, тухайн жилүүдийн улс орны нийгэм, эдийн засгийн байдлыг Ардчилсан намаас илүү эрх баригчид мэдэж байсан. Тодруулбал, мөнгөний авдар, захиран зарцуулах эрх тэдний гарт байсан гэсэн үг.

-ОУВС-гийн талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Өнөөдөр ОУВС-нд хамрагдаж буй нь аргаа барсан асуудал. Эд нар хэт олонх болно гэж төсөөлөөгүй байх л даа. Нийгэм, эдийн засгийн нэгдсэн концевци байхгүй байсныхаа горыг амсаж байна. ОУВС-гийн хөтөлбөр бол тийм ч зөв гарц биш гэж би үздэг. Монгол орон нөөц бололцоо ихтэй. МАН-ын үед уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсдөг, АН засаг барихаар унадаг мөчлөг таардаг. Нүүрс, алт, зэсний үнэ тодорхой хэмжээгээр өслөө. Эдийн засгийн зөв менежмент хийж чадвал эрүүл эдийн засаг руу орох бололцоо бүрэн бий. Хоёрдугаарт, эдийн засгийн тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй. Нэг тулгуурт уул уурхайд түшиглэсэн эдийн засгийн бодлогоор хол явахгүй гэдгийг сүүлийн 10 жил харлаа. Тиймээс олон тулгуурт эдийн засгийн бодлого боловсруулах чиглэл рүү анхаарч ажиллахгүй бол болохгүй. Хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэл, барилга зэргийг хөгжүүлэх хэрэгтэй байна. Уул уурхайн түүхий эдийн үнэ уналаа гэхэд эдийн засгийн тэнцвэрт байдлыг хангах бусад салбараа хөгжүүлэх шаардлагатай. Ийм ажлыг эрх баригч нам хийхгүй байна. Хууль дүрэм өөрчлөх мэтийн жижиг сажиг зүйлтэй зууралдсаар байгаад нэг жилийг үдлээ. Үндсэндээ цаана нь ажил хийх хугацаа бага байна. Сүүлийн жилд нь сонгууль гэж улстөржөөд ажил хийдэггүй шүү дээ.

Өнгөрсөн оны долдугаар сарын 1-нийг хүртэл эдийн засаг хэвийн л байсан

-Та намын дарга болоод бага биш хугацаа өнгөрлөө. Саяхан 21 аймгаар яваад ирсэн. Орон нутаг дахь намын үүрүүдийн тань үйл ажиллагаа жигдэрсэн үү?

-Аймгуудаар явсан гол зорилго бол дөрөвдүгээр сарын 2-нд болсон анхан, дунд шатны сонгуультой холбоотой. Намын анхан, дунд шатны удирдлагын түвшинд зуун хувь шинэчлэгдсэн. Дандаа шинэ дарга нар ажиллахаар боллоо. Иймээс аймаг, дүүргийн намын өргөтгөсөн хурлыг төлөөлөгчдийг оролцуулан зохион байгуулсан. Энэ хуралдаанд өөрөө биечлэн оролцож, үүрэг чиглэл өгч, хороодын намын дарга нарыг албан ёсоор батламжиллаа. Мөн үндэсний бодлогын хорооны шинэ гишүүдэд түр үнэмлэх гардуулсан. Бүх аймаг, дүүргийн намын өргөтгөсөн хуралдаан амжилттай болсон.

-Орон нутгийн сонгуульд зарим газар танай нам ялалт байгуулсан хэдий ч өнөөг хүртэл батламжлахгүй байгаа. Тиймээс Засаг дарга нарыг батламжлахгүй бол Ажлын хэсэг байгуулна гэж байсан. Үүнд хэр анхаарал хандуулж байна вэ?

-Ер нь бол байнгын анхаарлын төвд байгаа. Хоёр аймгаас Сүхбаатарын Засаг даргыг батламжлаагүй үлдсэн. Гурван дүүрэгт ялалт байгуулснаас хоёрынх нь Засаг даргыг баталгаажуулаад нэгийг нь батламжлаагүй. 104 суманд ялалт байгуулснаас 76-г нь баталгаажуулж, 20 гаруйг нь үлдээгээд байна. Үндсэн хуульд төрийн бүх шатны байгууллагууд түүний удирдлагууд зөвхөн хууль дээдлэх зарчмаар ажиллана гэж заасан. Сонгууль болоод хэдийнэ өнгөрсөн. Олонхын санал авсан нам тодорсон. Тиймээс эрх барьж байгаа намын зүгээс ямар нэг тайлбаргүйгээр сонгогчдын сон голтыг хүндэ т г эж, баталгаажуулах ёстой. Гэтэл янз бүрийн шалтаг, шалтгаанаар хойшлуулаад батлахгүй байгаа нь хуулийг ноцтой зөрчиж буй үйлдэл. Сүхбаатар аймагт цөөнх нь засаглаад, төсвөө батлаж буй нь олонхын зарчмаар шийдвэр гаргадаг Үндсэн хуулийн заалттай зөрчилдөж байна. Цөөнхийн баталсан төсөвт ямар нэг алдаа гарвал хэн хариуцлага хүлээх вэ. Энэ бүхэн өнөөдөр ээдрээтэй асуудал болсон. Бид байнга шахалт, шаардлага тавьж, санал хүргүүлж байгаа. Харамсалтай нь, эрх бүхий этгээдээс шийдвэртэй алхам хийхгүй байна. Хоног хугацаа аргацаасан байдлаар өнгөрөөж байна.
САНАЛ БОЛГОХ