Америк генерал Жон Хож гэгчийн балаг-“Умард Солонгос”

Судлаачийн үг

Стратегийн тэвчээр гэдгийг Өмнөд Солонгос нотлон харууллаа

2017 он Солонгосын хойг руу дэлхий нийтийн анхаарлыг хандуулж магад. Тэнд тэсрэх аюул улам бүр бугшсаар байгаа гэдэг утгаар түүхэн уг сурвалжийг нь ил болгоё хэмээн олон улсын харилцааны түүхчийн хувиар шийдлээ.

Дэлхийн II дайны дараа Өмнөд Солонгост АНУ-ын цэрэг байршиж байх үед тэнд засгийн эрх барьж байсан америк генерал Жон Хож гэгч нь үүрэгт ажлаа тун тааруухан хийсэн гэж түүхчид үздэг. Тэрээр Окинаваг эзлэх байлдаанд хамаг хүч анхаарлаа төвлөрүүлээд Солонгосын хойг руу муу анхаарсан, цэргийн хүчээр солонгосын дотоодын асуудлыг шийднэ гэж итгэсэн, уян хатан байж чадаагүй, ядаж солонгос хэлтэй америк офицеруудаар засаг захиргаагаа бэхжүүлээгүй, Умардад ардын бүгд найрамдах улсын үндэс тавигдаж байхад зөв тусгаж шуурхай ажиллаагүй. Япон губернаторын байгуулсан тэр бүтцээр ажилласан, губернатор Абэг 1945.09.03-нд огцруулахдаа түүний ажлын арга барилыг өвлөн авахыг хичээсэн гэх мэт.

Солонгосыг чөлөөлж байх үед японы 700 мянган цэрэг, иргэн байснаас бараг бүгдийг нь нутагт нь буцаасан тул өдий төдий инженер, мэргэжилтэн алга болж, тэдний оронд ажиллах солонгос хүн маш ихээр дутагдаж байв. Төрийн болон олон нийтийн бүтэц илт үгүйлэгдэж байв. Солонгосын нийт хүн амын гурван хувь нь л ажилчин, албан хаагч байсан ба АНУ-аас солонгос хэлтэй мэргэжилтэн олноор нь нүүлгээд ирэх боломж байсангүй. Генерал Хожийн улс төрийн зөвлөх дипломатч Меррел Беннингхофф Солонгосын байдлыг үнэлэн дүгнэж Төрийн департаментдаа мэдээлэл бичихдээ “Хэзээ мөдгүй тэсрэх торхтой дарь” гэснээс нь үзвэл америкчууд энэ ард түмний учрыг олтлоо үлэмж бэрхшээл туулж байсныг илтгэх мэт. Ядаж нутагтаа буцсан япончуудын өмчийг өмнөдийн хүн амд хүртээх талаар дорвитой ажил хийгээгүй.

Гэтэл зөвлөлтийн эзэмшил дэх Умардад газрын реформ хийж, японы эзэмшилд байсан өмчийг улсын болгож, хөдөө аж ахуйг нь сэргээн босгосон. Харин америкийн командлал АНУ-аас цагаан будаа авчирч өмнөдийнхөнд шахсанаас болж газар тариалангийн реформ хийгдээгүй. Умард Солонгос дахь АБНУ-ын хэв шинж бүхий нийгмийн байгуулал Өмнөдөд аяндаа үүсч, Ардын Хороод Умардын жишгээр Өмнөдөд байгуулагдаж эхэлж байсан нь америкчуудын гол эмзэг асуудал байв.

Зүүн-националист Ё Ун Хён тусгаар тогтнолын асуудлаар илт эрс тэс байр суурь баримтлан, тусгаар тогтнолоо Солонгосын үндэсний-эрх чөлөөний тэмцлийн үр дүн хэмээн үзэж, холбоотон гүрнүүдийн үүргийг эрс үгүйсгэсэн нь генерал Хожийн зэвүүцлийг төрүүлсэн ба түүнийг зайлуулах устгахыг төлөвлөсөн нь алдаа байв. Зүүн-националист Ё Ун Хёныг Москвагийн гар хөл, хойдуулын тагнуулч маягаар хүлээн авснаас Өмнөд Солонгос дахь дэмжлэгээ алдсан. Коммунизмтай тэмцэх өнцгөөс тус орныг харсан тул газрын эздийн эсрэг тэмцлийг зогсоох, тэгснээрээ газрын реформ хийлгэхгүй байхыг урьтал болгов. Хойдод буй болсон жишгээр Өмнөдөд Ардын Хороод олноор байгуулагдсан нь АНУ- ын байр суурийг ганхуулсан ба xэрэв Ли Сын Маныг АНУ-аас авчирч Өмнөд Солонгосын удирдлагад тавиагүйсэн бол Өмнөдөд зүүний ба үндсэрхэг хүчин америкийн эсрэг босох, тэгснээрээ Умардаасаа дэмжлэг авах нөхцөл бүрдээд байсан ажээ. Тэр утгаар генерал Хожийн тушаалаар Ардын Хороодыг хүчээр тараах, бүтцийг нь устгах ажиллагаа явуулав. “Солонгосын АБНУ” хэмээн зарласан коммунистууд болон үндсэрхэг хүчний эсрэг өргөн хэмжээний довтолгоо хийжээ.

АНУ хичнээн мэрийгээд Умард Солонгос дахь коммунист эргэлтийг зогсоож хүчрээгүй, Солонгосын дайнаар ч тэр зорилгоо биелүүлж чадаагүйг түүх гэрчилнэ. Харин энэ хуваагдалд АНУ багагүй хувь нэмрээ оруулсан ба түүнийхээ өртгийг эдүгээ ч төлсөөр байна. Гэхдээ Солонгосын нэгдлийн асуудалд АНУ идэвхтэй хөндлөнгийн зуучаар оролцохыг төдийлөн оролдоогүй өнөөг хүрсэн.

Яг одоо бол Солонгосын хойгт умард-өмнөд өргөрөгийн 38 дугаар зурвасаар зааглан олон улсын харилцааны хоёр субъект, хоёулаа олон улсын харилцаанд өргөнөөр хүлээн зөвшөөрөгдсөн хоёр тусдаа БНУ-ууд зэрэгцэн оршиж байна. Умардад өөрийн гэсэн өвөрмөц чучхейн үзэл суртал, төлөвлөгөөт эдийн засаг бүхий коммунист засаглалтай социалист улс, Өмнөдөд чөлөөт ардчилсан нийгэм бүхий капиталист улс байна.

Умардын талаас 1980-аад онд “Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Корё Улс” байгуулахыг Ким Ир Сен санал болгосон. “Хүйтэн дайн”-ы шувтрагаар 1991 оны арванхоёрдугаар сард “Умард, Өмнөдийн хооронд эвлэрэл, үл довтлох, хамтын ажиллагаа, солилцооны тухай хэлэлцээр”-т Сөүлд гарын үсэг зурсан. Хоёр Солонгосын хооронд өвөрмөц харилцаа оршиж буй. Эх орны нэгдлийн зүг аажуухан хөдлөх ёстой, цэрэг-улс төрийн сөргөлдөөнөөс аль болох татгалзах, намжмал байдал, энх тайвныг хангах, нийт үндэстний эрх ашигт тус дөхөм үзүүлэх, Умард-Өмнөдийн цэргийн хамтарсан комисс байгуулж, цэргийн салбарт итгэлцлийг бэхжүүлэхийг 1991 онд хоёр тал амлалт болгон авсан. Мөн байгалийн нөөц баялаг, худалдааны эргэлт, хамтарсан хөрөнгө оруулалтын салбарт эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэн, нийт солонгосчуудын сайн сайхны төлөө хоршин ажиллана, иргэд чөлөөтэй зорчих, салсан гэр бүлүүд эргэж нэгдэхийг хангана, тасалдсан төмөр зам, авто замыг сэргээж, усан ба агаарын замаа харилцан нээнэ гэхчлэн олон чухал амлалт тэрхүү хэлэлцээрт тусгагдсан байжээ.


Ийнхүү хамтран хөгжиж дэвжих төлөв ажиглагдсан тул 1991 оны намартаа тус хоёр улс НҮБ-д нэгэн зэрэг дэлхийн хамтын нийгэмлэгийн өргөн дэмжлэгтэйгээр элссэн. Энэ бол тухайн үеийн СССР, АНУ-ын даралт шахалтгүй хоёул бие даан шийдсэн зоримог алхам байлаа. Харамсалтай нь 1991 оны Сөүлийн хэлэлцээрт тусгагдсан арга хэмжээнээс туйлын бага хувь нь хэрэгжсэн буюу хагас дутуу хэрэгжээд орхигджээ. Энэ байдал үргэлжилсээр Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудал залгах ба тэр нь мөн 10 гаран жил хямрал дагуулсаар 2013.03.07 хүргэсэн, тэр өдөр БНАСАУ-ын эсрэг хориг тавихаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл санал нэгтэй шийдвэрлэж, тэр шийдвэрийн уршгаар Умард, Өмнөдийн нөгөө хэлэлцээрийн хэрэгжилт бүрэн тасалджээ. Улмаар тухайн оны мөн сарын 30-нд БНАСАУ нь БНСУ-тайгаа дайны байдалд байгаагаа зарлан, Өмнөд Солонгостой хэлэлцэх аливаа асуудлыг дайны цаг үеийн нөхцөл байдлын дагуу шийдвэрлэнэ хэмээн мэдэгджээ.

Хил дээр үйлдэгдэх аливаа өдөөн хатгалгыг өргөн хэмжээний цөмийн дайн болгон шатлан өргөжүүлэх болно гэх заналхийлэл Умардын зүгээс тасрахгүй өнөөг хүрлээ. 2013.03.26-наас хойш Пхеньянаас цууриатах болсон мэдэгдэлд АНУ-ын эх газар болон Номхон далай дахь цэргийн баазууд руу цөмийн довтолгоон хийх болно, пуужинт цэргээ байлдааны бэлэн байдалд орууллаа гэх заналхийлэл голлож байв.

2014.02.12-нд сүүлчийн долоон жилд явагдаагүй Умард, Өмнөдийн Засгийн газрын дээд хэмжээний төлөөлөгчдийн хэлэлцээ явагдаж, салсан гэр бүлүүдийг уулзуулах, өмнөдийн жуулчдыг умардын Кымгансан уулын районд аялуулах тохиролцоонд хүрчээ. Гэвч урьдчилан харах аргагүй хойд солонгосчуудын ааш араншин, тавьтаргүйтэл дэлхий нийтийг гайхшруулсаар өнөө хүрлээ. Тэдний тавьтаргүйтлийг дэлхий нийтээрээ гайхшран харсаар байна.

БНАСАУ нь орчин үеийн соёлжсон ертөнцөд туйлын өвөрмөц онцлог бүхий огт өмнөө, тусдаа улс болсныг Пхеньянаас үл тасран цууриатдаг дайнч уриа, заналхийллүүд хэлээд өгөх шиг болдог. Зэр зэвсэг хангинуулж сүрийг үзүүлээд дэлхийн хэвлэл мэдээллийн гол сэдэв болж үе үе сенсаац дэгдээнэ. Тэгж сенсаацлахад нь дэлхийн хэвлэлүүд янз бүрээр дүгнэж бичдэг. Бүр зарим нь Зүүн хойд Ази дайны ирмэг тулж очсон гэх дүгнэлт хийсэнтэй бид санал нийлдэггүй. Зургаан талт хэлэлцээ мухардсан, үр дүнд хүрэхгүй гэдэгтэй нийтээрээ санал нийлж байна. Хэлэлцээний энэ механизм бол Умардын хувьд ердөө л цаг хожих ов мэх, гэхдээ үүнээс илүү арга зам алга тул энэ хэлэлцээ рүү тэднийг шахсаар байх нь зөв гэх дүгнэлт голлож ирсэн.
Хоёр Солонгосын хооронд өвөрмөц харилцаа оршиж буй
Энд мөн хүчирхэг гүрэн–АНУ-ын нэр байнга дурдаастай. Өөрийгөө АНУ-аас хамгаалах ёстой гэх нийгмийн сэтгэхүй Умардад гүн сууж өгсөн. Тэр сэтгэхүй нь буруу зөв эсэхийг ялгах боломжийг төр засаг нь олгодоггүй. Ертөнцтэй, адаглаад хүрээлэн буй улс орнуудтайгаа хамтран хөгжих үү, үүрд тусгаарлагдах уу гэдэг дээрээ ч хойдуул цаг их алдаж байна. Алдлаа ч тэд Хятад, АНУ, Орос мэтийн хүчирхэг гүрнүүдийг өнгөн дээрээ эс тоосоор, Японыг бол ам хэлээрээ хэд хэд устгаад дууссан. Хойд Солонгосын хувьд Хятад–Америкийн зохицуулалт гэдгийг үлгэр хэмээн үзсээр байна.

Хүчирхэг гүрэн-АНУ-ын даралт шахалтыг сөрж чадаж байгаагаа дотоод гадаадад байнга илтгэн харуулж байх нь Умардын төрийн бодлогын гол үндэс гэдэг нь харагдлаа. Гэтэл цөмийн зэвсэг, пуужингийн хүчээр аюулгүй байдлаа хангахыг нь дэлхий нийт хүлээн зөвшөөрөхгүй, хоёр их хөрш холбоотон нь (Хятад, Орос) мөн зөвшөөрөхгүй, ерөөсөө цөмийн зэвсэгтэй гүрэн хэмээн дэлхийд хэн ч хүлээн зөвшөөрөхгүй, хариуд нь гомдол хорслоо хэнд гаргахаа мэдэхгүй ийм нэг дүр зураг харагдаж байх шиг. Стратегийн тэвчээр (цоо шинэ нэр томъёо) гэдгийг Өмнөд Солонгос нотлон харууллаа. Өмнөд нь энэ мэтэд хотойхгүй болжээ.

Энэ тавьтаргүйтлээрээ Хойд Солонгос бол итгэх боломжгүй этгээд гэдгээ бүр ч харуулах шиг. Хүсээд байгаа хоёр талын тэр уулзалтыг нь АНУ эсэргүүцнэ, АНУ тэдэнтэй ямар ч харилцаанд орохгүй. Итгэлцэл байж л харилцана гэдгийг Пхеньян өөрөө ойлгосонгүй. Итгэлцэл гэдэг нь яриа хэлэлцээ, дараа нь тусламж гэсэн үе шатаар хэрэгжих ёстой. Яриа хэлэлцээ хийхийн тулд тусламж үзүүлэхгүй, өдөөн хатгалга үйлдвэл тусламж бүр ч үзүүлэхгүй гэдэг нь ч АНУ-ын сүүлчийн хоёр Ерөнхийлөгчийн үед харагдсан, Трамп ч үүнээс татгалзахгүй болов уу.
САНАЛ БОЛГОХ