Жолоочгүй машины санаанд үл багтам ирээдүй

Авто зах зээл

Жолоочгүй машин бүтээж хөгжүүлэх нь ирэх арван жил дэх технологийн салбарын гол чиг хандлагын нэг. Автомат жолоодлоготой машин бүтээхэд GM, Ford, Daimler, Toyota зэрэг уламжлалт автоконцерн төдийгүй Цахиурын хөндийн технологийн аваргууд оролцож байна. Ийм машин хэрэглээнд нэвтэрснээр нийгэм, эдийн засгийн хувьсгалт өөрчлөлт үүснэ. Автомат жолоодлоготой машин хөгжүүлэхтэй холбоотой техникийн дэвшил, автоматжуулалтын шинэ давалгааны үрээр хиймэл оюун шинэ шатанд хөгжиж, аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын гараа эхэлнэ гэсэн өөдрөг таамгийг шинжээчид дэвшүүлдэг.

Жолоо мушгидаг хүн бүр өөрийгөө хамгийн мундаг жолооч гэж ойлгодог гэсэн яриа бий. Гэхдээ дэлхийд жил бүр 1.3 сая хүн автомашины ослоор амь үрэгдэж байгаагаас үзэхэд технологийн хурдтай хөгжлийн өнөө үе хүн гээч амьтныг маруухан жолооч гэж дүгнэхээс аргагүй болгож байгаа юм.

Тэгвэл компьютержсэн систем хүнээс хавьгүй сайн “жолоо барьж” чадна. Архи уухгүй, жолооны ард гар утсаа шагайхгүй, элдвийн юм бодож уймрахгүй тул анхаарал сарнина гэж байхгүй. Төрөл бүрийн радар, сонар, лидар буюу лазер хараа хэмжилтийн төхөөрөмж, видео камер, онлайн навигац, компьютер системийн тооцоолох чадвар нь автомат жолоодлоготой машиныг хүнээс илүү шуурхай шийдвэр гаргах ер бус авьяастай болгож байна.

АНУ-д саяхан хийсэн судалгаагаар жолоочгүй машин нийтийн хэрэглээ болж хувирах тэр цагт зам тээврийн осол 90 хувиар буурах урьдчилсан тооцоо гарчээ. Энэ тооцоо хагас ч болтугай биелэх аваас олон зуун мянган хүний амь аварч буй хэрэг.

Бодит баримт уг тооцоо үндэстэйг баталж өгдөг. Google-ийн автомат жолоодлоготой машин туршилт эхэлсэн 2009 оноос хойш дөрвөн сая гаруй километр зам туулаад байгаа нь дундаж жолооч насан туршаа туулдаг зайнаас хавьгүй их. Энэ хугацаанд машин 14 удаа зөрчил гаргаснаас 13 нь хүний буруутай үйлдэл, ганцхан нь компьютер системийн гажиг байжээ. Нэгэнт ийм аюулгүй юм бол жолоочгүй машин газар сайгүй нийтлэг хэрэглээ болж таарна. Харин тэр цагт засгийн газрууд хүн автомашин жолоодохыг хориглохоос аргагүй болно хэмээн Tesla-гийн Илон Маск таамаглаж байна.

Замын осол аваар гэдэг нөгөө талаар эдийн засгийн гарз хохирол. Жолоочгүй машин хэрэглээнд нэвтэрч, эд материалын болзошгүй хохирол багассаны дүнд зөвхөн АНУ-д жил бүр 190 тэрбум ам.долларын хэмнэлт гарна гэсэн тооцоо бий.

Жолоочгүй машины ачаар хууль завхруулах, гуйвуулах явдал багасах хандлагатай нь урьд тооцоолж байгаагүй зүйл боллоо. АНУ-д цагдаа нар хар арьст жолоочид харгис хандаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдаж иргэдийн дургүйцэл төрүүлсэн нь машинд суулгасан видео бүртгэх хэрэгслийн гавьяа байв. Иймэрхүү хэрэг тус улсад эртний түүхтэй ч машины видео камер л хэрэг дарагдаад өнгөрдөг нөхцөлийг өөрчилж чадлаа.

Нөгөө талаар зорчигчоо байнга хянадаг жолоочгүй машин нь хувь хүний халдашгүй байдал гэсэн ойлголтыг утгагүй болгоно.

Жолоочгүй тээврийн хэрэгслийг эдүгээ ид дэлгэрч буй райдшеринг үйлчилгээтэй хослуулах тохиолдолд “хувийн автомашин” гэсэн ойлголт хуучирна. Үйлчлүүлэгчээ хэрэгцээт газарт нь буулгасан машин дараагийн зорчигчоо авахаар цааш одно. Ийм үйлчилгээ нь хэрэглээнд дөхөмтэйгээс гадна зардал хэмнэнэ. Цалин төлөх жолооч гэж байхгүй тул автомат удирдлагатай машин 24 цаг, долоо хоног, сар жилээр амралтгүй үйлчилнэ. Үүнтэй уялдан автоматжуулалт нь зам дээр давхилдаж буй машины тоог 90 хувиар багасгах боломж бүрдүүлнэ гэсэн өөдрөг тооцоо ч бий.


Орчин үед автомашин эзэмшигч амьдралын нийт хугацааныхаа дөрөв орчим хувийг машиндаа өнгөрөөдөг. Автомашин худалдаж авах, эзэмших, арчилгаа үйлчилгээнд зарцуулах зардлыг үүнд харьцуулж тооцвол аварга тоо гарна. Харин жолоочгүй машин хямд төсөр, нийтлэг хэрэглээ болох нөхцөлд хувьдаа машин эзэмших нь үнэтэй бөгөөд утгагүй болох юм.

Жолоочтой энгийн автомашинийг хүн эзэмших дундаж хугацаа 6.5 жил. Тэгвэл автомат жолоодлоготой болох тохиолдолд нэгж машины ашиглалт ихсэх тул дунджаар гурван жил тутамд шинэчилж байхаар үйлдвэрлэгчид тооцоолж байна.

Сөрөг тал нь такси болон холын тээврийн жолооч нар ойрын ирээдүйд өөр мэргэжил хайхаас аргагүй. Аваар ослын тоо ч үлэмж хэмжээгээр буурах тул автомашины даатгалын үйлчилгээ эрхлэгч нарын ихэнх нь ажилгүй болно. Жолоочгүй машинаас шалтгаалан ердөө 2040 он гэхэд Америкийн даатгалын компаниудын орлого одоогийнхоос тав дахин багасаж, 40 тэрбум ам.доллар (2016 онд 200 тэрбум ам.доллар байсан) болно хэмээн шинжээчид үзэж байна.
САНАЛ БОЛГОХ