Эрдэс баялгийн салбарынхан спортоор өрсөлдлөө
“Эрдэнэс Монгол” компанийн 10 жилийн ой энэ онд тохиож буй. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Буянт Ухаа спорт цогцолборт спортын их наадмыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа. Эрдэс баялгийн салбарынхан нэгэн дээвэр дор цуглаж, спортын дөрвөн төрөлд өөрсдийн хурд хүчээ ийнхүү сорьцгоов. Энэхүү наадамд нийт 22 байгууллагын 14 багийн 442 тамирчин оролцсон байна.
Спортын наадмын шатрын төрөлд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны баг тэргүүн байр эзэлсэн бол ширээний теннисний төрөлд “Шивээ Овоо” хувьцаат компанийн баг тэргүүлжээ. Харин гар бөмбөгийн төрөлд “Шивээ Овоо”-гийн эрэгтэй баг, “Багануур” хувьцаат компанийн эмэгтэй баг бусдыгаа түүчээлсэн бол сагсан бөмбөгийн төрөлд “Багануур”-ын эрэгтэй баг, “Шивээ Овоо”-гийн эмэгтэй баг тамирчид алтан медаль хүртсэн байна.
Тэмцээнийг зохион байгуулагч “Эрдэнэс Монгол” компанийн эмэгтэй баг гар бөмбөгийн төрөлд хүрэл медаль, эрэгтэй баг нь сагсан бөмбөгийн төрлөөр хүрэл медаль хүртжээ. Нийт багийн дүнгээр “Эрдэнэс Таван толгой” компанийн баг тамирчид хүрэл медалийн эзэн болсон байна. “Шивээ Овоо”-гийн баг тамирчид мөнгөн медаль хүртсэн бол “Багануур” компанийн баг аваргын алтан медаль, шилжин явах цомын эзнээр тодорчээ.
“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт тэмцээний арга хэмжээг хааж хэлсэн үгэндээ “Одоогоос 10 жилийн өмнө буюу 2007 онд анх байгуулагдаж байсан “Эрдэнэс Монгол” компани өдгөө 12 охин болон хараат компанитай, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд өндөр байр суурь эзэлдэг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, үндэсний тэргүүлэгч компани болж чадсан байна. Цаашид бид өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нэмэгдүүлэх бизнесийн зорилгоо бүрэн дүүрэн биелүүлэхийн төлөө нэг зорилго зүтгэлээр, нэг итгэл сэтгэлээр хамтдаа урагшлах болно” гэж онцоллоо.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй