Вьетнам улс Монголд хаа-н болон далайн гаралтай бүтээгдэхүүн экспортлох сонирхолтой байна

Мэдээ

БНСВУ-ын дэд Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд өнөөдөр бизнес уулзалт болно.Бизнес уулзалтад оролцохоор Вьетнамын талаас хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлал зэрэг салбарын 20 гаруй бизнесийн төлөөлөл хүрэлцэн  ирээд байгаа бол Монголын талаас албаны болон бизнесийн төлөөлөл нийлсэн 40 хүн оролцох юм. Даваа гарагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Вьетнам улсын дэд Ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинийг хүлээн авч уулзaн, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Энэ үеэр Вьетнамын дэд Ерөнхийлөгч худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нөөц бололцоо байгааг онцолсон байна. Тухайлбал Вьетнамын тал хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, цагаан будаа, чихэр, далайн гаралтай бүтээгдэхүүн Монгол Улсад экспортлох сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Харин Монгол Улсаас уул уурхайн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн импортлохын зэрэгцээ газрын тосны салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Вьетнам улсын дэд Ерөнхийлөгч хэлсэн юм. Сүүлийн жилүүдэд хоёр улсын хувьд худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх чиглэлд ахиц гарч байгаа аж. Тухайлбал, өнгөрсөн онд Монголын мах үйлдвэрлэгч дөрвөн компани Вьетнамд мах экспортлох зөвшөөрлөө авсан байна. Энэ хүрээнд 2017 онд туршилтаар 20 тонн гүн хөлдөөсөн мах экспортлох ажлыг хийж байна. Цаашид экспортлох хэмжээг 200 тоннд хүргэж боломжтой гэж Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил​ мэдээллээ.

Үүнээс гадна энэ онд Вьетнамын "Global Nutrition" компани зургаан сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотод хүнсний нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэр байгуулсан талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлж байна. Хоёр орны худалдааны зарим үзүүлэлтийг авч үзвэл, энэ оны эхний улиралд Монгол Улс Вьетнамаас долоон сая 324 мянган ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолсон нь өмнөх оноос нэг хувиар өссөн дүн болжээ. Вьетнамд хийсэн экспортын хэмжээ импортоос хавьгүй бага буюу эхний улирлын байдлаар 245 мянган ам.доллар болж жилийн өмнөхөөс 40 гаруй хувиар буураад байна.




САНАЛ БОЛГОХ