Кисеносатог зогсоох ёстой башё

Спорт

Жилийн турш түрүүлэхгүй байна гэдэг Хакүхогийн хувьд урт хугацаа

Ирэх ням гарагт Японы нийслэл Токио хотноо сүмо бөхийн тавдугаар сарын башё эхэлнэ. Япончууд нутгийн аваргатай болсноос хойш сүмог урьд урьдынхаас илүү сонирхож, ордон өдөр бүр үзэгчээр дүүрч байгаа. Монголчууд ч гэсэн гурван аваргад “шавар хаах” нөхөр гарч ирснээс хойш сүмогоор дахин амьсгалж, өрсөлдөөнийг шимтэн үздэг болжээ. Тэр ч утгаараа Нацү башёд хэн түрүүлэх бол гэсэн таамгаа уралдуулж, бөхчүүдийн бэлтгэл хэрхэн хангагдаж буйг мэдэх хүсэлтэй. Ёкозүнагийн асуудал эрхэлсэн зөвлөлийн гишүүдийн өмнө болсон нээлттэй бэлтгэл бөхчүүдийн өнгийг шинжихэд бага ч гэсэн нэмэр болох болов уу.

Их аварга Хакүхо М.Даваажаргалын хувьд өнгөрсөн оны тавдугаар сараас хойш түрүүлж амжаагүй явна. 2016 оны Нацү башёгоос хойш хоёр удаа бэртлийн улмаас өнжиж, нөгөө гуравт нь 10-11 даваа л авчээ. Энэ хооронд Кисеносато анхны башёдоо түрүүлж, аварга цол хүртэж, дараагийн башёд түрүүгээ бататгасан гээд юм юм л болж өнгөрөв. Бүтэн жилийн турш түрүүлэхгүй байна гэдэг Хакүхогийн хувьд дэндүү урт хугацаа. Тиймээс Нацү башёд заавал түрүүлэх зорилго өмнөө тавьсан нь тодорхой.

Эхний нээлттэй бэлтгэлд аварга маань Эндо, Сёдай, Таканоива нартай ес барилдаж, бүгдэд нь давсан байна. Өмнөх башёд сэдэрсэн гэмтэл нь гайгүй эдгэсэн бололтой. Харин Какүрюү аварга озэки Тэрүнофүжи, Гоэйдо гэсэн чанга бөхчүүдийг сонгон барилдахдаа найм давж, дөрөв унажээ. Харүмафүжи аваргын тухайд сэкивакэ Такаясүтай 10 барилдахдаа зургаад нь давсан байна. Харин барилдааныг нь харахыг хамгийн их хүсэж байсан шинэ аварга Кисеносато энэ бэлтгэлд оролцсонгүй.

Гэхдээ үүнээс хоёр хоногийн дараа тэрбээр дэвжээнд гарав. Монгол аваргуудтай хамт нэгдсэн бэлтгэлд хамрагдахыг хүсээгүй нь илт. Тиймээс өөр дэвжээгээр явж, бэлтгэлээ шалгаад эхэлжээ. Эхлээд Коконоэ дэвжээнд зочилж, Тиёо болон Тёотайрюү гэсэн доогуур зиндааны хоёр бөхтэй найм барилдаж, бүгдэд нь давсан байна. Үүгээр бэлтгэл дууссан ч түүнд хангалтгүй санагдсан бололтой дахин барилдахаар шийджээ. Улмаар нөгөө хоёртой дахин 16 удаа тулж, Тёотайрюүд хоёр унасан гэнэ. Маргааш нь тэрбээр Оитэказэ дэвжээнд зочилж, маэгаширагийн гуравт эрэмбэтэй Дайэшёог 14 дараалан давсан байна.

Өмнөх башё эхлэхийн өмнө Кисеносато бэлтгэл дээр бөхчүүдийг ааглан давж, тун сайн байгаагаа харуулсан. Тэр эрчээрээ башёд түрүүлснийг мартаагүй байх. Энэ удаа ч дахин дээгүүр өрсөлдөх болно гэдгээ эхний хоёр өдрийн бэлтгэлээр ийн харууллаа.


Сонирхуулахад, Нацү башё их аварга Хакүход тун ээлтэй. Тэрбээр 2006 онд энд анхны түрүүгээ (14-1) хүртэж байсан. Үүнээс хойш зургаа, нийт долоон удаа Нацү башёд өнгөлжээ. Долоо түрүүлэхдээ дөрөвт нь 15-0 амжилт үзүүлж, цагийг эзэлсэн их аварга гэдгээ харуулсан юм.

Энэ башёд аварга, арслангуудаас гадна сэкивакэ Такаясү олны анхаарлын төвд байгаа. Кисеносатогийн нэг дэвжээний бөх тэрбээр өмнөх хоёр башёд 11- 4, 12-3 амжилт үзүүлсэн. Дүрэм ёсоор сүүлийн гурван башёд 33 даваа авсан бөх озэки цол хүртдэг. Тиймээс Такаясү Нацү башёд арав давахад л арслан цолны болзол хангах юм. Тэрүнофүжи, Гоэйдо гэсэн хоёрхон арслантай үлдээд буй сүмогийн холбооны хувьд түүнийг сайн барилдаж, хэрэгтэй даваагаа аваасай гэж хүсэж байгаа нь тодорхой.

Башёгийн өмнө уламжлал ёсоор бөхчүүдийн жинг үзлээ. Шинэ аварга Кисеносато өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд нийт есөн кг нэмснээр 184 кг жинтэй болжээ. Энэ нь түүний хувьд хамгийн дээд жин юм. Жин дагаад бяр нэмэгдэнэ гэгчээр отгон аварга тун хүчтэй болсон нь анзаарагдаад байгаа. Гэхдээ нөгөө талаар хурд саарч, хөдөлгөөн удаа болдогийг мартаж болохгүй. Хакүхо аварга дөрвөн кг нэмж, 160 кг-д хүрсэн бол Какүрюү аварга 157 кг жинтэй зодоглоно. Түүний хувьд нэг кг нэмэгджээ. Харин сэкивакэ Такаясү таван кг хасаж, 174 кг болжээ.

Дээд зиндааны хамгийн хүнд бөхөөр урьдын адил Ичиножёо А.Ичинноров тодров. Түүний жин 197 кг. Харин хамгийн хөнгөн нь 118 кг жинтэй Ишиура байв. Дээд зиндааны бөхчүүдийн дундаж жин 162.2 кг байгаа аж.
САНАЛ БОЛГОХ