2017 оноор Лукашенко төгсгөл болох магадлал

Судлаачийн үг

Путинийх шиг цараа, Назарбаевынх шиг зангараг илт дутна

Ялалтын баярын өдөр муу ёрын юм бичлээ хэмээн монгол уншигчид ундууцавзай. Беларусийн сөрөг хүчнийхний ярьдаг, хэлдэг, таамагладагийг Оросын сайтуудаас түүвэрлэн авч, орос эрдэмтний хэлснээр жийрэг болгон буулгаж байна. Беларусь хэмээх улсад үе үе улс төрийн тэмцэл өрнөж, дарагдаж, нууцаар бугшиж, дараа нь ил болж ирсэн. Александр Лукашенко гэж нөхөрт Путинийх шиг цараа, Назарбаевынх шиг зангараг илт дутна. Тэрбээр удсан уу гэвэл удсан. Удлаа гээд улс нь цэцэглэсэн үү (Казахстан шиг) гэвэл бас үгүй. Үе үе эр зориг гарган Оросыг өдөн дуудаж элдэв муу үгээр дайрах боловч тэр нь ардчилагч болчихсон гэсэн үг биш, барууныхны талд орчихов уу гэвэл бүр ч биш.

Энэ улсын газар зүйн байршил, улс үндэстнийх нь бүтцийг аваад үзвээс яалт ч үгүй Европ ба Евразийн зааг дээр, тодорхой хэлбэл Өрнөд ба өрнөджиж буй Европ, Оросын яг зааг дээр оршдог. Тэрхүү байршил нь дараагийн «Майдан» Беларусь болно гэх таамгийг аяндаа дэвшүүлээд гаргаад ирдэг шиг санагддаг. Тус улсын сөрөг хүчний нэг лидер бололтой, саяхнаас нэр нь дуулдаад эхэллээ. «Европын Беларусь» гэх иргэний хөдөлгөөний зохицуулагч Дмитрий Бондаренко энэ 2017 оныг « Беларусь Майдан» болон хэмээн бүр тэгж үзэж, энэ ондоо багтан “Батька” Лукашенкогоо хөөж буулгана хэмээн хээв нэг ярих бөлгөө. “Залхуурсны төлөө татвар” гэгчийг ард түмэндээ ногдуулсан, тэр нь ард олны дургуйцлийг дэвэргээд “Батька”- гаа үзэн ядах дээрээ туллаа хэмээн “европыг хүсэгч” тэр нөхөр ярьсан байх юм.


Хүмүүс ядуурч байна, үй олноороо ажилгүй байна, жижиг хотуудыг ажилгүйчүүд дүүргэлээ, гэтэл Лукашенко иргэдийнхээ асуудлыг шийдвэрлэх чадал алга, “миний прогнозоор бол энэ ондоо багтаж Беларусьт шинэ төр засаг бүрдэх байх, гэхдээ ард түмний бослого тэмцлээр Лукашенко огцрох биз ээ” хэмээн Бондаренко ярьсныг Оросын сайтууд зэрэг эшлэжээ. «Беларусийн үндэсний конгресс» гэх сөрөг хүчний өөр нэг байгууллагын удирдагч Николай Статкевич гэдгийн яриа, үйлдлийг Оросын сайтуудаас өлхөн олж уншиж болно. Тэрбээр гуравдугаар сарын 25-наас хугацаагүй акц зохион байгуулж байгаа аж. Ажил хийгээгүй хүмүүст татвар ногдуулсныг эсэргүүцэж Гомел, Могилев, Брест, Витебск, Минск хотуудад олон мянган хүн оролцсон жагсаал тэмцэл өрнөсөн, одоо үе үе цухалзахыг тэрбээр хэлсэн болж таарав уу.

“Залхуучуудад ногдуулах татвар” гэдгийг 2015 оны хавраас мөрдөж байгаа. Насанд хүрсэн, хөдөлмөрийн чадвартай, гэхдээ хөдөлмөр эрхлээгүй бол жил бүр 250 ам.доллар төлж байх тухай, хэрэв эс төлбөл захиргааны хариуцлага хүлээлгэдэг энэ хуулийг уг нь Монголд хуулбарлаад л хэрэгжүүлчмээр санагдах юм.

Харин “Батька” маань эл хуулиа эх орондоо доозыг нь хэтрүүлээд ширүүлчихсэн бололтой, тиймдээ ч өнгөт хувьсгалын босгон дээр Беларусь орноо чирээд ирэх шиг. Ямар ч атугай эх орондоо аюул нүүрлүүлжээ. Беларусь даяар сөрөг хүчний байгууллага, эвсэл холбоод хурын дараах мөөг шиг урган цэцэглэн буй.


Тэмцэгчид нь урд өмнөхөөсөө илүү эр зоригтой, түрэмгий, өнгөт хувьсгалын технологид суралцсан аятай аяглана. СНГ буюу Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудыг судлах Оросын хүрээлэнгийн дэд захирал проф.Владимир Жарихин энэ тухай ОХУ-ын албан ёсны зовинолыг илэрхийлэн ярьжээ. Өнгөт хувьсгал баруун хөршид нь тулаад ирлээ хэмээн дүгнэсэн нь маш ноцтой юм.

Алякса́ндр Рыго́равіч Лукашенка гэж төрөлх хэлээр нь дууддаг бичдэг тэр эрхэм 1954 оны наймдугаар сарын 30-нд төрсөн, 1994 оноос халаагүйгээр тус улсыг тэргүүлж буй. Ерөнхийлөгчөөс гадна БНБУ- ын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, БНБУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн дарга, БНБУ- ын Үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч зэрэг албыг хашсанаараа Европт ганцаараа толгой цохино.

“Лукашенка” гэх энэ нөхөр 1991 оны хавар (СССР тарах дөхөж байх үест) тус улсын Дээд Зөвлөлд «Ардчиллын төлөө коммунистууд» гэх фракц байгуулснаараа улс төрд тодорч эхэлжээ. Намтрыг нь үзвэл багшийн сургууль төгссөн, хилийн цэрэгт улс төрийн ажилтан, халагдаад комсомолын хурган дарга, дараа нь танкийн цэрэгт сумангийн улс төрийн орлогч, цэргээс халагдаад мужийн эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэгийн нарийн бичгийн дарга, хамтралын дарга явсан гэснээс өөрөөр Лукашенкод гялтайх юм алга байв. Коммунист намыг Зөвлөлт даяар хориглосны дараа тэрбээр «Ард түмний зөвшилцлийн нам» гэдгээ байгуулсан ба тэр нь тэгсгээд бүтэлгүйтсэн. СССР-ийг тараах тухай Беловежийн хэлэлцээрийг Беларусийн Дээд Зөвлөл батлахад цор ганцаараа эсэргүүцсэн депутатаар Лукашенко тодрон, СССР тарсныг нь “ХХ зууны геополитикийн аугаа их сүйрэл” хэмээн нэрлэсэн нь түүнийг алдаршуулжээ. 1993-1994 онд Лукашенко Дээд Зөвлөлийн авлигатай тэмцэх түр комиссыг толгойлж ажилласны эцэст тус орны Ерөнхийлөгчөөр сонгогджээ.

Эдүгээ тус улсын нутаг дэвсгэрт улс төрийн 15 нам бүртгэлтэй байгаа гэсэн баримт байна. Тэдгээрээс Лукашенког дэмждэг нь Беларусийн коммунист нам, Хөдөлмөр шударга ёсны бүгд найрамдах нам, БНН, Беларусийн хөдөөгийн нам, Нийгэм-спортын нам, Беларусийн эх оронч нам; Лукашенког дэмждэггүй нь «Шударга ертөнц» зүүний нам, Ногоон нам, Иргэний нэгдсэн нам, Беларусийн үндэсний фронт нам, Консерватив-христосын нам, Социал-демократ Грамада нам, Беларусийн Социал- демократ нам, илт сөрөг хүчний үйл ажиллагаа явуулдаг нам нь Либерал-ардчилсан нам, Ард түмний зөвшилцлийн социал- демократ нам гэсэн мэдээлэл ил байна.

Харин энэ 2017 оны хувьд дээр жагсаасан аль ч намаас Ерөнхийлөгчөө огцруулах тэмцэл өрнөхгүй, «Европын Беларусь», «Беларусийн үндэсний конгресс» гэхчлэн цоо шинэ хөдөлгөөн, холбоодоос өнгөт хувьсгалыг төлөвлөж хэрэгжүүлнэ хэмээн орос профессор В.Жарихин үзэж байна. Түүний ярьснаас үзэхэд дээрх 15 намын лидер, мөрийн хөтөлбөр, түүхэн замнал оросуудад хэдийнэ танил болсон, тэгээд ч тэднээс Москвад сүрдэж балмагдаж байсангүй, харин тэр «Европын» гэснүүд нь ноцтой балаг тарьж мэдэх аж.

Одоогийн шинээр төрсөн тэрхүү оппозиц нь өнгөт хувьсгалын технологид илүү суралцсан, илүү шийдмэг, илүү харгис байгаа нь Москваг түгшээнэ, ялангуяа тэмцэл нь ганц Лукашенкогийн эсрэг бус, Оросын эсрэг чиглэх нь нэн аюултай, Беларусийн ард түмэнд ашиггүй хэмээн ярьснаас нь үзэхэд тус улсад өрнөх аливаа тэмцэл хөдөлгөөнийг Москвад төдийлөн сайшаахгүй гэхээр юм.

Ерөөсөө Украины сценар явагдана гээд Москвад урьдчилан төсөөлж төлөвлөж бэлтгэж байх шиг. Хөршүүдтэйгээ Беларусийн удирдлага илт сөргөлдөж (Оросыг хэлж байна), түүнийг нь өрнөдөд өөгшүүлэн дэвэргэж байгаагаас үүдэн өнгөт хувьсгалд далдуур бэлтгэж эхэллээ гэх хардлага оросуудад байгаа бололтой. Тийм төсөөлөл бууж байна. Лукашенко дотооддоо хэрхэн дарангуйлах, аяглах нь чухал биш, Оросын эсрэг ирээдүйн өнгөт хувьсгалыг өдөөж байгаа нь л чухал хэмээн үзжээ.


Проф.Жарихины сэрэмжлүүлэг, сануулга ч бас ноцтой дуулдлаа. Тэрбээр Кремльд хандан анхааруулга өгч байна. 2012 онд Кремлийнхэн дэндүү амар амгалан байсан ба “Янукович бол Шеварнадзе биш, тэр засгийн эрхийнхээ төлөө хоёр гараараа тулгуур хийж байна, унахгүй, юу ч болохгүй” хэмээн тайвширч суусан чинь юу болж дууслаа даа хэмээн орос эрдэмтэн хөөрлөө барьж ядан ам асуужээ.

» Харин “Батька” маань эл хуулиа эх орондоо доозыг нь хэтрүүлээд ширүүлчихсэн бололтой.
» Эдүгээ тус улсын нутаг дэвсгэрт улс төрийн 15 нам бүртгэлтэй байгаа гэсэн баримт байна.
» Хөршүүдтэйгээ Беларусийн удирдлага илт сөргөлдөж (Оросыг хэлж байна), түүнийг нь өрнөдөд өөгшүүлэн дэвэргэж байгаагаас үүдэн өнгөт хувьсгалд далдуур бэлтгэж эхэллээ гэх хардлага оросуудад байгаа бололтой.
Минск дэх дарангуйлагч нөхөр өнгөт хувьсгалын анхны үйлдлийг л таслан зогсооно гэх таамаглал нэн ноцтой, яагаад гэвэл өнгөт технологийн урсгал баруунаас Беларусийн хүн ард руу аль хэдийнэ нэвтрээд ороод ирсэн, одоо радикал уриа дуудлага л үлдээд байна хэмээн бичсэн нь ч бас нэгэн төрлийн дүгнэлт гэлтэй.


Бүр үл таашаамаар прогноз ч оросын нэгэн сайт дээр явж байна. Лукашенко оросуудын зөвлөгөөг үл тооно, сөрөг хүчнээ ч үл сонсоно. Тэрбээр жагсаал цуглаан, хугацаагүй суулт акцыг хүчээр нухчин дарна. Хатуу нударгаар үзнэ. Цагдаа үл хүчирвэл цэрэг оруулна, цус урсгана, буулт хийхгүй, улс төрийн яриа хэлэлцээг цаадуултайгаа хэзээ ч хийхгүй, гэвч ард олны тэмцэл хавтгайрна, Киевийн Майдан шиг гудамжны баррикадын хоёр талаас үзэлцэнэ, Беларусийн арми, цагдаа дотроос тэмцэгчид рүү үй олноороо шилжиж орно, Засгийн газраа огцруулж үзнэ, онц байдал, байлдааны цагийн байдал зарлаад нэмэр болохгүй, тэгж тэгж Лукашенко огцорно ... цаашаа яаж өрнөхийг тэнгэр мэдтүгэй гэх маягаар оросын тэр сайтад лүндэгджээ.

Хэрэв 2017 онд Беларусьт өнгөт хувьсгал нэрлэвэл Оросын геополитикийн баталгаанд ноцтой байдал үүсч таарна. Славяны ертөнц дэх сүүлчийн гол холбоотноосоо хагацахаас гадна шууд хил залгаа бүс нутгаа “НАТО-гийн”, “Европын” хамар дор сул хаяж өглөө гэсэн үг болно. «Европын Беларусь» засгийн эрх авбал тэгээд л дуусах нь тэр. Беларусьт Донбасс шиг орос хэлтэн, орос үндэстэн хэдэн саяараа оршин суудаг бүхэл бүтэн муж байхгүй тул Орос тэнд бамбай жийргэвч бүс байгуулж чадахгүй. Беларусь нь хойшоо ч, баруушаа ч шууд НАТО-той хиллэнэ. Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, Евразийн эдийн засгийн холбоо, Гаалийн холбооноос тус улсыг гаргахыг уриалагчид засгийн эрх авахгүй гэх баталгаа байхгүй. Өөрөөр хэлбэл Оросын хувьд эцсийн тулгуур найдвар нь “Батька”!
САНАЛ БОЛГОХ