"Medallion Fund" хамгийн олон тэрбумтан төрүүлсэн сан болно

Мэдээ

1980-аад оны сүүлээр байгуулагдсан "Medallion Fund" хамгийн олон тэрбумтан төрүүлсэн хедж сан болж магадгүй байна. Хөрөнгө оруулалтын менежментийн "Renaissance Technologies" компанийн эзэмшилд байдаг энэхүү сангийн тусламжтай үүсгэн байгуулагч Жим Симонсын хөрөнгийн үнэлгээ 15.7 тэрбум ам.долларт хүрсэн байна. Харин тус санг хөл дээр нь босгоход онцгой үүрэг гүйцэтгэсэн Хэнри Лауферийн хөрөнгө дөрвөн тэрбум ам.доллараар үнэлэгджээ. Зах зээлийн нууцлагдмал өнгө аясын оньсыг тайлах зорилготой "Medallion Fund" сангийн үйл ажиллагаа компьютерийн олон сая код дээр суурилагдсан байдаг байна.

Энэхүү сан нь өнгөрсөн 29 жилд нийт 55 тэрбум ам.долларын орлого олсныг “Bloomberg”-ийн шинжээчид онцолжээ. Түүнчлэн "Renaissance Technologies"-ийн хувьцаа эзэмшигч хоёр эрхэм удахгүй тэрбумтнуудын эгнээнд шилжиж магадгүй байгаа талаар эх сурвалж мэдээлсэн байна. Хэрэв энэ биеллээ олбол, хедж сангууд дотроос "Medallion Fund" хамгийн олон тэрбумтан төрүүлсэн сан болно гэж ажиглагчид онцолжээ.



САНАЛ БОЛГОХ