Хөнгөлөлттэй зээл авах асуудлыг УИХ-аар хэлэлцүүлнэ

Мэдээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар ​Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр тогтлоо. УИХ хэлэлцэн шийдвэрлэвэл дээрх ассоциациас 2015-2017 онд Монгол Улсад хуваарилсан  79 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг авах боломж бүрдэх юм. Энэхүү зээлээр ажил эрхлэлтийг дэмжих, макро эдийн засаг, санхүүгийн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулж чадавхыг нь нэмэгдүүлэх, эрчим хүчний түгээлтийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчээр баруун бүсийн эрчим хүчний хэрэгцээг хангах зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Түүнчлэн “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр”-ийн тухай хэлэлцэв. Ерөнхий хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулсны дараа зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг Засгийн газар хэлэлцэн шийдвэрлэнэ. Шинээр авахаар төлөвлөж байгаа хөнгөлөлттэй зээлийн хэмжээ 500 сая ам.доллар, хүү нь 0.2 хувь, эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 10 жил байх ажээ.

Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр боллоо. 20 жилийн хугацаатай энэхүү зээл нь жилийн 1.75 хувийн хүүтэй бөгөөд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь таван жил байх аж. Зээлээр аж үйлдвэр, төмөр зам, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон бусад салбарын хөгжилд зориулсан төслүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулахаар БНЭУ-тай тохиролцоод байна. Төслийн санхүүжилтийн хэмжээнээс хамаарч 200 сая ам.доллараас дээш дэд бүтцийн төсөл, 100 сая ам.доллараас дээш стратегийн ач холбогдол бүхий төслүүдийн зээлийн хугацаа 25 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа долоон жил байх юм.




САНАЛ БОЛГОХ