“Бяцхан хөвгүүдийн тулаан”
Спорт
Энэ спорт 1904, 1908 оны олимпийн хөтөлбөрт багтаж байв
1850-иад онд Хойд Америкийн нутгийн унаган иргэд болох индианчууд томоохон наадам хийдэг байжээ. Үүнийг Америкийн цагаач иргэдээс төрсөн алдарт зураач Жорж Катлины “An Indian Ball-Player” хэмээх түүхэн зургаас харж болно. Энэ нь өдгөөгийн лакроссын эхлэл байв. Тухайн үед 100-1000 гаруй залуус 460 метрийн зайд, өглөөний нар мандахаас үдшийн бүрий болтол хоёр, гурван өдөр дараалан тоглодог байсан нь түүхэнд үлджээ. Энэ наадмыг овог аймгууд өөрсдийнхөөрөө нэрлэж байв. Гэхдээ хамгийн алдаршсан нэр нь “Бяцхан хөвгүүдийн тулаан” байлаа. Багийн спорт дотроос лакросс Хойд Америкт хөгжсөн ууган спортын нэг юм.
Энэхүү спортын талаар хамгийн анх Францын аялагч Жан де Бребёр 1637 онд Нью-Йоркт очихдоо тэмдэглэн үлдээсэн юм. Тэрбээр модон цохиураар бөмбөгийг барьж, ийш, тийш гүйлдэх залуусыг хараад л лакросс буюу “Модон цохиур” гэсэн нэр өгсөн нь өдгөө хүртэл оршсоор байна. Индианчуудын спорт өдгөөгийн Канад, Америкийн нутагт нүүж ирсэн цагаан арьстнуудад уламжлагдан үлджээ.
Индианчууд хэдэн өдөр дараалан лакросс тоглодог байсан нь түүхэнд үлджээ
1855 онд Канадын Монреаль хотноо лакроссын анхны клуб байгуулагдав. Тус клубийн хаалгачаар 17 настай Уильям Жорж Бийрс багтаж, Уэльсийн армийхантай хийх нөхөрсөг тоглолтод оролцсон гэдэг. Хожмоо шүдний эмч мэргэжилтэй болсон Уильям орчин үеийн лакроссын эцэг гэгддэг юм. Дөрвөн жилийн дараа тэрбээр уг спортын албан ёсны дүрмийг зохиосон нь эдүгээ хүртэл мөрдөгдөж байна. Тэрбээр 1867 онд Канадын шигшээ багийг бүрдүүлж, Их Британи, Энэтхэгт аялан тоглолт хийжээ. Үүнээс долоон жилийн дараа “Lacrosse: The National Game of Canada” хэмээх номыг бичсэн юм. Бийрс эх оронч үзэлтэй хүн байсан тул лакроссыг хөгжүүлж, дэлгэрүүлэх үйлсэд бүх амьдралаа зориулжээ. Орчин үеийн лакроссыг үндэслэгч ахлах сургуульд уг спортыг заах, үзүүлэн тоглолт хийх зэргээр олон ажил гүйцэтгэж, үүний үр дүнд Нью-Йоркийн дээд сургуульд анхны коллежийн баг бүрдэж, үүнээс 13 жилийн дараа албан ёсны хоёр дахь клуб байгуулагджээ. Харин бараг 100 жилийн дараа оюутны лигийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдох болсон байна. Гэхдээ Америкт бүр сүүлд буюу 1998 онд л албан ёсны холбоо байгуулагдсан гэдэг.
Америкчууд холбоо байгуулснаас гурван жилийн дараа албан ёсны лигээ зохион байгуулав. Энэ спорт хүрээгээ тун хурдан тэлж, 1904 оны Сент Лиусийн зуны олимпийн хөтөлбөрт багтжээ. Тэрхүү олимпод Канадын Шэмрок хотын хоккейн тамирчдаас бүрдсэн баг нутгийн эзэд болох Бруклины залуусыг буулган авч, алтан медалийн эзэд болсон түүхтэй. Харин хүрлийг Канадын индианчуудаас бүрдүүлсэн баг хүртжээ. Дараа нь “Лондон 1908”-д дахин багтаж, ердөө хоёрхон баг өрсөлдсөн бөгөөд Канадын шигшээ талбайн эздийг буулган авч, дахин түрүүлжээ. Харамсалтай нь олон улсад өргөн хөгжөөгүй гэсэн үндэслэлээр зуны олимпийн хөтөлбөрт дахин багтаагүй юм. Канадад ихэнх улиралд хүйтэрдэг байсан нь тус спортын хөгжилд саад болсон гэж хүмүүс үздэг. Тиймээс тамирчид өвөл бэлтгэлтэй байхын тулд зааланд тэмцээн зохиож эхэлсэн нь “box lacrosse” төрлийн гол үндэс болсон юм. Өдгөө “field lacrosse”, “box lacrosse” хэмээх хоёр төрөл жигд хөгжжээ.
Дүрмийн хувьд талбайд нийт хоёр багийн 20 тоглогч гарах ёстой. Нэг багт гурван довтлогч, гурван хагас хамгаалагч, гурван хамгаалагч, нэг хаалгач багтдаг. Ямар ч тохиолдолд гар оролцохгүй байх ёстой бөгөөд цохиур ашиглаж, дамжуулах, оноо авах үүрэгтэй. Түүнчлэн хоёр тоглогч зодолдвол таван минутаар торгуулдаг ажээ.
Тоглогчид эхэндээ нүүрний хамгаалалтгүй байв. Гэвч тэмцээний үеэр олон хүн нүүрэндээ бэртэл авах болсон тул 2003 оноос хамгаалалт зүүж, талбайд гаргах болжээ. Лакросс хэдийгээр хоккей, сагсан бөмбөг шиг олон улсад өргөн дэлгэрээгүй ч Канад, Америкийн ахлах сургууль, коллежийн гол спортуудын нэгд багтсаар байна. Түүнчлэн Европын зарим нутгаар, Австрали, Өмнөд Солонгост хөгжиж эхэлжээ. 2007 онд Америкийн мэргэжлийн лиг болох MLL нь ESPN теле сувагтай 10 жил хамтарч ажиллах гэрээ байгуулсан юм. Өдгөө Олон улсын лакроссын холбоонд 73 улс бүрэн эрхт гишүүнээр элсэн үйл ажиллагаагаа явуулж байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй