Төгс бүтээлийн төлөөх урлаг

Кино

Арт хаус кино Холливудын тавцанд

Арт кино гэж юу вэ. Сэтгэлийн нарийн утсыг хөндсөн, үйл явдлын өрнөл нь туйлын тааварлашгүй. Удаан, тэвчээр шалгасан. Хүмүүсийн ярьдаггүй “нууцлаг” сэдэвтэй. Киноны төгсгөлд л зохиолчийн санааг сая нэг ухаардаг киног арт бюу арт хаус гэж ойлгох нь түгээмэл. Гэвч энэ ойлголт өнөөдрийн арт кинонд багадсан гутал шиг тохирохооргүй ухагдахуун болжээ. Дуугүй кино гарсан 1900 оны эхэн үед арт төрлийн кино анх дэлгэцэнд гарсан түүхтэй. Түүнээс хойш зохиолч, найруулагчдын оюунд бойжсоор өдгөө Холливудын тавцанд гарсан юм. Энэ жил гэхэд Бэрри Жэнкинсийн найруулсан “Moon-light” кино “Оскар”-ын гурван цом гардсан. Ухрааж харвал, “Биллийг устга” (2003, 2004), “Хар хун” (2011), “Хүн шувуу” (2015), “Галзуу Макс” (2015) зэргийг нэрлэж болно.

Арт кино арилжааныхаас олон талаараа онцлог. Үүнийг “зохиолчийн кино” гэж нэрлэх нь бий. Гол зорилго нь зохиолчийн санааг төгс гаргахад чиглэхээс биш, үзэгчдэд таалагдах гэж элдэв төрлийн “шигтгээ” оруулдаггүй. Тухайлбал, Монголын кино бүтээгчид дунд дэлхийн зах зээлд гарахын тулд нүүдэлчин ахуйг “өгөөш” болгох хэрэгтэй гэсэн хандлага бий. Харин арт хаус кинонд энэ огт хамаагүй. Мөн харилцан ярианаас илүү үйл явдал, дүрсээр санаагаа илэрхийлэхийг зорьдог. Түүнчлэн гол дүр нь бусадтай дайтахаас илүү өөрийнхөө хүн чанар, хүсэл мөрөөдөл, дотоод “би”-тэйгээ тэмцэж буйг өгүүлдэг юм. Гол дүрийн баатар өөрөө өөртэйгөө “дайтдаг” учраас ихэнх арт киног ойлгоход түвэгтэй, үйл явдал нь удаан өрнөх нь элбэг. Арилжааных биш учраас алдартай, өндөр цалинтай жүжигчдийг тоглуулж чаддаггүй сул талтай. Тиймээс арт кино ямагт арилжааны кинонд “дарагдаж” ирсэн.


Гэвч цөөхөн үзэгчтэй, кино наадмуудын дэлгэц хэсэж явдаг байсан арт кинонд 2000-аад оноос хойш шинэ үзэгдлүүд цухалзах болсон юм. Дээр дурдсан “Хар хун” бол аймшгийн төрлийн арт кино. Хэдийгээр өвөрмөц зохиолтой ч Натали Портмэн тоглоогүй байсан бол олны анхаарлыг татаж чадахгүй байсан болов уу. Тус киног бүтээхэд 13 сая ам.доллар зарцуулж, орлогоосоо 25 дахин их буюу 329.4 сая ам.доллар олжээ. Мөн “Хүн шувуу” кино 18 сая ам.доллараар бүтэж, 103.2 сая ам.долларын ашиг өгсөн. Энэ мэтээр арт кино зөвхөн кино бүтээгчдийн хүрээнээс хальж, арилжааны кинонуудтай эн зэрэгцэж эхэллээ.

Арт хаус кинонд гарсан бас нэгэн өөрчлөлтийн салхийг “Биллийг устга” киноны цуврал ангиуд сэвэлзүүлж орхисон. Энэ киноны хурдтай өрнөл арт хаусын “уйтгартай, удаан” гэсэн имижийг орвонгоор нь эргүүлсэн юм. Түүний халааг “Галзуу Макс” кино үргэлжлүүлсэн. Тус киног арт хаусын шилдэг бүтээлийн тоонд оруулах болсон нь учиртай. Тухайн жилд “Галзуу Макс” кино хамгийн олон буюу “Оскар”-ын таван цом авсан. Холливудын найруулагч Жорж Миллер энэ бүтээлдээ 150 сая ам.доллар зарцуулсан байдаг. Холливудын арилжааны киноны хувьд байдаг л төсөв хэдий ч арт уран бүтээлчдийн хувьд энэ нь шинэ үзэгдэл байлаа.

Арт хаус кинонд энэ мэт шинэ “салхи” орж, Холливудын кинонуудтай өрсөлдөх болсон нь үзэгчдийг төөрөгдүүлж магадгүй. “Галзуу хурд” арилжааныхаас юугаараа ялгаатай вэ гэвэл үүнд харилцан яриа багатай, зөвхөн зохиогчийн санааг гаргахыг зорьсон гээд арт бүтээлийн шинжүүд бий. Гэхдээ дээр дурдсанчлан энэ төрлийн киноны талаарх хуучны ойлголт ул болсон. Киног урлагийн бүтээл болтол нь төгс хийж чадсан л бол арт кино гэж үзэх хандлагатай болжээ.

» Арт хаус кино зохиолч, найруулагчдын оюунд бойжсоор Холливудын тавцанд гарсан.
» Тухайн кино урлагийн цогц бүтээл болж чадсан эсэхийг дүгнэхэд түвэгтэй.
» Зохиолчийн санааг төгс гаргахад чиглэхээс биш үзэгчдэд таалагдах гэж элдэв төрлийн “шигтгээ” оруулдаггүй.
“Алтан хальс” холбоотой холбогдоход “Зохиолч, найруулагчийн хэлэх гэсэн санааг урлагийн олон төрөл зүйлээр харуулсныг арт хаус кино гэж ойлгож болно. Зураг авалт, хөгжим, санаа нь бүгд цогцоороо сайн болсон бүтээлийг ингэж нэрлэж байгаа. Монгол залуусын хувьд кино шүүмж хөгжөөгүй учраас өөрсдийнхөөрөө хийгээд явж байна. Арт хаус киног хөгжүүлэх гол хөшүүрэг нь түүнийг таашааж үздэг үзэгчид байдагт оршино. Тиймээс манай холбоо бямба гараг бүр “Dreamers day” кино өдөрлөг зохиодог” гэв. Өнгөрсөн найман жилийн хугацаанд арт кино сонирхогчдын тоо тодорхой хэмжээгээр өсчээ. Мөн ийм чиглэлээр уран бүтээл туурвигчдын тоо ч нэмэгдсэн аж. Эдгээрээс найруулагч Ш.Ихбаярын “Уран хас” баримтат киног хамгийн сайн нь гэж салбарынхан нь үнэлдэг юм байна.


Тус холбооноос ирэх сард “Алтан хальс” олон улсын арт кино наадмыг найм дахь жилдээ зохион байгуулахаар зэхжээ. Энэ жил АНУ, Герман, Япон зэрэг 30 гаруй орны уран бүтээлч оролцох юм байна.

Энгийн үзэгчид арт кино мөн, биш эсэхийг ялгахад амаргүй. Судлаачид хүртэл хоорондоо маргах нь бий. Учир нь тухайн кино урлагийн цогц бүтээл болж чадсан, эсэхийг дүгнэхэд түвэгтэй. Хүн бүрийн гоо зүйн мэдрэмж адилгүй учраас энэ маргаан цаашид ч үргэлжлэх биз.
САНАЛ БОЛГОХ