Ашиг, сонирхлын зөрчилтэй ТУЗ

Нийтлэлчийн булан

Хараат бус гишүүний томилгоо хувьцаа эзэмшигчдэд таалагдсангүй”

Монголчууд хувьцааг нь эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хараат бус гурван гишүүнтэй. Тэд 2.5 сая иргэнийг төлөөлж, эрх ашгийг нь хамгаалахаар энэхүү ТУЗ-д суугаа. Төрийн төлөөлөл давамгайлсан “Эрдэнэс Тавантолгой”- н хараат бус гишүүний томилгоог хууль бус гэж “Монгол 999” үндэсний нэгдлийн гүйцэтгэх захирал С.Отгонбаатар үзэж байна. Хараат бус гишүүний сонгон шалгаруулалт, томилгоо олон нийтэд хаалттай, тодорхой бус, ойлгомжгүй байгааг тэрбээр хөндсөн юм. Энэ сонгон шалгаруулалт хуулиас гажсан гэж тэрбээр нэмж өгүүлсэн.

“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн хараат бус гишүүнээр П.Өлзийнаран, Э.Ганбаатар, Х.Болор-Эрдэнэ нар ажиллаж байна. Тэднийг компанийн ТУЗ-ийн ээлжит бус хурлаар томилсон нь олон хүнд ийнхүү эргэлзээ төрүүллээ. Өнгөрсөн сард болсон хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар эдгээр гишүүний асуудал хурцаар хөндөгдсөн.

Тэдний ажлын туршлага, ур чадвар, мэдлэг, боловсрол 2.5 сая иргэний төлөөлөл болж хуралд оролцсон иргэдийн шалгуурт үнэхээр тэнцэлгүй бүдэрсэн юм. Учир нь иргэдийг төлөөлөх хараат бус гишүүний үүрэг, хариуцлага өндөр байх ёстой. Ялангуяа “Эрдэнэс Тавантолгой”- н нийт хувьцааны 15.75 хувийг эзэмшиж байгаа талын эрх ашгийг хамгаална гэдэг тэр хэрээр мэдлэг, чадвар, туршлага шаардах бэрх ажил. Гэтэл одоогийн хараат бус гишүүд дотор үүнийг давах хүн олдсонгүй. Жилд нэг удаа болдог хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралдаа нэр төдий оролцдог хараат бус гишүүн “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-д байна. Бүр жилд ганц удаа шүү...

Хараат бус гурван гишүүний хоёр нь дээрх хуралд ирж, бараагаа харуулсан төдий байсан бол нэг нь огт үзэгдсэнгүй. Хувьцаа эзэмшигчид хараат бус гишүүний томилгоог эргэж нухацтай харах ёстойг хэлж байсан ч хурлын хэлэлцэх асуудалд байхгүй хэмээсээр хурал даргалагч нь хүчээр хаав. “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн ахалж байгаа юм. Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн даргын албыг бас хашдаг. Хамгийн том, чухал компаниудын ТУЗ-ийг ганцхан хүн толгойлно гэдэг үнэхээр эгдүүцмээр томилгоо юм. Монголд энэ хүнээс өөр хүн олддоггүй болсон бололтой. Манай улсын экспортын нүүрсний 30 гаруй хувийг бүрдүүлдэг “Эрдэнэс Тавантолгой” илүү сайн ажиллахад чадварлаг ТУЗ-ийн баг шаардлагатай. Тэр тусмаа хараат бус гишүүнд босго тогтоохгүй бол ногдол ашиг хүлээсээр буй 2.5 сая иргэн, 530 орчим үндэсний аж ахуйн нэгж хохирол амсаад үлдэж мэдэх нь. Ийм муу жишиг “Эрдэнэс Тавантолгой”-гоос цааш үргэлжлэх ёсгүй. Үүнд цэг хатгаж байж л үйл ажиллагааныхаа алдагдлаас өндийж чадахгүй байгаа “Эрдэнэс Тавантолгой”-д өөдлөх найдвар байна.


“Эрдэнэс Тавантолгой”-н хараат бус гурван гишүүний нэг нь Х.Болор-Эрдэнэ. Түүнийг нэгэн УИХ-ын гишүүний төрсөн дүү гэдгээр нь олон нийт мэддэг болсон. Тэрбээр өмнөх Засгийн газрын үед “Монголросцветмет” нэгдлийн ерөнхий захирлаар ажиллаж байсан. Одоо “Дорнод газар” компанийн захирлаар ажиллаж байгаа. Харин Э.Ганбаатар нь хамгаалалтын албаны захирал. Биднийг төлөөлж байгаа хараат бус гишүүдээ захаас нь тодорхойлоход ийм байна. ТУЗ бол компанийн засаглалын уураг тархи нь гэсэн үг. “Эрдэнэс Тавантолгой” шиг алдагдлаа “хазаарлаж” дийлэхгүй байгаа компанид шахааны бус мэргэжлийн хүний эрэлт, хэрэгцээ хамгийн их байна. ТУЗ-ийн гишүүний ажлын үр дүнг компанийн үйл ажиллагааны тайлангаас харж болно. Мэдээж “Эрдэнэс Тавантолгой” муу үнэлгээ авахаар байна.

Тавантолгойн ордоос олборлож буй нэг тонн коксжих нүүрсээ “Эрдэнэс Тавантолгой” 71.50 ам.доллараар борлуулж байгаа. Энэ нь тус компанийн хувьцааг эзэмшиж буй 2.5 сая иргэний хувьд онцлох мэдээ. 1072 ширхэг хувьцаагаа нэрийн дансандаа байршуулсан иргэд “Эрдэнэс Тавантолгой”-гоос өрхийн орлогоо нэмэгдүүлэх бололцоог горьдож байгаа. Гэхдээ компани үйл ажиллагааны зардлаа цаашид бууруулж, засаглалаа сайжруулж чадахгүй бол урагшлах боломж туйлын хомс байна. 100 төгрөгийн орлого олохын тулд 136 төгрөгийн зарлагатай ажиллаж байгаа “Эрдэнэс Тавантолгой”-н нийт өр төлбөр 479.7 тэрбум төгрөгт хүрсэн гээд бодохоор даанч харуусмаар.

Компаниудын ТУЗ-ийг ганцхан хүн толгойлно гэдэг үнэхээр эгдүүцмээр томилгоо
Сайн чанарын коксжих нүүрсийг сорчилж олборлон экспортолсон ч алдагдалтай тайлан үйлдвэрлэдэг “Эрдэнэс Тавантолгой”- н толгой компани нь “Эрдэнэс Монгол”. Тус компани энэ жил 10 насны ойтойгоо золгож байгаа бөгөөд охин компаниудынхаа нээлттэй, ил тод байдлыг дээшлүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Бас компанийн засаглалаа сайжруулахын төлөө бодлогоо хандуулна гэв. Үнэн худал нь бүү мэд. Ингэснээр ашигтай ажиллах боломжтой гэж үзжээ. Хөгжлийн банкны өр төлбөрт унаж, өөдлөхөө байсан “Эрдэнэс Тавантолгой”-н худалдан авалт, тендерийг ил тод нээлттэй явуулж байгааг батлах, хянах хүмүүс нь хараат бус гишүүд. Тэд компанийн гүйцэтгэх захирал болон үйл ажиллагаанд хяналт тавих эрх, үүрэгтэй. Компанийн стратегийн зорилтын хэрэгжилт нь ТУЗ-ийн үйл ажиллагааг үнэлэх гол хэмжүүр. Уг хэмжүүрээр “Эрдэнэс Тавантолгой”-г дүгнэхэд үнэлэмж нь үмх өөхнөөс ч бага байна.

Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийн холбооны гүйцэтгэх захирал Г.Нандинцэцэг “Амьд, сайн ажиллагаатай ТУЗ- ийг бүрдүүлсэн компанийн хувьд бизнесийн аливаа сорилт, өрсөлдөөнд төдийлэн хялбар тонгойхгүй, хүчирхэг нуруутай байдаг. Энэ нь тухайн бизнесийн байгууллага зорилгоо биелүүлж, өрсөлдөх чадвараа дээшлүүлж, компанийн үнэ цэнээ нэмэгдүүлэх боломжтой болж ирэх гарц, дөт зам юм” гэж тодорхойлсон юм. Хэрэв компанийн ТУЗ хуулиар хүлээсэн үүргээ сайн хэрэгжүүлж ажиллавал засаглал сайжирч, ашиг орлого өснө. Тэрчлэн хөрөнгө оруулагчид нэмэгдэх боломжийг олгодог. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд ТУЗ-ийн шалгуурыг өндөрсгөх, хараат бус гишүүний ур чадварт анхаарах цаг болжээ. Түүнээс гадна ашиг сонирхлын зөрчилгүй хүнээр стратегийн багаа бүрдүүлэх хэрэгтэй байгааг тус компанийн үйл ажиллагаа илтгэнэ.
САНАЛ БОЛГОХ