Автомат эринд “амьд” үлдэх стратеги

Нийтлэлчийн булан

Технологийн түрэмгийллийн нэг золиос нь залуус

Уучлаарай. Таны ажлыг робот орлохоор болсон”. Нэг л өглөө ажилдаа иртэл ийм үг сонсвол танд ямар санагдах вэ. Төсөөлөхөд бэрх ч энэ бол бидэнд ойрхон ирээдүй, заримынх нь нүүр тулж буй одоо үе. Роботууд хүнийг орлоод удаж байна. Технологи тив алгасалгүй нэвтэрч, бүх салбарт шингэв. Гэхдээ технологийн дэвшил биднийг мухардал руу хөтөлж байгаа юм биш биз. Машинууд бидний амьд харилцаа, ажлын байр гээд хүн төрөлхтний үнэ цэнэтэй зүйлсийг булааж эхэллээ. Тэгвэл ийм эринд яаж тэсэж, үлдэх вэ.

ТӨРҮҮЛСЭН “ТӨМӨР”-НҮҮДЭЭ АДЛАХЫН УЧИР

Аж үйлдвэрийг хүний хүчээр туулсан дэлхий өнөөдөр технологиор зэвсэглэсэн шинэ зуунд замнаж явна. Хөдөлмөрийн зах зээл гэхэд л роботоор хүчээ зузаатгах болсон. “Oxford”-ийн судалгаагаар АНУ-ын нийт ажлын байрны 10 хувийг машин бүрдүүлж байгаа аж. Харин энэ үзүүлэлт ирэх 20 жилд 30-40 хувьд хүрэхийг судлаачид тооцоолжээ. Тэгвэл энэ хэрээр хөдөлмөрийн зах зээлд “төмөр”-нүүд хүч түрж, төдий чинээ хүмүүс ажлын талбараас шахагдах нь.

Өнгөрсөн онд болсон Дэлхийн эдийн засгийн чуулганаар ч “төмөр”-нүүдийн түрэлтийг орхилгүй, хөндсөн юм. Ирэх таван жилд роботууд 7.1 сая ажлын байрыг үгүй хийнэ гэсэн тооцоо гарсныг энэ үеэр судлаачид онцолсон. Гэхдээ үүнийг дагаад хоёр сая ажлын байр бий болох тооцоотой гэвэл яг таван сая ажлын байр устах төлөвтэй. Технологи түрж, ажилчдын тоо буурч буй нь энэ.

Ер нь дэвшил эргээд ямар ухралт авчирч буйг ганцхан жишээгээр хэлэхэд, өнгөрсөн онд “Toyota” компани үйлдвэрийн зөвхөн нэг шугамаа автомат болгоход 30 ажилчны 20 нь ажлын талбараас арчигдсан юм. Ийм олон хүн ажилгүй, орлогогүй болсон. Гэвч бизнесийн байгууллагууд хүнээс үүдэлтэй алдаа, дутагдлыг арилгаж, үр ашгаа өсгөхийн тулд ажиллах хүчээ машинуудаар сэлбэсээр.

Хэвлэгч, хувилагч төхөөрөмжөөр нь бидний сайн мэдэх “Hewlett-Packard” (НР) компани ойрын 3-5 жилд дэлхий даяар 27 мянган ажилчнаа цомхотгохоо мэдэгджээ. Ер нь эднийх шиг хэдэн мянган ажлын байраа цомхотгоно гэсэн мэдээлэл олонтаа хөвөрдөг. Уншигч та ч ийм мэдээлэлтэй цөөнгүй таарсан гэдэгт итгэлтэй байна. Гэтэл ийн хөврөх мэдээллийн цаана өнөөх л технологи дагасан ажилгүйдэл хүрээгээ тэлсээр.

Ялангуяа, өндөр хөгжсөн Герман, Франц, Япон, АНУ-ын шийдэхэд бэрх нэг сорилт нь энэ юм. Тэр бүү хэл, хөдөлмөрийн зах зээлийн үлгэр жишээ бодлого баримталдаг гэгддэг урд хөрш ч ийм эрсдэлтэй учрах төлөвтэй. “Financial Times”-ийн мэдээлснээр Хятадын хүнд үйлдвэрийн ажилчдын тоо 2030 онд одоогийнхоос 25 хувиар буурч болзошгүй байна. Тус улсын үйлдвэрүүдийн техник, технологийн шинэчлэлийн хугацааг 12-16 жил гэж тооцож, хүн амын өсөлтийн хурдтай нь харьцуулбал 2030 он гэхэд 20 сая хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжих аж.

Хамгийн халагламаар нь “төмөр”-нүүд ажлын байрыг булаагаад зогсохгүй амьжиргааг ч доош татна. Өөрөөр хэлбэл, мэдлэг, ур чадвараар гологдсоноос ажилгүй болсон иргэд дахин ажлын байртай болох магадлал бага байдаг аж. Технологи дагасан ажилгүйдэл давхар ядуурал авчирдаг байна. “Joseph Rowntree” сангийн тайланд дурдсанаар ажилгүйдлээс үүдэлтэй ядуурал дэлхий даяар 2010 оноос хойш 1.1 саяар өсөж, 3.8 саяд хүрсэн байна. Тэгэхээр энэ нь тоолгүй өнгөрч боломгүй толгойн өвчин.

Технологийн түрэмгийллийн өөр нэгэн золиос нь залуус. Хөдөлмөрийн зах зээлийн хамгийн идэвхтэй хэсэг болох залуус мэдлэг ур чадвараар гологдож, тэдний оронд техник ашиглах сонирхолтой ажил олгогчдын тоо нэмэгджээ. Энэ хэрээр “гудамж метрлэж” буй идэр настнуудын тоо олширсон. Үүний баталгаа нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагын тооцоогоор 2016 онд залуусын ажилгүйдлийн түвшин сүүлийн 20 жилийн дээд цэгт тулжээ. Залуусын ажилгүйдэл хөгжилтэй орнуудын хамгийн хөндүүр сэдэв болоод байна. Тухайлбал, хөгшин тивийн орнуудын залуусын ажилгүйдэл 21 хувийг давсан нь дэлхийд рекорд тогтоох үзүүлэлт.


Роботууд ачиж, зөөж угтаж, савлаж бүр хүмүүсийг хүртэл асарч байна. Цаашид улам л “ид шид”-тэй болж, бүгдийг хийх нь. Зүүд, зөгнөл мэт байсан роботын эрин эзэгнэх нь. Ингэхдээ нүд ирмэхийн зуур дэвшиж, өдрөөс өдөрт ухаажиж байна. Технологийн дэвшлийн хурд хүнд гүйцэгдэхээ болив. Тэгвэл бидний ирээдүй цаашид яах бол. Технологиос хэт хамааралтай энэ эринд бидний гүйцэтгэх үүрэг, ажлын байр бий болох уу. Бүгдийг машин хийчихвэл, хүн төрөлхтөнд ажил үлдэх үү. Бид бүтээн бий болгосон нийгэмдээ эргээд тэсч үлдэх, таарч, тохирох шаардлага тулгарч байна. Яаж…

ДАХИН “АЧААЛАХ НЬ”
Технологийн дэвшлийн хурдыг гүйцэхээ больсон өнөө үед бид “төмөр”-нүүдээс хоцролгүй боловсрох шаардлага тулгарч байна. Үүнийг олон улсад насан туршийн боловсрол гэж нэрлээд байгаа юм. Яаж иргэдээ дахин, тасралтгүй сургах талаар бодох цаг болжээ. Технологийн түрэмгийллийг хамгийн их амсаж буй барууны орнууд энэ талаар анхаарч эхэлсэн. Евро бүсийн хамгийн том эдийн засагтай Герман улс насан туршийн боловсролын эхний жимийг эхлүүлж, ажиллангаа суралцах боломжийг иргэддээ бүрэн олгож байна. Тус улсын Засгийн газар бүх насны иргэддээ зориулж анхан болон давтан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тодруулбал, ахлах сургуулийн сурагчдад техникийн боловсрол, зэрэг олгодог. Ингэснээр ахлах сургуулиа төгссөн залуус ажлын байранд бэлэн болно. Мөн ажиллангаа дээд боловсрол эзэмших боломж бий. Энэ мэтээр тууштай тэмцэж гурван жилийн өмнө найман хувьд хүрч байсан залуусынхаа ажилгүйдлийн түвшинг хумьж, долоон хувьд хүргээд байна. Манайхаас ажиллах хүч татдаг БНСУ хүртэл залуусынхаа ажилгүйдлийн эсрэг тусгай хөтөлбөр санаачилжээ.

Тэгвэл манай тивийн томоохон эдийн засагтай улсын нэг Сингапур л гэхэд 2016 оны нэгдүгээр сараас эхлэн 25-аас дээш насны иргэддээ 300 ам.долларын үнэ бүхий ваучер олгож эхэлжээ. Энэ ваучераар иргэд ажлын бус цагаар хүссэн сургалт, дамжаанд сууж болно. Ингэж төрөөс нь бодлогоор дэмжиж, олон нийтийн байгууллага, хувийн компаниуд нь оролцдог нэгдсэн систем бий болгож буй нь энэ. Тус улс уг хөтөлбөртөө жилд 600 сая сингапур доллар зарцуулдаг аж. Тус улсын бодлого тодорхойлогчдын үзэж буйгаар энэ мөнгө хүмүүсийн сэтгэлгээг өөрчлөхөд зарцуулах санхүүжилтээс бага.

Цаашлаад насан туршийн боловсролын хэрэгцээ, шаардлага өндөр байгааг ч боловсролын байгууллагууд анзаарсан. Тиймээс нээлттэй, онлайн дамжаануудыг олноор нээжээ. Дэлхийн томоохон их сургуулиуд дэргэдээ онлайн сургалт, дамжаа нээдэг болсон. Эдгээр сургалтын танилцуулга, зар сурталчилгаатай таарсан байж магадгүй. Энэ нь насан туршийн боловсролын нэг хэлбэр. Мэргэжилтнүүдийн сүлжээ болох “LinkedIn” 2015 онд онлайн сургалтын “Lynda” компанийг худалдаж аваад одоо сургалтын үйлчилгээ үзүүлж байна. Мөн “Amazon” боловсролын үйлчилгээ санал болгох болсон.

» Иргэдээ тасралтгүй сургах талаар бодох цаг болжээ.
» Хөдөлмөрийн зах зээлд “төмөр”-нүүд хүч түрж, төдий чинээ хүмүүс ажлын талбараас шахагдах нь.
» Технологийн өөрчлөлт нь хөдөлмөр эрхлэлт болон боловсролын холбоог илүү тогтмол, хүчтэй байхыг шаардаж байна хэмээн дурджээ.
Хэрэв төрийн бодлогоор дэмжвэл иргэд өөрийгөө боловсруулахад идэвхтэй байдаг аж. АНУ-д гэхэд орчин цагийн залуус, шинэ мянганд төрсөн хүмүүсийн 93 хувь нь өөрийгөө хөгжүүлэхэд мөнгө зарцуулахад бэлэн гэж мэдэгджээ.

Энэ оны эхээр дэлхийн эдийн засгийн шилдэг сэтгүүлүүдийн нэг “Economist” насан туршийн боловсролын тухай хөндсөн. Тус сэтгүүлийн эдитор Эндрю Палмер насан туршийн боловсрол нь эдийн засгийн чухал хүчин зүйл гэж тодорхойлоод, технологийн өөрчлөлт нь хөдөлмөр эрхлэлт, боловсролын хэлхээ холбоог илүү тогтмол, хүчтэй байхыг шаардаж байна хэмээн дурджээ.


Аль ч улсын Засгийн газрын эцсийн зорилго иргэдээ ажилтай, орлоготой байлгах. Тиймээс АНУ зэрэг тэргүүлэх орнууд хөдөлмөр эрхлэлтийг эдийн засгийн бодлогынхоо тулах цэг болгодог. Гэвч хөдөлмөрийн зах зээлийн шинэ дайсантай нүүр тулах нь тодорхой. Даанч дэлхий дахины энэ чухал сэдэв манайд таг чиг гэхэд хилсдэхээргүй байна. Уг нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа насан туршийн боловсролын үндэсний төв бий. Гэхдээ энэ байгууллага өндөр настнуудад комьютерийн мэдлэг олгох, бичиг үсэг заах зэрэг сургалт олгохоос хэтэрдэггүй. Гэтэл дэлхий дахин илүү алсын бодлогоор урагшилж эхэллээ. Ирээдүйн Монголын хөдөлмөрлөх хүчийг одоо л бэлтгэхгүй бол технологийн түрэмгийлэлд бид ч арчигдах нь.
САНАЛ БОЛГОХ