Худалдаа хөгжлийн банк бүх шалгуурыг хангаж байна

Мэдээ

Банкны нэр хүндэд хар толбо суулгаж байгаа нь онц ноцтой үйлдэл

Худалдаа хөгжлийн банкны үйл ажиллагаа хэвийн байгааг Монголбанкнаас албан ёсоор мэдэгдлээ. Уржигдар буюу энэ сарын 15-16-ныг шилжих шөнө нийгмийн сүлжээгээр тарсан “Худалдаа хөгжлийн банк дампуурлаа зарлана” гэсэн мэдээллийг няцааж, ор үндэсгүй худал болохыг тус банкнаас анхааруулж байна. Арилжааны банкны бизнесийн нэр хүндэд халдсан энэ хэргийг хууль, хяналтын байгууллагууд шалгаж байгаа ажээ. Манай улсын банкны салбарын тэргүүлэгчдийн нэг Худалдаа хөгжлийн банк төв банкны бүр шалгуурыг бүрэн хангаж байгааг Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Н.Батсайхан баталж байна. Төв банк арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн зохистой харьцааг 14, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг 14 хувиар тогтоосон.


Тэгвэл эдгээр шалгуурыг Худалдаа хөгжлийн банк хангаж байгаа ажээ. Бүр хангаад зогсохгүй харьцангуй өндөр дүнгээр буюу хангалттай давж байгааг төв банкны удирдлагууд онцолж байна. Гэтэл Монголын банкны системийн гол тулгуур багана болсон энэ банкны нэр хүндэд хар толбо суулгаж байгаа нь онц ноцтой үйлдэл болохыг тэмдэглэж байна.

Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн нэрийг барьсан нийгмийн сүлжээний хуурамч хуудсанд “Худалдаа хөгжлийн банк нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг оросуудаас авахын тулд өөрийн болон Улаанбаатар хотын банкны хадгаламж эзэмшигчдийн 500 сая ам.долларыг гаргасан” гэж бичсэн байсан. Тэгвэл ингэж иргэдийн хадгаламжийг хууль бусаар ашиглах ямар ч боломжгүйг төв банкны төлөөлөл хатуу мэдэгдэв. Учир нь Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд хэдэн удаагийн шалгалт хийсэн. Улирал тутам хийдэг тогтмол шалгалтаас гадна “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалт олон нийтийн анхаарлыг татсанаас үүдэн дахин хэд хэдэн удаа хяналт, шалгалт хийжээ. Энэ үеэр хууль зөрчсөн, дүрэм журмаас гажсан үйлдэл илрээгүйг Монголбанкны Судалгаа, статистикийн газрын дарга Д.Ган-Очир мэдэгдэж байна. Дашрамд дурдахад, төв банк нь арилжааны банкуудад жилд нэг удаа бүрэн шалгалт хийдэг. Бас улирал бүр хэсэгчлэн шалгадаг байна.

Үүнээс гадна, тус хуурамч хуудсанд “Хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр “Хөтөл” цемент шохойн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, орд газрууд аваад зогсохгүй УИХ- ын сонгуулиар намуудад хандив өгч, тэрбум ам.доллар үргүй зарцуулсан нь Монголбанкны шалгалтаар илэрсэн” хэмээн гүтгэжээ. Үүнд ч төв банк хариулт өглөө. Монголбанк Худалдаа хөгжлийн банкны активын ангилал, зохистой ажиллагаанд шалгалт хийж, гүйлгээнүүдийг хянаж байдаг учраас энэ ч бас ор үндэсгүй гэдгийг төв банк тайлбарлаж байна.

Банк бол итгэлцэл дээр тогтдог эмзэг бизнес. Иргэдийн итгэлээр тоглож, арилжааны банкны бизнесийн нэр хүндэд халдсан ийм увайгүй үйлдэлд итгэхгүй байхыг олон нийтэд хандан Монголбанкнаас албан ёсоор анхаарууллаа.
САНАЛ БОЛГОХ