Гэмт этгээдийг 24 цагийн дотор баривчиллаа

Мэдээ

Монгол улсын санхүү, эдийн засагт ноцтой сөрөг үр дагавар авчирч болох худал мэдээллийг хуурамч Facebook хаягаар түгээсэн гэмт этгээдийг мягмар гарагт баривчилсан байна. Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны оршин суугч, 34 настай иргэн Н-ийг одоогоор тагнуулын байгууллага саатуулаад байгаа тухай мэдээлэл дугаар шилжих мөчид ирлээ. Гэмт этгээд өмнө нь Худалдаа хөгжлийн банкнаас 100 сая төгрөг шантаажлах гэж оролдсон ч бүтээгүйн улмаас ийнхүү худал мэдээлэл цацсан байх магадлалтай талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Иргэн Н нь “Сангийн сайд Чойжилсүрэн” гэсэн хуурамч акаунт ашиглан “Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Худалдаа хөгжлийн банк дампуурна” хэмээх худал мэдээллийг олон нийтийн сүлжээгээр цацсан бөгөөд компьютерын тусгай програм ашиглан ул мөрөө нуухыг оролджээ. Гэвч цагдаа, тагнуулын байгууллага шуурхай ажилласны үр дүнд 24 цаг хүрэхгүй хугацаанд гэмт этгээдийг илрүүлж чадсан байна.

Үүнтэй холбогдуулан, Ерөнхийлөгчийн сонгууль болох дөхөж байгаа энэ үед дээрх төрлийн худал, хуурамч мэдээлэлд автахгүй байхыг холбогдох албаныхан анхаарууллаа.

САНАЛ БОЛГОХ