Д.Дэлгэрмөнх: Бактерийн халдвараас хорт хавдар үүсэх эрсдэлтэй

Эрүүл мэнд


Хавдар судлалын үндэсний төвөөс гаргасан судалгаагаар өнгөрсөн жил хорт хавдраар 3272 хүн нас баржээ. Үүнээс элэг 50, ходоод 16, уушги 11, умайн хүзүүний хорт хавдраар дөрвөн хувь нь өвчилж, амь насаа алдсан байна. Америкийн Хавдар судлалын нийгэмлэгээс 2007 онд гаргасан судалгаагаар жил бүр ходоодны хорт хавдраар нэг сая хүн оношлогдож, тэдгээрээс 70 гаруй хувь нь хөгжиж буй орнуудад тохиолддог бөгөөд нийт өвчлөгсдийн 80 гаруй хувь нь нас бардаг аж. Харин Монгол Улсад ходоодны хорт хавдраар голдуу 40-өөс дээш насныхан өвчлөх эрсдэл өндөртэй. Түүнч­лэн эрэгтэйчүүдийн хувьд өвчлөх магадлал нь хоёр дахин их гэдгийг мэргэжилтнүүд он­цолж байна. Иймээс ходоод­ны хорт хавдраас хэрхэн урьд­чилан сэргийлэх болон шин­жилгээ оношлогоонд хэрхэн хам­раг­дах талаар Хавдар судлалын үндэсний төвийн мэс заслын эмч Д.Дэлгэрмөнхөөс тодрууллаа.

-Хорт хавдраар өвчлөхгүйн тулд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд өдөр тутмын хооллол­тод ан­хаа­рах хэрэгтэй. Хоол хүн­сэндээ аль болох жимс, хүнс­ний ногоо түлхүү хэрэглэж, давсалж, даршилсан, лаазалсан бүтээгдэхүүнээс аль бодох татгалзах ёстой. Түүнчлэн уг өвчлөлд хорт зуршил, стресс тодорхой хэмжээгээр нөлөөлдөг учраас аль болох тайван байж, архи тамхинаас татгалзах шаард­лагатай. Хамгийн чухал зүйл нь жилд нэг удаа заавал шинжилгээ, оношлогоонд хамрагдах хэрэг­тэй юм. Ингэж чадвал өвчлө­лөөс урьдчилан сэргийлэхээс гадна өвчилсөн тохиолдолд эрт үед нь оношилж, эмчлэх бүрэн бо­ломжтой гэсэн үг. Хэрэв та өөрийгөө ходоодны хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй гэж үзэж байгаа бол эмчид үзүүлж, зөвлөгөө авах хэрэгтэй. Эмч танд эрсдэлт хүчин зүйлийг арилгах, эрүүл амьдралын хэв маяг хэвшүүлэх болон хавдраас сэргийлэх талаар зөвлөх болно.

-Оношилгоо, шинжилгээнд хэрхэн хамрагдах вэ?

-Дурангийн шинжилгээ оноши­лгоог бараг бүх эмнэлэгт хийдэг болсон. Тиймээс улсын болон хувийн аль ч эмнэлэгийн дурангийн эмчид үзүүлж болно. Ингэснээрээ хавдраар өвчлөх эрсдэлээс сэргийлж байгаа хэрэг юм. Сүүлийн үед хавдраар залуу­чууд ч өвчлөх болсон. Тиймээс эрт оноши­лгоонд хамрагдахад насны хязгаар хамаагүй. Харин зайлшгүй үзүүлэх ёстой насыг 40 гэж тогтоогоод байна. Учир нь хүн нас ахих тусам хавдраар өвчлөх эрсдэл нэмэгддэг.

-Өвчлөл хүндэрсэн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Шалтгаангүйгээр турах, ядарч сульдах, хоолны дуршил муудах, хэт цадах, гэдэс цанхайх болон суулгах, өтгөн хатах, хэрэв гарвал хар өнгөтэй гарах, цустай бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрнэ. Хэрэв хавдар улаан хоолойд ойр байрласан бол хүнс ходоодонд ороход саад болж, хүн огцом турж эхэлдэг. Хавдар нь ходоодны ханаар тархан ургахдаа бүдүүн гэдэс, нойр булчирхайд дамжихаас гадна элэг, уушги, тархи болон ясанд хүртэл үсэрхийлдэг. Ингэж гэмтсэн эрхтнүүдийн үйл ажиллагаа алдагдаж, эцэстээ үхэлд хүргэх аюултай.

-Ходоодны сөргөө эсвэл, хеликобактерийн халдвар авсан бол хавдраар өвчлөх эрсдэл нэмэгддэг үү?

-Хэрэв хеликобактерийн халд­вар авсан, эсвэл удаан хуга­цаанд ходоод гэдэсний сөргөөт өвчтэй явсан бол эмчийн хяналтад тогтмол байх шаардлагатай. Учир нь бактерийн халдварын улмаас ходоодонд шарх, шархлаа үүсэж улмаар хорт хавдар үүсэх эрсдэл дагуулдаг юм.

Хавдар нь бүх эрхтэнд дамжихаас гадна ясанд хүртэл үсэрхийлдэг

-Энэ өвчлөл нь эцэг, эх бо­лон хамаатан садан гээд цусан төрлөөс нь удамшдаг гэсэн. Тэгэхээр удамд нь энэ төр­лийн өвчлөл байсан бол өртөх магад­лалтай гэсэн үг үү?

-Тийм ээ. Аав, ээж, ах, эгч гэр бүлийнхэн болон бусад цусан төрлийн хамаатан садан нь ходоодны хавдраар өвчилж байсан бол өвчлөх магадлалтай гэж үздэг.

-Эрт илрүүлэлтийн онош­логоо, шинжилгээний талаар тайлбарлахгүй юу?

-Хавдрыг эрт үед нь илрүүлэх ганц арга нь дурандах. Тус шинжилгээгээр эмч ходоодны салст бүрхүүлтэй танилцаж, сэжигтэй хэсгээс эд эсийн шинжилгээ авна. Үүгээр хавдар илрүүлээд зогсохгүй түүний хортой хоргүй болохыг тогтоох боломжтой юм. Мөн хоол боловсруулах замын рентген, томограф, хэвлийн хөндийн эрхтний хэт авианы шинжилгээг хийлгэх боломжтой. Ходоодны хавдрын эмчилгээний үр дүн нь хавдрын хэмжээ болон ойролцоох эд эрхтэнд тархсан, эсэхээс шууд хамаарна. Харин өвчлөл хүндэрсэн үед хавдрыг ходоодтой нь, эсвэл хэсэгчлэн авах мэс засал хийхээс өөр ямар ч арга байдаггүй.

-Хавдрыг хүндрэхээс өмнө илрүүлэх нь ямар ач холбог­долтой вэ?

-Иргэдэд хорт хавдрын тухай ойлголт, мэдээлэл бараг бай­­даг­гүй. Тиймээс өвчлөл хүн­дэрч, гурав, дөрөвдүгээр шатанд орсон хойноо буюу хожуу үед нь шин­жилгээ, оноши­­лгоонд хам­рагд­даг. Ингэс­нээрээ ходоодныхоо то­дор­­хой хэсгийг мэс заслын ар­гаар авахуулах болон химийн эм­чил­гээнд хүртэл ордог. Үүнээс сэргий­лэхийн тулд буюу заавал мэс заслаар эрхтнийхээ тодорхой хэсгийг авахуулахын оронд эрт үед нь илрүүлж, дурангийн аргаар буюу хортой болоогүй байхад нь хавдрыг авхуулж, эмчлүүлэх бүрэн боломжтой. Ерөнхийдөө бусад эд эрхтэндээ үсэрхийлэхгүй, хүнд мэс ажилбар хийгдэхгүй. Хамгийн гол нь өвчлөл, нас баралтын тоог бууруулахад өндөр ач холбогдолтой юм.


САНАЛ БОЛГОХ