ДАШТ-д зориулж 200 тэрбумаар хот босгоно

Спорт

Энэ нь 2018 онд ОХУ-ын зарцуулах хэмжээнээс даруй 18 дахин их

2022 онд Катарт болох хөл­бөмбөгийн дэлхийн аварга шалгуурах тэмцээн спортын түүхэнд хамгийн өндөр өртөгтэй арга хэмжээ болох нь нэгэнт тодорхой боллоо. Ойр ирээдүйд ийм цар хүрээтэй байгууламж барих төсөл бараг давтагдахгүй биз. Катар тэмцээнд бэлтгэх долоо хоног бүрт 500 сая ам.доллар зарцуулж байгаа нь шейхүүдийн баялгийг шагшсан үлгэр биш, тус улсын Сангийн сайд Али Шариф Аль Эмадийн хэлсэн үг юм. Тэрбээр “Бид тэмцээнд бэлэн байхын тулд ирэх 3-4 жилд мөнгийг ийм хурдацтайгаар зарцуулах болно” хэмээв.

Катарын ДАШТ-д зарцуулах хөрөнгийн хэмжэээ 200 тэрбум ам.доллар. Энэ нь 2018 онд ОХУ-ын зарцуулах хэмжээнээс (11.1 тэрбум) даруй 18 дахин их юм. Цэнгэлдэх хүрээлэн, бэлтгэлийн төвүүдийг босгоход 10 тэрбум ам.доллар төсөвлөсөн боловч зардал үүгээр тогтохгүй. Үлдсэн хэсгийн шинэ зам, төмөр зам зэргийг тэгээс эхлэн барих ба эмнэлэг, нисэх буудал зэргийг багтаасан шинэ хотод ДАШТ-ийг зохиохоор бэлтгэж байна. Сангийн сайдын хэлснээр “200 тэрбумыг бид улсынхаа дэд бүтцэд оруулах ба зөвхөн тэмцээний байгууламжийг тооцвол түүхэнд хамгийн үнэтэй нь болж чадахгүй” гэнэ. ДАШТ-тэй холбоотой сан­хүүжилтийг танахыг Засгийн газраас хориглосон ба энд төсвийн бодлого чангарч байгаа нь ч нөлөөлсөнгүй.

Катар нефть, хийн зах зээлийн тогтворгүй байдалд өртсөн улс. 2016 онд тус улсын төсөв 15 жилд анх удаа алдагдалтай гарч, 12 тэрбум ам.доллар дутагдсанаас зардлаа нэлээд танасан билээ. 2017 оны төсвийг 7.7 тэрбумын алдагдалтай байхаар тооцсон боловч сайдын хэлснээр тус улс шинэ нөхцөлд дасан зохицсон хийгээд санаа зовох зүйлгүй аж.

Катар эхлээд ДАШТ-д зориу­лан 12 цэнгэлдэх хүрээлэн ашиглахаар төлөв­лөж байв. Гэвч одоогийн төсөлд наймыг тусгасан (FIFA-аас заасан доод хэмжээ) ба шаардлагатай бол нэгийг нэмж барих төлөвлөгөөтэй байна. Гэхдээ FIFA нэмэлт шаардлага тавихгүй бололтой. ДАШТ-ий цэнгэлдэхүүдээс 2016 онд нас барсан алдарт архитектурч Захи Хадидын зургаар босгосон “Аль Вакра” стадион онцгой анхаарал татаж буй. Дэлхийн аваргын бүх байгууламж тэмцээн эхлэхээс жилийн өмнө бэлэн болсон байх ёстой агаад жил хагасын өмнө бол бүр ч сайн. Ноён Аль Эмади “Бид зочид ирсэн хойно будаг хийхийг хүсэхгүй байна. Урьдаас зохих ёсоор харагдах ёстой” хэмээн өгүүллээ.

45 ТЭРБУМЫН үНЭТЭЙ ШИНЭ ХОТ

ДАШТ-ий хамгийн цар хүрээтэй бөгөөд гайхамшигтай төсөл бол тэмцээний нээлт ба хаалтыг зохион байгуулах Лусаил хот юм. Нийслэл Доха хотоос 20 км зайд, цөлд орших хотын барилгын ажил 2006 онд эзгүй газар дээр эхэлжээ. 2010 онд Катар ДАШТ хийх эрхээ авахад энд нэг ч байшин босоогүй байв. 2022 онд тэмцээн эхлэх үед 80 мянган үзэгчийн суудалтай хамгийн том цэнгэлдэх хүрээлэн гэрэлтэх болно.

Хотын төслийг 45 тэрбум ам.доллараар үнэлж буй. Үүнд шинэ талбайгаас эхлээд Лусаилыг ухалааг хот болгох бүхнийг хамарсан интернэтийн сүлжээ тавина. Төлөвлөгөөний зангилаа нь хотыг нэг мэдээллийн төвөөс удирдах боломж бүрдүүлэх агаад тийшээ хотын замын ачаалал, үйлчилгээ гэх мэт мэдээлэл автоматаар урсах ёстой. Уг систем ахуйн түвшинд хүртэл ажиллаж, оршин суугчид алсын удирдлагаар хөшгөө хааж, нээх, гараашаа онгойлгох, цэцгээ услах, агаарын дулааныг тохируулах үйлдэл хийж болохоос гадна ажиглалтын камерыг гар утсан дээр харах боломжтой. Хог хаягдлыг цуглуулахад хийн шахуургатай хоолой ашиглаж, улмаар дахин боловсруулах нэгдсэн төвд ирнэ.

Хотод гольфын хоёр ч тал­бай, цэцэрлэгт хүрээлэн, усан цөөрөм, 22 зочид буудал баригдах нь тодорхой болсон. Катарын нийт хүн ам хоёр сая орчим гэж тооцоход шинэ хотод 450 мянган хүн амьдрахаар төлөвлөжээ. Лусаилын хамгийн сонирхууштай газар нь Кетафиан хэмээх хиймэл арал байх бөгөөд энд буудал, наран шарлага, завины зугаалга зэргийг багтаасан аялал жуулчлалын төв барихаар төлөвлөжээ. Анхнаасаа Лусаилд ямар ч арал байгаагүй боловч түшмэдүүд гоёл чимэглэлийн зорилгоор төлөвлөсөн аж.

МАШ ЦОМХОН ТЭЭВЭР

Зохион байгуулах комисс орон зайн хязгаарлалтын улмаас ДАШТ өөрийн онцлогтой байна гэж үзжээ. Хуваариас хамааран хөгжөөн дэмжигчид өдөртөө наад зах нь хоёр тоглолт үзэж болно. ДАШТ-ий хоёр цэнгэлдэх хүрээлэнгийн хоорондох хамгийн алсын зай нь 56 км бол хамгийн ойр нь 5.6 км юм. Спортын баярын үндсэн тээвэр нь 18 тэрбум еврогийн өртгөөр бүтээж буй үндэсний шинэ метро болно. Хамгийн ойрын зайд ердөө таван минут зарцуулах бол алсын цэнгэлдэх рүү нэг цаг явж хүрнэ. Катар замын ачааллыг багасгаж, байгаль орчныг хамгаалах үүднээс энгийн, түргэн тээвэр хэмээн метрог сонгож, 2030 он хүртэлх хөгжлийн стратегидээ тусгасан юм. Анхны шугам нь 2019 оны сүүлээс ашиглалтад орно. Барилгачид дөрвөн шугам тавих ба Дохад галт тэрэг газар доогуур явах бол хотын захад ил гарах юм. Галт тэрэгний систем нийтдээ 74 зогсоолтой байхаар төлөвлөгджээ.

КАТАРТ СПОРТ ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ

1.Эрүүлжилт: 2008 оны байдлаар катарчуудын үхлийн шалтгааны 47 хувь ужиг өвчин болсон нь суугаа, хөдөлгөөнгүй амьд­ралын хэв маягаас үүдэл­тэй гэсэн дүг­нэлт хийсэн юм. Өөхлөлтийг судлах олон улсын нийгэмлэгийн мэдээ­гээр Катарын насанд хүрэгч­дийн дунд хэт таргалалт дэлхийд хамгийн дээгүүрт орсон байдаг. Түүнчлэн чихрийн шижин­гээр өвчлөгсдийн тоо энд дэлхийн дунджаас хамаагүй дээгүүр байгаа зэрэг нь спортыг сур­талчлах шаардлагыг бий болгосон.

2.Улс төр: Катарын хүн ам хоёр сая орчим боловч үүнээс дөнгөж 11 хувь нь катарчууд. Ийм нөхцөлд байлдах чадвартай армийн тухай бодох ч хэрэггүй бөгөөд Засгийн газар нь “зөөлөн хүчний” бодлогод дулдуйддаг. Дэлхийн хэмжээний спортын арга хэмжээ зохион байгуулснаар Катар өрнөдийн орнуудтай харилцаагаа зузаатгаж, дэмжлэгийг нь авах боломжтой. Жишээ нь, тус улс Америкийн цэргийн бааз байрлуулах гэрээтэй. Нөгөө талаар Катар 1991 оны Персийн булангийн дайны гашуун сургамж давтагдахаас эмээдэг учир спортыг геополитикийн хэрэглүүр болгон ашигладаг гэж судлаач Даниел Рейш бичжээ.

3.Аялал жуулчлал ба спортын төв: Катарын Олимпийн хорооны стратегид дурдсанаар спортын уралдаан тэмцээн бол жуулчдыг татах хамгийн зохистой арга бөгөөд олон улсын томоохон үйл явдал болдоггүй цөлийн жижигхэн улсад олон хүнийг ирүүлэх арга байхгүй аж. 2014 онд Катар 57 спортын арга хэмжээ зохиожээ. 2015 онд энд гандбол, гимнастикийн ДАШТ-ийг зохион байгуулсан бол 2019 онд хөнгөн атлетикийн ДАШТ-ээр хүмүүсийг хөгжөөхөөр төлөвлөжээ.

САНАЛ БОЛГОХ