Хувьсах “дуртай” үнэт цаас

Нийтлэл

Шинэ мөнгөн дэвс­гэр­тэд Өгөдэй, Хуби­лай хааны хөр­гийг оруулахаар төлөв­лөсөн байв

Аливаа орны мөнгөн дэвсгэрт гэдэг яг л тухайн орны туг гэсэн үг. Харах мэдрэхүйгээр дамжуулан тухайн улсын талаарх анхны сэтгэгдлийг төрүүлдэг. Тиймээс мөнгөн дэвсгэртийг бүтээхдээ улс төрийн гэхээсээ илүү нууцлал, хуурамчаар үйл­дэх болом­жийг хязгаарлахад анхаардаг. Энэ ч үүднээс мөнгөн тэмдэгтийн загвар уламжлалаа хадгалах хэдий ч технологийн дэвшил, нийгмийн өөрчлөлтийг даган байнга хувьсах “дуртай” үнэт цаас юм.

Ер нь аливаа мөнгөн тэмдэг­тийн загварыг хийх амаргүй аж. Дэлхийн мөнгөн тэмдэгтийн хамгийн том үйлдвэрлэгч болох Английн “Де Ла Ру” компанийн креатив дизайны менежер Иан Кершер мөнгөн дэвсгэртийн дизайн гэдэг гоо зүй ба үүргийн хослол гэж тодорхойлжээ. Хэр зэрэг төгс хослох нь дизайнерын тухайн улсын онцлог, нууцлал, үнэт цаас, хэвлэлийн технологийн талаарх мэдлэг, бүтээлч байдлаас шалтгаална.

Цуцашгүй, урт хугацааны хөдөлмөрийн үр дүнд л дизайн сайтай мөнгөн дэвсгэрт төрдөг гэдгийг туршлагатай дизай­нерүүд хэлдэг. Өчүүхэн гэлтгүй алдаатай мөнгөн дэвсгэрт хэв­лэнэ гэдэг дизайнер, үйлд­вэр­лэгч, банкныхны хувьд хар дарсан зүүд юм. Танилцуулга, зурагт хуудасны загвартай зүйрлэх аргагүй. Буруу хэвлэсэн бол дараагийн удаа залруулаад гаргаж болно. Харин мөнгөн тэмдэгт бол хэдэн саяар хэвлэг­дэж, эргэлтэд ордог тул дизайн болон техникийн жижиг гэлтгүй элементийг сайн тооцоолох хэрэгтэй аж.

Харамсалтай нь хамгийн гоё загвартай мөнгөн тэмдэгт гэдэгт хүн бүр өөрийнхөөрөө хариулдаг. Олон улсын мөнгөн тэмдэгтийн нийгэмлэгээс шал­гаруулдаг шилдэг загвартай мөнгөн тэмдэгтээр 2015 онд Шинэ Зеландын таван долларын дэвсгэрт тодорсон байна. Гоо зүйн ач холбогдол, өнгөний хослол, контраст, тэнцвэр, нууц­лалын элемент гэсэн үзүүлэлтийг харгалздаг аж.

Шалгаруулалтыг дүгнэсэн хүмүүсийн нэг болох тус байгууллагын захирал, мөнгөн тэмдэгт цуглуулагч Жонатан Каллавэй Шинэ Зеландын доллар ямар учраас шалгарсанд тодорхой хариулт өгч чадсангүй. Тэрбээр “Түүхий эд нь мяндас. Тиймээс энэ нь мөнгөн тэмдэгтийн дизайны хөгжилд шинэ цонх нээж байна. Мөн холограм нь хөдөлгөөн дагаж өөрчлөгддөг. Гэгээлэг өнгөтэйгөөс гадна нутгийн уугуул амьтан болон оцон шувууг маш тодоор гайхалтай дүрсэлж өгсөн нь өвөрмөц байсан” гэж хариулжээ. Мөнгөн тэмдэгтийг бүтээхэд тухайн ард түмний онцлогийг харгалздаг ч загвар сайтайг нь банк биш харин цуглуулагчид нэрлэдэг байна. Цуглуулагчид загвараас илүү мөнгөн тэмдэг­тийн утга агуулга, түүхийг илүү чухалчилдаг талаар ноён Каллвей сонирхуулав. Харин мэргэжлийн дизайнерууд бол гоо зүйг нь илүү анхаардаг.

УРЬД БА ЭДҮГЭЭГИЙН ТӨГРӨГ

Манай улс 1925 онд анхны мөнгөн тэмдэгтээ гаргаснаас хойш зургаан удаа шинэчилж, түүнээс ч олон удаа загвар, хийцийг нь сайжруулж байжээ. Одоогийн хэрэглэж буй мөнгөн тэмдэгтийг 1993 онд гаргасан ба давтан хэвлүүлэх бүртээ цаас, нууцлалыг нь сайжруулсан байна. Хамгийн сүүлд 2009 онд 20000 дэвсгэртэд цонх бүхий нууцлал оруулсан.

Хэдийгээр мөнгөн дэвсгэртүүд хуурамчаар үйлдэхээс сэр­гийлж, төрөл бүрийн хээ угалз­­ багтаасан байсан ч 1993 оноос л олон улсын түвшинд хүрсэн, технологийн нарийн нууцла­луу­дыг шингээжээ. Өдгөө гүйл­гээнд байгаа дэвсгэртүүд 6-11 төрлийн нууцлалтай бөгөөд гурван түвшинд шалгаж байж нууц­лалыг нь илрүүлдэг тухай Монгол­банкны Мөнгөн тэмдэг­тийн газрын эдийн засагч С.Бүрэнцогт ярилаа.

Банкны салбарт 40 гаруй жил ажилласан Г.Төмөрбаатарын “Монголбанк, төгрөг” номд бич­сэ­нээр шинэ мөнгөн дэвсгэртэд Чингисээс гадна Өгөдэй, Гүюг, Мөнх, Хубилай хааны хөргийг оруулахаар төлөвлөж байжээ. Дөнгөж зах зээлийн тогтолцоонд шилжиж байсан 1992 онд мөнгөн тэмдэгтийн шинэчилсэн загварын эх хувийг УИХ-аар гурван сар дараалан хэлэлцэж, баталсан түүхтэй. Загвар дээр Г.Төмөрбаатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн М.Бүтэмж тэргүүтэй хүмүүс ажиллаж, зургийг нь Английн зураач, ноён Ботвик компьютерээр бүтээж байв. Тийнхүү хэд хэдэн улсын үнэт цаасны хэвлэх үйлдвэртэй холбоо барьж, харьцуулан судалсны эцэст Английн “Де Ла Ру” компанитай хамтран ажиллахаар болсон тухайгаа “Монголбанк, төгрөг” номд дурссан байна. Үүнээс өмнөх мөнгөн тэмдэгтүүдийг ЗХУ-д үйлдвэрлэдэг байжээ. Одоо манай улс дэлхийн олон орны мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэдэг гурван улсын хэвлэх үйлдвэртэй хамтран ажилладаг байна. Монгол Улсын 20000 төг­рө­гийн дэвсгэрт Олон улсын мөн­гөний судалгааны хүрээлэн­гээс 2016 онд хамгийн сайн дизайнтай мөнгөн дэвсгэртээр хүрэл медаль авч байсан. Мөн мэргэжилтнүүд олон улсад ч хамгийн загварлаг 20 мөнгөн тэмдэгтийн нэгээр нэрлэжээ.

Төгрөгийн нэг дэвсгэрт дунджаар 3.8 жил насалж байна

Мөнгөн тэмдэгт тухайн улсын түүх, хөгжил дэвшлийг харуулахаас гадна технологийн хувьд дэлхийн жишгээс 20 жилээр түрүүлж явах учиртай аж. 1996 онд Европын Төв банк еврогийн загварыг шинэчлэх уралдаан зарласан байна. Долоон сар үргэлжилсэн ширүүн өрсөлдөөний дүнд Австрийн дизайнер Роберт Калинагийн загвар шалгарчээ. Гүүр, гүүрэн хаалга, цонх гээд шингээж өгсөн элемент нь Европын түүхийг хөгжлийн мөн чанартай нь хамт багтсан учраас гүйлгээнд оруулсан байна. Харин манай улсын хувьд 1981 онд 20 төг­рөгийн дэвсгэртийн ар талд өндөр хүчдэлийн шугам, үйлдвэр, барилгууд зэрэг социализмын бүтээн байгуулалтыг дүрсэлсэн зураг оруулж байжээ.

Орчин үед мөнгөн тэмдэг­тийн дизайнд контемпорари урла­гийн хэв маяг зонхилох болжээ. Норвеги, Исландын крон, хонконг доллар нь контемпо­рари гоо зүйн элементүү­дийг үндэсний онцлог, соёлд шин­гээсэн байна.

САНАЛ БОЛГОХ