"Walmart"-ийн цахим борлуулалт 69 хувиар өслөө

Мөнгө ба бизнес

Жижиглэн худалдааны сүлжээ дэлгүүр "Walmart"-ийн цахим борлуулалт сүүлийн таван жилд байгаагүйгээр өссөн байна. Зах зээлд “Amazon”-той өрсөлдөж буй тус компанийн хувьд энэ нь “маш том ахиц" гэж шинжээчид дүгнэжээ. Нийт 2.3 сая ажилчидтай буюу дэлхийн хамгийн том ажил олгогч хувийн хэвшлийн байгууллага гэгддэг "Walmart"-ийн цахим борлуулалт 2017 оны I улиралд өмнөх оны мөн үеэс 69 хувиар өссөн байна. Харин нийт орлого нь 1.4 хувиар өсөж, 117.5 тэрбум ам.доллар болжээ.

"Walmart" компани цахим худалдааны бизнесээ өргөжүүлэх оролдлого үр дүнгээ өгч байна гэж шинжээчид тайлбарлаж байна. Тус компани өнгөрсөн онд "Jet.com"-ийг 3.3 тэрбум ам.доллараар худалдан авч салбар компаниа болгожээ. Түүнчлэн "Walmart"-ийн цахим хуудсаар нийт 35 сая нэр төрлийн бүтээгдэхүүн худалдаалагддаг байсан нь өнгөрсөн улиралд 50 сая болж өссөн байна.

Үүгээр ч зогсохгүй тус компани 35 ам.доллар ба түүнээс дээш үнийн дүн бүхий захиалгын хоёр өдрийн хүргэлтийг үнэ төлбөргүй хийж эхэлжээ.Энэ нь худалдан авагчдын захиалга эрчимжихэд нөлөөлсөн гэсэн тайлбарыг “Walmart”-ийн удирдах албан тушаалтнууд онцолсон байна. Үүний дараа "Walmart" компанийн хувьцааны ханш 3.2 хувиар өссөн бөгөөд ийнхүү нэг өдрийн дотор ийм өндөр хувиар өссөн тохиолдол сүүлийн гурван сард ажиглагдаагүй юм.



САНАЛ БОЛГОХ