“Lingua franca- 1”

Судлаачийн үг

Геополитикийн чухал зэвсэг нь хэл болох тухай

Монголчууд төдийлэн анзаардаггүй, сонирхдоггүй ч хариулт хайж байгаа нийтлэг нэгэн асуултад хариулахаар зориглов. Би олон жил их сургуульд багшилсан болохоор эцэг эхчүүд багш, тэнхим, сургуулийн захиргааг байнга зовоож байдаг нэгэн асуудлыг сайн мэднэ. Одоо ч яг тийм байгаа. Охид, хөвгүүдээ ямар нэг гадаад хэлний анги руу өгөх, анги солиулахаар мөн ч их хөнөглөдөг дөө. Заавал “англи хэл” гэж дайраад байхыг нь яана гээч. Гадаад хэлний ийм, тийм сургалттай сургуульд элсэлт авна гэх зар эх толгойгоо алддаг, намар цагт. Сургахыг ч үзүүлж өгдөг биз.

Эх хэлээ хамгаалъя гэсэн уриатай, зарим нь гадаад хэл заалгахгүй гэсэн лоозонтой монгол хэлний эрдэмтэд боож үхэх шахна. МУИС, МУБИС- ийн нэр бүхий хэдэн ахмад багш хэвлэлийн бага хурал зарласаар байгаад, сүүлдээ сэтгүүлчдийн элэг доог болчихсон. Тэднийг тоож байгаа амьтан гэж бараг үгүй. Хөөрхий тэд насаараа монгол хэлээ олон талаас нь мөлжиж заасан, мөлжсөн тоолонгоороо ном бүтээл гаргасан, дэд доктор, докторын зэрэг хамгаалсан, гавьяат цолуудыг хүртсэн, одоо ардын цолоо түрүүчээсээ авч эхэлсэн. Түүнийг нь би гүнээ ойлгож байвч Та нарын тэмцэл, цөхрөл, ухуулгын цаана даян дэлхийд “хэлний геополитик” гэж нэг айхтар бодлого байдаг юм шүү, тийм тоглолт их гүрнүүдийн өвөр хооронд явагддаг юм шүү гэдгийг бэлтгэх энгийн хэдхэн баримтыг энд хүүрнэх гэж байна.


“Дэлхийн хэл бол англи хэл мөн” гэж “Wall Street Journal” сэтгүүлд бичсэн дээ. Энэ үнэн үү? Монголын залуу үе яагаад англи хэл рүү ингэтлээ үхэлдэн улайрна вэ? Үүнийг дэлхийн хүн амын дотор англи хэлээр ярилцагчдын хувь хэмжээ өсч байгаа гэдгээр өлхөн тайлбарлачихна. Гэвч шууд батлах боломжгүй. 1958- 1992 оныг хамрах 30 гаруй жилийн түүхээс үзэхэд, хэлний хэрэглээний хувьд харин ч англи, франц, герман, орос, япон хэлээр ярьдаг хүний тоо цөөрч, хятадын мандарин хэлээр яригсдын тоо багахан буурсан. Харин хинди, малай-индонез, араб, бенгал, испани, португал болон бусад хэлээр яригсдын нийт дэлхийн хүн амд эзлэх хувь өссөн зураг харагдаж байна. Энэ бол хүмүүс шинээр тэдгээр хэлийг сурч судалсандаа биш хүн ам нь өссөнөөс аяндаа гарсан үр дүн юм.

Англи хэлний тухайд, наад зах нь сая хүн ярьдаг хэлний бүлэгт хамаарах хүмүүсийн 9.8 хувийг 1958 онд бүрдүүлж байсан бол 1992 он гэхэд 7.6 хувь болж буурчээ. Өрнийнхний таван том хэл гэж бий. Тэр нь англи, франц, герман, португал, испани хэл. Тэдгээр хэлээр 1958 онд дэлхийн хүн амын 24.1 хувь ярьж байсан бол 1992 онд 20.8 хувь болж буурчээ. 1992 он гэхэд хятадын мандарин хэлээр яригсдын тоо англи хэлтнүүдийн тоотой бараг тэнцэж, дэлхийн хүн амын 15.2 хувьд хүрчээ. Үүнээс гадна дэлхийн хүн амын 3.6 хувийг хятад хэлний бусад аялгаар яригсад эзэлж байв.

Дээрхи махан тоонуудын цаана хүн амын механик өсөлт, Европ дахь төрөлт буурсан, хөгшрөлт явагдсан, одоо өсөөд өсөөд хол ахиагүй гээд олон тайлбар дагалдана. Гэхдээ интернэтийн хэл англи байна, олон улсын бараг бүх хуралд англиар явж байна, Холливуд татан дагуулсаар байна, барууны рок-поп урлаг гандан бууршгүй тархсаар байна гэж үзвэл англи хэл ноёлсоор байгаа.

Дэлхийн хүн амын дийлэнхи нь харийн ганцхан хэлийг (англи) дэлхийнх гэж үзэх нь нэг талаас байж болшгүй мэт. Эх оронч цус нь хөөрсөн монголчуудад энэ хамаатай юу, үгүй юү, бүү мэд?

Янз бүрийн хэлний бүлэг, янз бүрийн соёлд харьяалагдах улс түмний харилцааны гол хэрэгсэл нь англи хэл болчихсон өнөө цагт дэлхийн “lingua franca” буюу хэл шинжлэлийн нэр томъёогоор бол дэлхийн хамгийн “өргөн харилцах хэл” нь англи гээд таглачихаж болмоор санагдана.

Түүхэн аль ч үед “lingua francas гэх ойлголт гарч ирж байв. Жишээ нь, сонгодог эртний үе болон дундад зуунд латин хэл, өрнөдөд франц хэл, Африкийн ихэнхи нутагт суахили хэл, харин XX зууны II хагаст англи хэл гэхчлэн. Тэр эрчээрээ явсаар англи хэлээр одоо бараг бүх дэлхийд нэвтрэлцэж байх шиг.

Их эзэн Чингис хаан маань дэлхийн талыг эзэлж, дэлхийн гүрэн байгуулж явахдаа монгол хэлээ яагаад нэвтрүүлээд үлдээчихээгүй юм бол гэх асуулт аяндаа гарч ирдэг юм. Олон талаас нь тайлбарлаж болно. Монгол гаралтай үгсийн тархалт, гадаад хэлэн дэх монгол үгийн тухайд бол ондоо хэрэг. Тэглээ гээд монгол хэл маань латин, франц, англи хэл шиг тархсангүй. Дэлхийн эзэнт гүрэн байх гэдэг нь цэрэг-зэвсгийн, илд мэсний гэхээсээ илүүтэй, эдийн засгийн, иргэншлийн, түүнийг дагалдаад “lingua francas” бүхий гүрэн байхыг хэлдэг аж. Мэргэдийн онолоос ярьж байна. Тэр шалгуураар бол Чингисийн эзэнт гүрэн нь заримдаг, өв тэгш бус гүрэн байсан болж таарна.

Монгол хэл, монгол ёс заншил, ахуй маань эзэлсэн орнуудынхаа суурь соёл, хэл, шашин, ахуйд уусч тэндээ шингэсэн байдаг. Хэрэв Юань гүрэн дахин 100, 200 жил тогтносонсон бол өнөөгийн манай Монголд юу үлдэх байсныг хэн ч мэдэхгүй.

Үндсэн сэдэвтээ эргэж оръё. Эдүгээ англи хэл бол дэлхийн иргэншлүүдийн хоорондын харилцааны хэрэгсэл болж, христосын он тоолол нь дэлхийн цаг тооллын, араб тоо нь дэлхийн тоолох арга, метрийн систем нь дэлхий даяар хэмжээсийн үүрэг гүйцэтгэж байна. Энэ утгаараа англи хэл маань өрнийнхний геополитикийн нэгэн лут, хүчирхэг зэвсэг ч гэхээс өөр аргагүй.

“Lingua franca” бол хэл, соёлын ялгааг даван туулах арга болохоос бус уг ялгааг арилгах арга хэрэгсэл биш юм. Зөвхөн харилцааг хөнгөвчлөхөөс бус нэгдмэл дүр төрх, хамтын нийгэмлэгийг бий болгож чадахгүй. Монголын бизнесмен, Японы банкир, Индонезийн эрдэмтэн гурав хоорондоо англиар ярьж байгаа нь тэдний аль нэг, эсвэл гурвуулаа англичлагдсан, эсвэл өрнөжсөн гэсэн үг биш юм. Яг үүнтэй нэгэн адил франц, герман хэлээр ярьдаг швейцариуд англи хэлийг үндэсний хэл шигээ өргөн хэрэглэдэг. Энэтхэгт Неругийн саналаас зөрж англи хэлийг албан ёсны хэлээр авч үлдсэн нь хинди хэлээр ярьдаггүй энэтхэгчүүдэд төрөлх хэл, соёлоо хадгалж үлдэх, олон хэлт нийгмийн тогтолцоог хэвээр хадгалах шаардлагаар нөхцөлдсөн зүй ёсны алхам байсан хэрэг.

“Lingua franca” нь ерөнхийдөө нэг угсаатан, шашин, үзэл суртлын бүлэгт хамаарахгүй. Өнгөрсөн хугацаанд дээрхи шинжийг англи хэл харуулж чадлаа. Тэгэх тусмаа орчин үед “угсаа үндсээсээ бүр их холдож” байгаа нөхцөлд англи хэл нь эртний аккад, арамэй, грек, латин хэлний хөгжилтэй төстэй замаар явж байх шиг. Англи хэл ингэж өргөн хэрэглэх болсон нь сүүлийн 30 жилд дэлхийг Англо-Америкийн геополитик ба иргэншилд хэт хамаатуулсных, мөн бусад улс түмэн үндсэрхэг ба үзэл суртлын үүднээс өөрсдийн уугуул хэлээ дэвэргэж чадаагүйтэй холбоотой. Англи хэлийг ийнхүү соёлын харилцааны хэрэгсэл болгосон нь өөр өөр соёл, онцлог төрх бүхий байдлаа улс түмэн хадгалж үлдэхэд тус дөхөм болсон төдийгүй зарим талаар үндэсний ухамсарыг нь сэргээсэн геокультурын хэрэгсэл гэж ч үзэж болно. Гео-шашны нэг үндсэн хэл болох араб хэл мусульман ертөнцийг нягтруулж байвч англи хэлтэй өрсөлдөх хэмжээнд очтолоо өдий байна. Бараг ч үгүй биз.

Англи хэлтэнгүүдийн хувьд англи хэлний олон янзын аялгаар ярих нь улам бүр түгээмэл болжээ. Тухайн ард түмэн англи хэлийг орчиндоо уусган, өвөрмөц онцлогоо тусгаснаар уугуул англи, америкийн аялгаас тэс ондоо хятадын олон хэлнүүд шиг нутгийн олон англи хэл бий болжээ. Нигериа дахь пийжин- англи, энэтхэгийн англи болон бусад хувилбар бол тухайн нутгийн ард түмний соёлд шингэж, ирээдүйд эх англи аялгаасаа тэс өөр болохын цондон юм. Магадгүй латин хэлнээс роман хэл тасран гарсны адил төрөл арилжиж бие даасан хэл буй болж болзошгүй. Гэхдээ итали, франц, испани хэлнээс ялгаатай нь англи хэлнээс салбарлах эдгээр хэл бол тэгтлээ хавтгайрахгүй, эсвэл өөр өөр хэлний аймгуудын хоорондын харилцааны хэрэгслээр үлдэх магадлалтай.

Англи хэл өргөн хэрэглэх болсон нь дэлхийг Англо-Америкийн иргэншилд хэт хамаатуулсных
Энэ бүх өөрчлөлтийг Энэтхэгээр жишээлж болно. 1983 онд Энэтхэгийн нийт 733 сая хүн амын 18 сая нь англиар ярьж байсан бол 1991 онд 867 сая хүн амын 20 сая нь, одоо тэрбум гаран хүн амын үсрээд 50 сая нь л ярьж байна. Үүнээс харахад англи хэлээр ярьдаг хүн амын эзлэх хувь харьцангуй тогтвортой буюу ердөө 2-4 хувийг эзэлж байна. Цөөн тооны элит хүрээллээс гадуур англи хэл lingua franca-гийн үүрэг гүйцэтгэж чадахгүй байна. Англи хэлийг эх хэлний онцлогтоо тааруулж хэрэглэн, тэр хэмжээгээр бүс нутгийн, энэтхэгжсэн англи хэл төлөвшиж, эртний санскрит болон перс хэлний нэгэн адил өнөөдөр Энэтхэгийн соёлд шингээжээ. Ингэснээр өрнийнхний геокультурын нөлөөллийг Энэтхэгийн хойгт саармагжуулж, хариуд нь өөрийн геополитикийг сөргүүлж гаргаж ирэх нэг бололцоо бүрдсэн байна.

Түүхэн аль ч үед дэлхийн хэмжээнд хүчний харьцаа хэрхэн тогтож ирсэн нь хэлнүүдийн тархалтад тусгалаа олж ирсэн юм. Энэ бол геополитикийн хууль. Хамгийн өргөн тархсан хэл болох англи, франц, мандарин, испани, араб, орос нь эзэнт гүрний үндсэн хэл байсны үр дүн. Харин бусад улс түмэн яалт ч үгүй тэдгээр хэлээр нэвтрэлцэж, цаадуул нь ч хэлээ түгээхийг идэвхтэй дэмжсээр иржээ. Дэлхийд эрх мэдэл, геополитикийн нөлөө, хүчний харьцаа их гүрнүүдийн дунд харилцан шилжихийн хэрээр хэлнийх нь хэрэглээ аясаар нь шилжиж байв.

Миний энд бичсэнийг эх хэлээ хамгаалъя гэх уриатай, гадаад хэл заалгахгүй гэсэн лоозонтой монгол хэлний эрдэмтэн багш нар маань тогтож, тэвчээр зааж, намайгаа харааж зүхэхгүй шиг уншаарай даа!
(Төгсгөл дараагийн дугаарт)


САНАЛ БОЛГОХ