Сэргэн мандалт
Авто зах зээл
Жийп сонирхогч эрэлхэг эрчүүдэд зориулсан хувилбар гарч ирнэ
Өнгөрөгч хавар УАЗ-ын дэргэдэх Шинжлэх ухаан- техникийн төвийн захирал Евгений Галкины ширээн дээр УАЗ-ын логотой жолооны хүрд харагдсан юм. Тэр нь жирийн ч нэг хүрд бус гурван салаа, олон үйлдэлтэй, торгомсог савхин бүрээстэй байв. Намайг ингэтэл сонирхож буйг анзаарсан Галкин тэрхүү рулиэ бушуухан нууж орхилоо. Гэхдээ “бандан тас”. Энэ яг шинэ Патриотын руль болж таарсан.
УАЗ МӨН ҮҮ?
Шинэ Патриотыг гаднаас нь сүйдтэй өөрчилсөнгүй. Гагцхүү ондоо хэлбэртэй радиаторын тор, УАЗ-ын томруулсан лого нь Патриотыг илүү сүрлэг харагдуулна.
Хүлээгээрэй, энэ чинь одоо юу вэ? Нүдэндээ ч итгэхгүй нь! Зүүн талд байсан бензин бакны люк алга болчихож! Ашгүй дээ, УАЗ нэг бактай болсноор бензин насосны хэрэгцээгүй боллоо. Тэр ч бүү хэл цагийн аясаар зэвэрч, шатахууны шүүр бохирдуулж байсан төмөр бакыг хуванцар болгосон гээд бод доо. Шүүр бохирдох асуудлыг энэ маягаар үндсээр нь үгүй хийсэнд талархаад ханашгүй.
Ингээд жолоочийн суудалд тухлаад авлаа… Патриот минь ээ, би чамайг үнэндээ таньсангүй! Загварлаг, ухаалаг, орчин үеийн машин болсон байна шүү дээ, чи минь! Урд самбар дээрх никель оруулгыг харангуутаа л уг машин илүү дээд зэрэглэлийнх болсныг шууд ойлголоо.
Нөгөөх гурван салаа рулийг өмнөх шигээ нууцаар бус өөдөөс нь харж сууна. Air Bag гэсэн бичиг шууд л нүдэнд туслаа. Хамгийн гоё нь өнөөх руль чинь нааш цааш, дээш доош тохируулгатай. Өдгөө жолоочийн суудал дээр тарган туранхай, өндөр нам гэлтгүй ямар ч хүн тухалж явна. Энэ бүхэн дээр нэмээд халдаг рулийн ачаар хахир өвлийн хүйтэнд хамгийн хэрэгцээтэй үйлдэлтэй болсон анхны орос автомашин боллоо. Чи үнэхээр УАЗ мөн үү? Хуучны бүдүүлэг бөгөөд хүч шаарддаг, дуу шуу ихтэй жолооны хүрдэн дээрх янз бүрийн шилжүүлэгчийг орчин үеийн, олон үйлдэл бүхий эвтэйхэн хийцээр сольжээ.
Хуучин агааржуулагчийн оронд хүчин чадал ихтэй агааржуулалтын нэг бүст иж бүрэн систем суурилуулжээ. Хуучны агааржуулагч нь агаарын дулааныг ердөө 9 градусаар бууруулж чаддаг байсан бол өнөөгийнх нь гадаа +35 байхад салоныг 12 градусаар сэрүүн болгоно. Өвөл ч тэр нэмэлт халаагч ашиглах шаардлагагүй.
АЯНЫ ХЭРЭГСЛЭЭ БЭЛДЭЦГЭЭЕ
Дуу чимээ намсгаж, доргилт багасгах тал дээр шинэ Патриот өмнөх үеэ хол хаяжээ. Урьд нь жолоочид арын зорчигчдын, харин тэдэнд жолоочийн яриа сонсогддоггүй байсан бол өдгөө энэ дутагдлыг бүрмөсөн шийдэж, хойно сууж явсан Галкины сонирхолтой яриа ч сайн сонсогдож байлаа. Тэрбээр “Патриотод хийсэн жинтэй шинэчлэлийн нэгд тогтворжуулах систем зүй ёсоор тооцогдоно. ESP тохируулах ажлыг Германд зун, өвлийн замаар бүтэн жил туршсаны эцэст дуусгасан. Үр дүнд нь үнэхээр дажгүй системтэй болсон юм даа” хэмээв.
Ер нь Патриотын хувьд ESP нэг төрлийн гоёо биш гэж үү? Худалдан авагчдыг татах гэсэн маркетингийн нэг санаа... Төмөр сайтай энэхүү машинд орчин үеийн цахим системийн хэрэг юун? Гэтэл би буруу бодож байж. Үнэн хэрэгтээ энэхүү системийн давуу тал үй олон ажээ. ESP халтиргаа ихтэй зам дээр хөдөлгөөний тогтвортой байдлыг хангаад зогсохгүй өөд өгсөх үед Hill Hold Control үйлдлийнхээ тусламжтайгаар машиныг тогтоон барьдаг байна. Хөдөлгүүрийн тухайд өөрчилсөн зүйл алга. Гэхдээ хүч нь хэзээд хангалттай байсныг бид сайн мэднэ. Сонирхуулахад, тун ойрын ирээдүйд Патриотыг турбо хөдөлгүүртэй болгоно гэсэн шүү.
Цаашид шинэчлэлт үүгээр зогсохгүй аж. 2017 онд гэхэд л жийп сонирхогч эрэлхэг эрчүүдэд зориулсан хувилбар гарч ирнэ. Уг машинд хуваарилах хайрцаг удирдах хөшүүрэг, арзгар хээтэй дугуй, урд гуперт суурилуулсан лебёдк, илүү бат бөх шал гээд говь, хангай хосолсон газар зорчих үеэр хөдөлгөөн хөнгөвчлөх олон янзын шинэлэг зүйлсээрээ бусдаас онцгойрох аж. Үүгээр гэнэтийн бэлэг дуусахгүй гэдэг нь Галкины зальжин харцнаас шууд ойлгогдож байв. Тиймээс аяны хэрэгслээ бэлдээд хүлээх л үлдлээ дээ!
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй