Хэмнэлтээс “төрсөн” бизнесийн санаа

Амьдралын хэв маяг

Кофены шаар нь органик бүтээгдэхүүний шилдэг орц болдог

Сэтгэл сэргэм үнэр, амттай кофе бэлтгэсний дараа шаарыг нь хэрхэх талаар бодож байсан уу. Эрүүл мэндэд олон талын ашигтай кофег нэрсний дараа шим тэжээл нь ямар нэг хэмжээгээр үлдсэн байдаг аж. Хүн төрөлхтөн дэлхий даяар жилд кофены зургаан сая тонн шаар “үйлдвэрлэдэг”. Зөвхөн Австралид гэхэд жилд 75 мянган тонныг хаях шаардлагатай болдог бөгөөд энэ хэмжээ жилд 4.3 хувиар өсөж буй. Энэ хэрээр хоол хүнсний хаягдал нэмэгдэж, экологийг бохирдуулж байдаг. Хэрэглэсэн шаараа хэрхдэг талаар Улаанбаатар хотод олон салбартай “Caffe bene” кофе шопоос тодруулахад “Дахин ашигладаггүй, хаядаг” гэлээ. Харин дэлхий нийт энэ хаягдлыг дахин ашиглах хандлагатай болж байна.

Кофены шаарыг хамгийн анх ашигласан нь XIX зуунтай холбоотой. Шаарыг хаяхаас татгалзаж, шинэ үртэй хольж хэрэглэдэг байсан ч энэ нь кофены чанарыг доош татдаг байж. Тиймээс кофены хорхойтнууд, кофе шопууд өөр юунд ашиглаж болох талаар толгойгоо гашилгасны эцэст цөөнгүй санаа олжээ. Шаар нь ургамлын үрний үлдэгдэл учраас органик бүтээгдэхүүний шилдэг орц болдог байна.


УРГАМЛЫН ОРГАНИК БОРДОО

Кофены шаар нь кали, магни, фосфороор баялаг. Азотын хүчлийг хөрсөнд бага багаар шингээдэг учраас сайн бордоо болж чаддаг. Ялангуяа, хүчиллэг орчинд дуртай нэрс жимс, алтан тэрэлж, далий ягаан цэцэг зэргийг ургуулахад тохиромжтой юм байна. Кофены шаарыг бордоотой хольсноор ургамлын өсөлтийг 20 хувиар нэмдэг гэсэн судалгаа гарчээ. Тиймээс сүүлийн үед томоохон сүлжээ кофе шопууд шаарыг хаялгүй гаднах талбай, цэцэрлэгээ тордоход зориулж байна. Тухайлбал, дэлхийн 72 оронд 26 мянган салбартай “Starbucks” сүлжээ 2015 онд төсөл хэрэгжүүлж, кофены шаараа иргэдэд тарааж эхэлжээ. “Starbucks”-ийн нийгмийн хариуцлагын багийн ахлагч Жим Ханна “Энэ бол манай байгууллага, хэрэглэгчид гээд бүгд хожиж буй төсөл. Кофены шаарыг мөнгөөр зараагүй ч байгаль орчноо сайжруулахад зориулж, ургамал тарьдаг иргэдийн хөдөлмөрийг хөнгөвчилж байна” гэжээ. Кофены шаар хаа сайгүй байдаг учраас түүнийг бордооны зориулалтаар худалдаж авдаг газар тун ховор. Гэхдээ бусад орцтой хольж, органик бордоо болгон зардаг туршлага байдаг аж. Хэрэв ийм бордоог сайн сурталчилж чадвал ирээдүйтэй бизнес гэж энтерпренерүүд үзэж байна.


АХУЙН ШИЛДЭГ ТУСЛАГЧ

Кофены шаараар биеийн гуужуулагч хийдэг арга дэлгэрээд удаж буй. Түүний араас ийм орцтой саван, үсний маск хүртэл худалдаанд гарсан. Кофены шаараар гоо сайхны бүтээгдэхүүн хийх нь хэмнэлттэй, бас үр дүнтэй. Кофены үр нь арьсны гүн дэх бохирдлыг цэвэрлэж, тэжээл өгдөг учраас органик гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэгчид үүнийг илүү таашаадаг. Түүнчлэн гэр ахуйн ажилд ч кофены шаарыг ашиглаж болно. Кофены шаар бол модон эдлэлийг хамгийн сайн өнгө оруулдаг эд аж. Хандалж, эсвэл бага зэрэг кофетой холиод модон эдлэлээ зүлгэвэл өнгө ордог. Түүнчлэн аяга таваг, тогоо зэрэг гал тогооны бүхий л сав суулгыг үүгээр үрж, зүлгэж болно. Хөргөгч болон халуун ногоотой хоолны эвгүй үнэрийг үүгээр дардаг. Өрөөний булангаар шавж, хорхой гүйгээд байвал бага зэрэг кофены шаар цацвал хортон шавьж үнэрээс нь дайждаг аж. Мөн нохой, муур зэрэг гэрийн тэжээмэл амьтдын бөөсийг кофены шаараар үрж, арилгаж болно. Энэ мэтээр кофены шаарыг ахуйд хэрэгцээтэй бүтээгдэхүүн болгож, төсөр аргаар мөнгө олох боломж байна.

ЗӨВЛӨГӨӨ

Хор тайлах маскууд

Гэрийн нөхцөлд кофены шаараар гоо сайхны бүтээгдэхүүн хийх аргуудыг сонирхуулъя.
Нүүрний маск: Хоёр цайны халбага кофены шаарыг хоёр цайны халбага какаоны нунтаг, гурван цайны халбага цэвэр сүү, нэг цайны халбага зөгийн балтай холиод сайтар хутгана. Бэлэн болсон зуурмагаа нүүрэндээ нимгэн түрхээд 15 минутын дараа бүлээн усаар угаагаарай.

Үсний маск: Бүлээн, чихэргүй кофегоор үсээ шавшаад гялгар уутан малгай өмсөж, 20 минутын дараа угаана. Эсвэл кофены шаарыг халуун усаар хандалж, өтгөн болсны дараа үсээ угааж болно. Кофены найрлага дахь кофеин нь үсийг зөөлөн, торгомсог болгохоос гадна хуйханд тэжээл өгч, үс уналтаас сэргийлдэг байна.

Гуужуулагч: Нэг аяга кофены шаар, эсвэл нунтаг кофег тал аяга сахар, нэг аяга оливын тостой хольж, сайтар хутгана. Усанд орсны дараа бэлтгэсэн бүтээгдэхүүнээрээ бүх биеэ үрээрэй. Кофены найрлагатай гуужуулагч нь целлюлитийг арилгахад үр дүнтэй.

Органик саван

Нэг халбага хуурай сүү, глицеринтэй саван, бага зэрэг кофены шаар байхад арьсанд тэжээл өгөх саван бэлэн болно. Буцалж буй халуун устай сав дээр дахин нэг шилэн эсвэл төмөр сав давхарлаж тавиарай. Үүндээ сонгосон савангаа хийж, хайлуулна. Дээр нь нэг халбага хуурай сүү, дөрөвний нэг аяга кофены шаар нэмнэ. Сайхан үнэртэй болгоё гэвэл нэг цайны халбага ваниль нэмж болох юм. Эдгээрийг сайтар хутгаад хэлбэр оруулах саванд хийж, сэрүүн газарт хэдэн цаг байлгаарай. Саван биежиж, хатуу болсны дараа савнаас нь гаргахад хэрэглэхэд бэлэн болно.


Кофены амттай стейк
АНУ-ын Нью-Йорк хотоос гаралтай кофены үнэр, амттай үхрийн махан стейкийг хийхэд тун амархан. Үхрийн гол махандаа нэг цайны халбага оливын тос түрхээд амтлагчуудыг тус бүр тал халбага хэмжээтэйг цацаж, амтална. Үүнд, кофены үр, элсэн чихэр, давс, хар болон улаан перц, нунтаг сармис орно. Мөн бага зэрэг улаан чинжүү нэмээрэй. Амталсан махаа хоёр цаг байлгасны дараа гриллдэж шарна. Грилл дээр нэг талыг нь хоёр минут байлгаж, ээлжлэн шарна. Кофены үнэр, амт шингэсэн стэйкийг 10 минут хөргөвөл хэрчихэд тохиромжтой болдог юм байна.

САНАЛ БОЛГОХ