Иранчууд Ерөнхийлөгчөө сонгоно

Мэдээ

Иран улсын иргэд өнөөдөр дараагийн Ерөнхийлөгчөө сонгох сонголтоо хийнэ. Сонгуулийн өмнө явуулсан урьдчилсан санал асуулгаас харахад одоогийн Ерөнхийлөгч Хассан Рухани улиран сонгогдох магадлал өндөртэй байгаа юм. Хэдий тийм боловч нэгдүгээр шатны санал хураалтад ялалт байгуулахад тэрбээр 50 хувийн санал авах шаардлагатай ажээ. Хассан Руханигийн хувьд дахин сонгогдвол олон улстай харилцаагаа хөгжүүлж, улсын тогтвортой, аюулгүй байдал болон хөгжлийн үйл явцыг нэмэгдүүлэх болно гэж мэдэгдээд байна. Түүнтэй өрсөлдөх гол өрсөлдөгчөөр шашны хатуу чиг шугамыг баримтлагч Ибрахим Райси нэрлэгдэж байгаа юм. Ибрахим Райси "Мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлж, дотоодын үйлдвэрлэлд анхаарал хандуулна" гэдгээ илэрхийлжээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялалт байгуулснаас үл хамааран Иран улс Дональд Трампын засаг захиргаатай санал зөрөлдөөнтэй байдалтай нүүр тулгарах ажээ. Учир нь АНУ-ын Төрийн тэргүүн 2015 оны Ираны цөмийн хэлэлцээрийг "аймшигтай" гэж тодорхойлсон төдийгүй тус улсын пуужингийн хөтөлбөртэй холбоотойгоор Иран улсад эдийн засгийн хориг арга хэмжээ аваад байгаа юм.




САНАЛ БОЛГОХ