БНАСАУ дахин нэг дундын зайн тусгалт баллистик пуужин туршлаа

Мэдээ

БНАСАУ ням гарагт дахин нэг дундын зайн тусгалт баллистик пуужин туршсан байна. Энэ нь тус улсын хувьд он гарснаас хойших найм дахь, БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Мун Жэ Ин ялалт байгуулснаас хойших хоёр дахь удаагийн туршилт боллоо. БНАСАУ дундын зайн тусгалт баллистик пуужин амжилттай туршсан талаараа үндэсний телевизээрээ дамжуулан мэдээлсэн байна. Энэхүү баллистик пуужинг орон нутгийн цагаар 16.59 цагийн орчимд Пхеньяны зүүн хойд хэсгийн Пукчан бүс нутгаас хөөргөсөн төдийгүй "газар-газар" ангиллын "Пукгуксон-2" баллистик пуужин 500 км зам туулсан гэж БНСУ-ын албаныхан мэдэгджээ.

БНАСАУ ийнхүү баллистик пуужингийн туршилт хийсний дараа БНСУ-ын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шуурхай хуралдааныг зарлан хуралдуулсан байна. Энэ удаагийн пуужингийн туршилт нь сүүлд хийсэн гурван туршилтаас богино зайд унасан гэж АНУ-ын засаг захиргаа мөн мэдэгджээ. Харин пуужингийн туршилт Хойд Америкт ямар нэгэн эрсдэл учруулаагүй гэж Хонолулу дахь АНУ-ын Номхон далайн командлалаас онцолсон байна. Харин Японы Засгийн газар БНАСАУ-ын туршсан баллистик пуужин улсын газар нутаг, ялангуяа эдийн засгийн онцгой бүсийн гадна буюу Япон тэнгист унасан гэж мэдэгджээ.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ БНАСАУ-ын энэ удаагийн пуужингийн туршилтыг Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө "сорилт" болж байна гэж тодорхойлоод хүчтэй шүүмжилсэн байна. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ "Хойд Солонгос шинэ загварын баллистик пуужингийн туршилт хийснээсээ долоо хоногийн дараа олон улсын хамтын нийгэмлэгийн хүчтэй сануулгыг үл харгалзан дахин нэг дундын зайн тусгалт баллистик пуужингийн туршилт хийлээ. Тийм учраас энэ долоо хоногийн сүүлээр болох "Их 7"-ийн бүлгийн орнуудын уулзалтаар миний бие БНАСАУ-ын асуудлыг хэлэлцэх гол асуудалд оруулахыг хүсэж байна. Энэ нь БНАСАУ-д ямар нэг дохио өгөх болно гэдэгт найдаж байна. Энэ асуудлыг шийдэхэд зөвхөн БНСУ болон АНУ-тай хамтрах бус БНХАУ, ОХУ зэрэг улстай илүү ойр хамтран ажиллах нь чухал. Олон улсын хамтын нийгэмлэг энэ асуудлыг тууштай хэлэлцэж, шийдвэрлэх болно" гэж мэдэгджээ.

Ийнхүү БНАСАУ том хэмжээтэй цөмийн цэнэгт хошуу бүхий шинэ загварын дундын зайн тусгалт баллистик пуужин туршсанаас долоо хоногийн дараа дахин нэг пуужингийн туршилт хийлээ. Энэ нь БНСУ-ын шинэ Ерөнхийлөгч Мун Жэ Ин болон түүний Засгийн газарт томоохон "сорилт" болж байгаа юм.




САНАЛ БОЛГОХ